Хамгийн амархан хайрын хэл
Хүмүүсийн хайрын хэл их өөр. Хос болсон хүн бүрд өөр байхаас гадна, ээж аавын, эмээ өвөөгийн, найз нөхдийн гэх мэт харилцаа бүрийн хайрын хэл өөр өөр.
Сонин, ядаргаатай эд шүү тэ? Харилцаа.
Өөрийнхөө хар толгойг мэдээд явах бол яахав дээ. Хялбар зүйл. Гэтэл хүмүүстэй харилцаад ирэхээр л бүх зүйл болно, болохгүй, чадна чадахгүй, тэвчинэ, тэвчихгүй бла бла. Тэнд их ч юм сурна, их ч нуруу хугарна даа тэ? Бүгд ингэж зовж шаналаад, эндээс тэнд хүрснээ санах хэрнээ бие биесээ ийм төвөгтэй байдалд оруулахаасаа залхаж ханахгүй. “Би ингэмээр байна” гэдэгтээ бууж өгөхгүйгээр хайрлах шаардлагатай мөртлөө “Би ингэмээр байна аа” алдахгүйгээр урагшлах хэрэгцээтэй. Бантан…
Миний үргэлж бичдэгчлэн, миний хамгийн сайн мэдэх, хамгийн тухтай хайрлагдсан мэдрэмж дүүрэн ээж аавын хайрын харилцааг л энэ удаа бичье. Ачийг нь яаж хариулах вэ? гэж бодож явдаг айлын сайн үр бүрд зориулаад,
Миний хүүгийн дуртай “YUMI’S CELL” кинонд нэг их хайр хүргэм хэсэг байдаг юм. Юми ээж аавынхаа гэрт зочилдог. Ээж аавын гэрт очоод юу хийдэг билээ бид нар? Унтана, иднэ, эрхэлнэ. Юми маань ч үд хүртэл унтаж, үхтлээ иднэ. Ээжийн гарын хоол, аавын авчирсан амттан, ээжийн арилгасан жимс, аавын тарьсан ногоо бүгдийг иднэ. Энгийн цагт өдрийн 2,3 хан хоолонд ачааллаа дийлэхгүй хямарчихдаг гэдэс нь хямрах байтугай сэхэл авахаа байталаа учир тохойгүй чихүүлж гарна. Архийг хоолтой, жимсийг талхтай, гахайг загастай, сүүг шөлтэй холиод ар араас нь чихсэн юм чинь Юмигийн гэдэс хямрах байх даа? Тэгтэл гэдэсний баланс баригч эс нь нэг их хөөрхөн: “Бид ийм зүйл болохыг мэдээд хангалттай зай үлдээсэн” гээд идүүлээд л байдаг. Ээж аавынхаа гэрт очиж байгаа хүүхэд бүрт ийм хөөрхөн сэтгэлтэй зай гаргаж өгдөг эс байдаг байх даа? Би ч бас ээж аавынхаа гэрт очих бүртээ нүдээ нээвэл идэж, бусад цагт нь /нүд хаалттай цагт/ унтдаг байлаа… Жаргал шүү дээ, та минь.
Гэдсээ өвтгөөд ч хамаагүй идсэний зоргоор баярлаж улам илүүг өгөх гэх эцэг эхийн баяр жаргалыг дурдах ч юм биш. Хүүхэд нь хийсэн хоолыг нь амтархан идэхийг харах дургүй ээж, аав гэж энэ хорвоод үгүй байлгүй. Идэх дуртай бүхнийг нь бэлдчихээд идэж байгааг нь харж бахдаад, унтаж байхад нь хажууд нь зогсоод ядарсныг нь гайхаж амраахыг хүсдэггүй ээж аав гэж хаана байх билээ?
Ээж аав гэдэг ийм л энгийн. Тэднийг хайрлах энэ хорвоогийн хамгийн амархан ажил ч байж магад. ЗҮГЭЭР Л ӨГСӨН БОЛГОНЫГ НЬ БАЯР ЖАРГАЛТАЙГААР АВ. Тэгээд л болоо. Өгсөн болгоныг нь аваад, идээд, дуусгаад өгөхөд чинь тэд үүргээ хангалттай биелүүлсэн санагдаад амардаг жамтай. Юу ч хамаагүй өгдөг дөө, цагаан сарын бэлгэнд дарсан оймс, хайрсан гэрийн боорцог, намар дарсан шилтэй ногоо, аавд нь аваад багадсан футболка, үнэтэй болохоор нь хэрэглэлгүй цааш хадгалсан ор хөнжлийн даавуу… Бүр бүхнийг өгөхийг хүсэхэд нь аваад л өгөхөд болоо. Кккк
Саяхан аав маань утсаар яриад юу хэрэгтэйг асуухаар нь мах дууссан гэсэн чинь. Чи голохгүй бол Дундговиос ирсэн хонины мах байна гэхээр нь “Авья аа аав” гэсэн чинь яаж баярласан гээч. Бүр өгөх байхаа олж ядаж байхад нь мэдсэн юм шиг охинд нь мах хэрэг болж шүү дээ. Аавтай утсаар ярьсан өдрийн орой аав гэрийн хөргөгчинд хонины гуя хийчихээд явсан байлаа. Аавын баяр жаргалтай ярьж байгаа гэж. “Аав нь гуя хийсэн, миний охин хонины халуун мах идэж бай, өөр хэрэгтэй юм болвол хэлээд л байгаарай аав нь өгнө л гэнэ”
Хорвоогийн хамгийн амархан хайрын хэл.
Ээж аавыгаа хайрлах хэл. Зүгээр л өгсөн бүрийг нь авч өгөөрэй. Ккк
Cheers,