ХЭЛЭЭ ХАЗ
Манай гэр бүл ээж аавын минь агуу их ухаанаар төлөв түвшин айл. Тийм болохоор бусад хүмүүсийн зовлонг харахгүй буруу ярьж байж ч магад.
Залуусыг ажаад байх нь ээ, саяхан ажилд орсноос аваад олон жил ажилласан нь хүртэл хүний үг сонсож сураагүй нэг дутагдал байна. Хүний үгийг гүйцэд сонсчихоод хариулж сураагүй, хүний үгэнд ач холбогдол өгч сураагүй нэг л их ертөнцтэй хүмүүс. Байж болно л д оо. Өөрийнхөө агуу ертөнцдөө дуугаа дуулаад, луувангаа идээд… Гэхдээ бид нар чинь хамт амьдарч байгаа шүү дээ. Мэдрэмжүүдээ зөв илэрхийлж ч сурах хэрэгтэй юм шиг.
Хүний үгийг сонсоод таалагдахгүй байсан ч хэлээ хазаад “буянаараа болог” гээд өнгөрөх ч хэрэгтэй үе байна. Аав маань “Ухаан зарж, удаан боддог хүмүүс дуугүй байдаг юм шүү” гэж захидаг. Тэрнээс яаж байсан ч болдог ноомой доо ч биш. Үүнийг Х үеийнхэн гээд байгаа манай аав,ээжүүд бүгд мэднэ. Харин Х үеийнхэн нэг зүйлийг мэддэггүй. Үгийг нь сөрж санаагаа тайлбарлавал огт ойлгодоггүй. Зүгээр л ойлгохыг ч хүсдэггүй. Тэдний үе нь тийм. Тийм бодохоор зүгээр л хааяа сонсчихоод хэлээ хазаад өнгөрч байх хэрэгтэй.
Бас аав, ээжийгээ хүндэлж өөдөөс нь үг сөрөхгүй өснө гэж их том хүмүүжил байна. Хичнээн эцэг эх чинь эргүү тэнэг юм шиг юм ярьж байсан ч чи хүүхэд нь учраас чимээгүй л сонсох үүрэгтэй. Зүгээр л тэг. Та нар бод. Хүний ээж аав хүүхдээ тэнэг болоосой, замаа алдсан эргүү амьтан болоосой гэж хүсдэг билүү? Тэд цаг үргэлж миний хүүхэд сайн сайхан яваасай л гэж хүсдэг байж чамд илүү, хэрэггүй, буруу юм зааж яах юм бэ? Ийм бодол сэтгэлтэй хүмүүсийн үгийг чимээгүй сонсож сураагүй бол чи хэзээ ч, хэний ч үгийг сонсож хүлээж авч сурахгүй. Амлая.
Эцэг эхээ л хайрлаагүй бол өөр хэнийг ч хайрлахгүй, эцэг эхээ л хүндлээгүй бол өөр хэнийг ч хүндлэхгүй. Энэ бол үнэн.