ҮҮРДИЙН ХАЙР ЗУУРДЫН АМЬДРАЛД
Манай гэрийн үүдэнд нэгэн өвөө дүн өвлийн хүйтэнд ч зуны аагим халуунд ч гадаа сандал дээр нарлаад сууж байдаг байлаа. Өвөө нэг л янзын хувцастайгаа, өвөл ч зун ч хар саарал сөдөн куртик, бэлтгэлийн хар өмд, монгол гуталтайгаа…
Их сонин санагдсан тул анх өвөөтэй “Сайн байна уу? та, Та т…… уу?” гэж танилцаж байсан юм. “Сайн хүү минь…” гээд чих нь хатуу ч хэд гурван үг солих сонирхолтой байгаа нь илт.
“Та дандаа л энд нарлаж суух юм аа? Танайх энд байдаг юм уу? Манайх бас энэ байранд байдаг юм.”
“Манай хүүгийнх энд байранд байдаг юм аа. Байшинд хана хүрээлээд нөмөрч авчих гээд байдаг юм. Өвөө нь Завханы хүүн. Миний хүү Завханых уу? Аль нутгийнх билээ?
Би өвөөгийн Завхан нутгийх бишдээ баахан гэлбэсхийгээд “Үгүй ээ, өвөө, би Сэлэнгийнх.” гэтэл өвөө “Аав, ээж нь аль нутаг вэ?” гэнэ. “Аав Дундговийнх, ээж Сэлэнгийнх.” өвөө жаахан сэтгэл дундуур…
“Та Завхандаа сүүлд хэзээ очсон бэ? Нутгаа санаж байна уу? Та нас сүүдэр хэд зооглож байна?” Өвөө бүр үүнийг л хэлэхийг хүссэн шиг нүд нь сэргээд л, дуулдаггүй чих нь дуулаад л… “Манай Завхан чинь их сайхөөн. Удахгүй өвөө нь нутагтаа очих гэж байгаа. Гүй ээ мөн сайхан нутаг шүү дээ.Өвөө нь 90 хүрч байна аа” гэснээ “Чи чинь хэний хүүхэд билээ?” гэнэ. Би ч инээгээд “Өө та сайхан насалж байгаа юм байна. Сайхнаараа байна өө.Би Завханы хүүхэд болохоор таныг таниад харин.” гэтэл өвөө “Танайх энэ байшинд байдаг юм уу?” “Тийм ээ, өвөө. За өвөө минь, гэртээ орж хоол ундаа идээрэй. Танайх хэдэн давхарт байдаг юм бэ?”
“Манайх 9 давхарт өө.” “ӨӨ, өвөө минь тэр дээшээ лифтгүй бол орж гарахад хэцүү юм байна даа, заза баяртай өвөө, охин нь ажилдаа явалгүй болохгүй нь”
Өвөөтэй ийн ярилцсанаас хойш мэнд устай, бүр эчнээ танил болох нь тэр. Дүү бид хоёр өвөл ч зун ч, гэгээтэйд ч, бүрэнхийд ч хөшөө баримал мэт алсыг ширтэн суух өвөөг гэрт нь оруулж, өвөл хөлдчих вий гэж нүд чих тавьж, зам гарч явбал хамжиж гэр рүү нь оруулж өгнө. Хүүхдүүд нь өвөөд анхаарах ч өвөөгийн нас яваад зөнөчихсөн болохоор тэдний үгэнд орохгүй, гэрээсээ зугатаж гадаа гарна, хоол ундаа идсэн ууснаа ч санахгүй мунгинадаг болсон гэнэ. Нэг удаа дүн өвлийн хүйтнээр нимгэн өмдтэй нөгөө л сандалдаа сууж байхаар нь яг өвөө минь хөлдөж үхэх нь гэж айгаад дүү бид 2 гэрт нь оруулах гэсэн ч өвөө өөр зүг рүү явах гээд хүчээр гэрт нь оруулж өгч байлаа. Жил гаран өвөө бид хэд таараад л, мэндлээд л хөөрхөн сайхан амьдарч байсан. Яг дүү бид 2-г тэр байрнаас нүүдэг жил өвөө өвөл ч зун ч харагдсангүй. Бид 2 дор бүрнээ “Яасан юм бол оо?” гэж айгаад л… Би “Өвөө удахгүй нутаг явна гэж байсан. Нутаг руугаа явчихсан байх аа…” гэж өөрсдийгөө тайтгаруулаад л нүүсэн дээ. Одоо ч тэр хуучны 9 давхар байшингийн хажуугаар өнгөрөхөөр чих хатуутай, нутгаа санаж бэтгэрсэн, нам дуутай хөөрхөн өвөө нүдэнд харагддаг юм.
Хүн үхтэл үр хүүхдээ гэдэг шиг, насны халуун цусны шингэнд эцэг эх, ижий аавын ачлалыг умартан гүйгээд өөрөө үр хүүхэдтэй болоод ирэхээрээ тэднийхээ хайр энэрэлийн өмнө бууж өгч, хайрлая, өргөе, тэтгэе гэж сэтгэдэг ч ихэнхдээ хожимдсон байдаг. Амьдралд хүн юу эсийг үзэх вэ дээ. Заримдаа амьдрал гэдэг яг л яаж ч хичээсэн хүч тамир барагдтал сорих хүнд даваатай дуусахгүй тоглоом мэт хатуурхах нь ч бий. Тэр үед ээжийн тухай бодол, ээжийн тэвэр, ээжийн хайр, аавын сургаал, аавын гэр шиг өмөг түшиг байдаггүй. Сайн ханьтай бол энэ их санах сэрэх сэдлийг хуваалцах байх л даа. Гэхдээ л ямар ч алтан бөгстэй, мөнгөн цээжтэй хань ижил байгаад ижий аавыг яаж гүйцэх билээ? Харин нутаг ус энэ их гансарсан санасан сэтгэлийг зөөллөдөг шиг… Учир нь бага залуу, нялх балчир ижий аавтай бүх сайхан дурсамжийг төрсөн нутгийн уул, унасан газрын элсний ширхэг бүртээ хадгалан аль бага балчирын үеийнх шиг нь мөнх цэнхэрлэн оршдог. Би ч гэсэн ижий аавын хол байхад тэдэнтэй дурсамжуудаараа хооллож бүх л сайхан бага балчирын эрхэлсэн, хайрлуулсан, энэрүүлсэн гэгээн дурсамжууд ижий аав, нутаг ус, аль 50 60-аад оны цэнхэр 5 давхар байшин, одоо ч яг миний багын янзаараа 4-р цэцэрлэгийн хашаа, эмээтэй гарч чулуу өрж айл гэртэж тоглодог байсан Октябрь уул, Орхон гол, Сэлэнгэ мөрөн, Гүн нуур, төмсний улаан, өтгөн мөчир салаандаа дийлж байгаа юм уу гэлтэй том том хар ногоон навчтай моднууд байхсан… Ижий аавын эзгүйд эзэнтэй байдаг дурсамж агуулсан хөх мөнхийн уулс минь… Гэж санаа алдан нутаг санагалзах өвөөгийн сэтгэлийг би гадарлаж байна. Нас дээр гарсан хүн бүрийн шүүрс алддаг нутаг усны мөрөөсөл болсон их санааширлыг ойлгож байна. Хүн бүр л орчлонд байхгүй сайхан ээжийн, хорвоод олдохгүй сайхан аавын хүүхэд. Өвөө ч мөн л ижий аавдаа нялх үр нь. Нутаг усандаа очиж бууриндаа хөрвөөхдөө ижий аавынхаа элгэнд тэврүүлсний дайтай аз жаргал мэдрэх гэсэн чинхүү санааширлыг нь бодон бодоход 90 гарч байгаа үрчгэр, чих хатуутай энэ өвөө хүртэл дэндүү нялх ч шиг… Хүн хөгшрөхөөрөө хүүхэд шиг болдогтоо ч биш. Зүгээр л хүн бүр л хүний сайхан үр гэж бодохоос, үхтлээ ижий аав, элгэн нутгаа санаж бэтгэрч амьдардагт нь хайлан урсаж байна.