ХАВ ХАРХАН ҮС НЬ ЦАЙХ БОЛЖ
“Хав хархан үс нь цайх болж” гэдэг чинь нас нь хэвийсэн хүний асуудал байхаа больжээ. Орчин үед яг юу наас болж байгааг би мэдэхгүй байгаа ч миний үеийн залуус дунд цайсан үстэй залуучуудаас илүү хар үстэйгээ үлдсэнийг нь тоолох нь амар болж. Амьдрал нь их стресстэйгээс ч юм уу, цаг агаарын өөрчлөлт, орчны бохирдол, амьдралынх нь буруу хэвшлээс болж байгаа ч юм уу? Бүү мэд. Юутай ч бүгд л нэг нь нэг, хоёр нь хоёр, түүнээс ч их цагаан үстэй л явж байна, бодит байдал.
Хар залуугаараа цагаан үс гялалзуулаад явах уу? Түүх үү? Будуулах уу?
Би 8–9 жилийн өмнө үсээ их будуулдаг байлаа. Одоо бол өмнөх бичлэгт хэлснээр бличдэж шатаасан үсээ жоохон ургуулах санаатай будах ч үгүй л байгаа. Гэхдээ будна гэдэг үнэхээр үсийг гэмтээдэг үү? Би яг химийн процесс үйл явцыг нь мэдэхгүй байгаа ч өөрийнхөө туршлагыг хуваалцья.
Би мааш олон жил үсэндээ будаг ч хүргээгүй, төрснөөсөө хойш ургуулсан урт үсээ тайруулж Викториа Секретийн хүүхнүүдийн үс шиг үстэй болох тайралт хийлгэж, будуулснаас будагны ажил маань эхэлсэн түүхтэй. Энэ үед миний үс маш их унаж,дух хэсгээрээ халзарсан, ямар ч сайн хагны эсрэг шампуриар угаагаад хаг нь арилахгүй болчихсон, хагтай, маш хуурайшсан үстэй үсчинд ороод тайруулж, сор тавиулж будуулаад гарсан юм. Бараг л моделио модель, сэтгэл ханамж 100 хувь өөртөө итгэлтэй. Хохо Хамгийн сонирхолтой нь юунд ч дарагдахгүй байсан хаг маань үсээ будуулснаас хойш арилчихсан. Бас мааш их хуурайшаад цахилгаанжаад байдаг нь ч намжчихав. Ингээд л үсний будгийн дон тусав аа. Үсээ шампуньдаж, ангижруулж угаахаас өөр юу ч түрдэггүй байсан тул энэ хэвээрээ сайхан хэсэг явж байгаад будаг нь арилаад ирэхээр дахиад л хагтана. Гүйж очоод будуулчихаар л гайгүй болчихно. Тэгээд үсчин ахаасаа асуусан чинь. Салоны будгууд одоо их хөгжөөд байгаа. Үсийг гэмтээхгүй, тэжээл өгдөг нэмэлтүүд хольдог болсон ба чиний хүсдэг өнгийг гаргах гэж ах нь 3 янзын өнгө хольдог тэгэхээр нэг их айх зүйлгүй дажгүй ээ гэсэн байдаг юм. Гүй ээ нээрээ үсний будаг хүртэл хөгжчих гэж… Тэгээд би одоо ч салоны будаг үсийг нэг их гэмтээдэггүй гэдэг итгэлтэй явж байгаа. Харин тэр дэлгүүрт зараад байдаг нэг удаагийн будгууд байдаг даа. Тэд нар бол ёстой хэлж мэдэхгүй байна шүү. Лав эрүүлжүүлэх увидасгүй л байх. Гэтэл саяхан нэг сэтгүүл уншиж байсан чинь судалгаагаар салоны удаан тогтоцтойгоос илүү хурдан гарчихдаг тогтоц муутай будгууд үсийг арай бага гэмтээдэг гэсэн байна билээ. Би ч буруу бодож явсан бололтой дог оо. Гэхдээ би гэдэг хүн чинь өөртөө түмэн зөв амьтан болохоор өөр дээрээ туршиж байж л мэддэг хүн дээ. Би нэгэнт л үсээ будаж гэмтээж байгаа л юм бол хамгийн гоё өнгө, туяа, намиралтыг авна л гэнэ шүү. Тийм болохоор салоны будгийн өнгөний гаралтад дуртай. Мөн үсээ будуулах гэж байгаа бол үс будахад маш их анхаарах зүйл бий шүү. Уурагтай будаг эсэхийг тодруулах, үсчиндээ хэлж нэмүүлэх, одоо бол зарим үсчид өндөг эдр нэмдэг болчихсон байна билээ. Мөн заавал будаг сайн хийдэг мэргэжлийн салон сонгох. Мэргэжлийн будагтай томовтор салонууд өнгөө будгууд хольж граммаар гаргадаг ба үсний үндсэн будаг дээр туяа нэмэх, гэрэх үеийн туяаг мөн нэмэх гэх мэт нарийн ажиллагаатай байдаг шүү. Би чинь юм болгонд их нарийн хашир хүн болохоор будгийн грамм, туяанд их ач холбогдол өгдөг байсаан. Учир нь үсний будгийн нэг сул тал нь хэдэн угаалтын дараа гараад ирэхээрээ нэг тийм, гудамжны хөсрийн шардуу болох гээд байдаг дээ, эсвэл улаан ч юм уу. Энэ чинь base будгаасаа шалтгаалдаг. Мөн үсээ буддаггүй нь ч бай, буддаг нь ч бай заавал үсэндээ тэжээл, маскууд хэрэглэж сураарай. Одоо орчин үед агаарын бохирдлоос аваад орчны бохирдлууд ихэссэн учраас зүгээр л будахгүй, оролдохгүй байгаа нь эрүүл байлгаж байгаа арга байхаа больжээ. Зайлшгүй нэмэлт арчилгаа шаардлагатай.
Харин цагаан үс түүх тухай асуудалд хариулахад, манай ээж их ээ өтгөн хар үстэй хүн байлаа. Бид нарыг жоохон байхад ээж цагаан үс түү гээд л хөмсөг зулгаадаг чимхүүр бариулаад үс зулгаалгуулдаг байлаа. Ингэж зулгаах тусам өнөө жижиг цагаан үснүүд нь улам ихсээд байдаг байсныг санаж байна. Тэгэхээр зулгаагаад дэмий л болов уу. Тэгээд ээж маань буддаг болсон доо. Багаасаа л ээжийнхээ их үстэй ойр өссөнийх ч юм уу халимагхан ч гэлээ хорвоогийн хамгийн сайхан үс ээжийн минь л үс санагдаад байдаг юм. Ээжийн үсийг гүйцэх үс аль ч шампуний сурталчилгаанд гарч байсангүй ээ. Гэхдээ цагаан, саарал нь хамаагүй гол нь өтгөн байна гэдэг чинь л хөгшин харагдуулдаггүйг миний ээж бүтэн батална. Ээж минь их өтгөн үстэй байж билээ. Бүр 60 нэлээн хол гарч байж л үс нь унаж шингэрэх болсон. Ээж ч үүнтэйгээ их тэмцдэг байсан болохоор би энэ талын мэдлэг туршлагатай болсноо дээр хуваалцсан. Хэхэ Би та нартай хуваалцаж байгаа бүхэн ганц миний мэдэж чаддаг зүйлс биш ээ. Ээжийн маань их хувь нэмэр байдаг юм шүү. Та нар ч гэсэн ээжтэйгээ илүү ойр байж чадвал их олон гахалтай зүйлийг сурч чадна гэдэгт итгэлтэй байна. Бүхнийг нуулгүй хуваалцаж байгаарай. Ээж чинь бүхэлдээ эрдэнэсийн сан шүү.
Би хувьдаа миний ээж намайг хамгаалах гэж, гоё байлгах гэж, жаргаах гэж, зовлонгоос хол байлгах гэж, эрхлүүлэх гэж бурхнаас ирсэн бэлэг гэж л боддог юм. Хамаг агуу хайр аа ээждээ зориулаарай, хожимдохоос нь өмнө.
CHEERS and MERRY CHRISTMAS