ХҮСЛЭЭ ХҮСЭЖ МЭДЭХ ҮҮ?
Merry Christmas everyone,
Та нар хүслээ хүсэж мэдэх үү? гэснээ юу хүсэхийг заагаад байвал яах уу? Мао минь гэж.
Би та нараас ирсэн хөөрхөн ишлэлүүдэд зориулаад жижгхээн бичлэг хийж өгч бие биеийг чинь хооронд нь танилцуулмаар санагдаад аа… Шинэ жилийн бэлэг болгоод… Хэхэ
Бид нарт хэдэн зуу, мянган хүслүүд бий. Сансарт ч нисчихмээр л байна шүү дээ гээд л эхэлнэ. Гэхдээ тэр бүгдээс хэд нь биелдэг билээ дээ?
Би нэг кино үзэж байсан юм. Нэрийг нь санадаггүй ээ. Нэгэн эмэгтэй нөхрөөсөө салаад хамаг эд хөрөнгөө хувааж аваад Италид очиж халуун дулаан гэр бүл үүсгэж, шинэ хайраа олохоор аялалд гардаг. Тэр Италидаа очоод маш эртний хуучин том шилтгээн худалдаж аваад ганцаараа амьдарч эхэлнэ. Эхэндээ бүх зүйл хүсэж байсан шиг нь өрнөхгүй. Нэг өглөө сэрэхэд шинэ хайр нь хажууд нь хэвтээд, мөрийг нь дэрлэж сэрэх жаргал тохиолдохгүй. Түүнд байгаа зүйл нь өөрт нь хэт томдсон хэт хуучирсан харш л байна. Тэгээд энэ уйтгараасаа залхсан бүсгүй байшингаа засуулахаар хэдэн польш ажилчид хөлсөлж хамт амьдарч эхэлдэг. Энэ бүхний хажуугаар түүн дээр төрөх дөхсөн, бас л салсан найз нь зочилж ирж, үе үе сонирхолтой хайгаад байгаа хайр нь мөн ч юм шиг, биш ч юм шиг залуучууд гарч ирээд л… Киноны төгсгөлд бүсгүй хамгийн эхэнд хүсч байсан зүйлээ эргэцүүлэн боддог юм. Би яг юу хүсч байлаа? Халуун дулаан гэр бүлтэй, хайртай хүмүүстэй болж ширээ тойрон хамтдаа хооллож, энэ том харшийг дуу шуугиан, хайртай хүмүүсээрээ дүүргэж инээд цалгиулан амьдрахыг хүссэн. Бүгд биелжээ. Мөрийг нь дэрлэдэг шинэхэн хайртаас нь бусад нь хичээгээгүй байхад аяндаа л биелчихсэн байгааг ойлгодог юм. Надад ч ийм зүйл тохиолдсон л доо. Олон жилийн өмнө сэтгэл санааны гүн хямрал хагацал амссаны дараа би нэгэн хүслийн самбар хийж байжээ. Sex in the city шиг найзуудтай болж, дахин ингэж их ганцаардмааргүй байна, баллетын сургуультай болмоор байна, цалин нь цагтаа бууж, амьдралд хангалттай хүрдэг ажилтай болмоор байна гэж ирээд л… Одоо энэ өндөрлөгөөс харахад бас л бүгд билчихэж. Огт хичээж, өдөр бүр хүслээ шивнэж, сануулж хүчлээгүй ч биелчихсэн л байна. Гэхдээ хамгийн сонирхолтой нь дуртай киноны постеруудаа хэвлэж жаазалчихаад гэртээ ч өлгөхгүй бүтэн жилжин хадгалсан нь ч, баллетаа таслахгүй тууштай явж байсан нь ч, танилцсан, дотноссон хүмүүс ч бүгд л миний хүслийг биелүүлэхийн төлөө байсан мэт санагдах… Бүгд л яг зориулсан юм шиг таарах…
Би дахиад асууя. Та нар хүслээ хүсэж мэдэх үү?
“Хэрэв чи үнэхээр их хүсэх юм бол түүнийг чинь биелэхэд бүх дэлхий чамд туслах болно” Алхимич. — from: @duugiina
Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа бүгдэд нь хайртай шүү.
MERRY CHRISTMAS