Ээ дээ энэ хүүхнүүд үү,
Үгийг нь ч гүйцэд мэдэхгүй дуу тавиад хамаг чангаараа тэнхээ мэдэн орилж, шал утгагүй хөдөлгөөн хийнгээ тас тас хөхрөлдөн хөгжилдөхөд…
Дэлхийн дулаарлаар эхэлсэн яриа нь цагаан баавгай, баавгай, амьтны үсээр хийсэн хувцас, Ким Кардашян, түүний ээж Крис, дүү нар, сагсчин, сагсны холбоо, хип хоп, поп хөгжмийн урсгал, арьсны асуудал, сүүлийн үеийн трэнд арьс арчилгаа, үсний шампунь, цагаан үс, гемоглобин, эрүүл хоололт, секс, ЛГБТ, БЗХӨ, тэжээвэр амьтан, кино, трэнд кино, хөгжмийн зохиолч, аяллын маршрут болж дуусдаг галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг инээдтэй ярианууд…
Нэгхэн аяга чаначихаад хувааж уусан кофе…
Хэний ч ойлгохгүй зүйлд хамтдаа инээсэн мөчүүд…
Уйтгарлаад хэвтэж байхад чирч гаргаж хооллочихоод салах мөчүүд…
Ууж шартаад, тайлах гэж зовонгоо өөрсдийгөө шоолж үхтлээ инээлддэг дурсамжууд…
Зүв зүгээр дор бүрнээ утас ухаж хэвтсэнээ утгагүй мим олж бие биенээ инээлгэх мөчүүд…
Гэнэт онгод ороод нүүр ам, үс гэзэгээ янзалчихаад гарч үүдний кафед кофе уучихаад орохдоо өөрсдийгөө өрөвдөж шоолсон өдрүүд…
Хамтдаа хоол хийх гэж фэйлдээд хачин амтгүй эсвэл утгагүй өнгө зүстэй хоолоо үнэтэй виногоор даруулж идсэн өдрүүд…
Гээд найз охидтой хийж болдог, тайтгарч болдог тэнэг хачин жигтэй зүйлс дуусашгүй.
Ямар ч нууцгүй хусчихдаг болохоор нь заримдаа ар гэрийнхэн нь, нөхөр нь, найз залуучууд нь айна. Бараг тэдний өвдсөн, үс нь халзарсан, өгзгөн дээр нь батга гарсан нь ч нууцгүй… Тэнд сайн эмч, эмнэлэг байдаг гэх зөвлөгөө авч магад гээд бүгдийг дэлгэж гарна… Тэгээд хэзээ ч гэмшихгүй, харин ч асуудлаа яриад хөнгөрчихлөө гэж хөнгөхөн онгироод л болоо.
Ийм л энгийн улс шүү дээ. Ойлгож ядаад байх юм юу ч байхгүй. Юуг ч хүндээр тусгаж хүлээж авахгүй. Бүр аймаар хэцүү бодож гаргах шийдвэрийг ч сэтгэл хөдлөлөөрөө “Болоо, дуусаа, гүйцээ” гэснээ маргааш нь залгасангүй гэж гомдоод өдөржин уйлж хэвтдэг тийм гэнэн, хүүхэд шиг л улс. Гоё үнэр, цэвэрхэн гэр, угаасан даавуу, нүүрний будагны сайн шингэц, бэлгэнд ирсэн цэцэг, хөөрхөн гөлөгний зураг, хүүхдийн нялх үнэр гээд тэдний баярлах зүйлс бүр мааш энгийн бас алхам бүрт нь бий. Баярлахтайгаа адил гуниглах нь ч амархан. Ширүүн харах, дуу өндөрсөх, чимээ шуугиан, чихэлдээн, юумаа олохгүй дахин дахин асуух, хийсэн хоолыг нь гоочлох, өвдсөн байхад нь үл тоох, уйлсан байхад нь шалтгааныг нь асуухгүй байх, юу ч мэдэхгүй байх, мэдрэхгүй байх, бас юм бүхнийг мэдэж байх ч тэднийг тавгүйтүүлнэ. ккк Гэхдээ л царайны хувирлаас нь мэдэж болохгүй, тааж дийлэхгүй зүйл гэж үгүй.
Эрэгтэй хүмүүс яаж ийм зүйлгүй амьдардаг болоо? гэж гайхдаг шүү. Ярихгүй, шаналахгүй, гаргахгүй, тэсрэхгүй.
Харин бид чинь хамтаараа тэсрээд, хамтаараа дэлбэрээд, хөгжилдөөд,уйлаад, яриад, мартаад л шийдчихнэ. Бүр өөрсдийнхөө байтугай дэлхийн оддын салах нийлэхийг ч ярьж байгаад л шийдчихнэ. So what? Хэнд ч гэм хоргүй… ккк
Cheers,