УС
Ус угаана, ариусгана, илааршуулна. Усны шидийг мэдэхгүй хүн үгүй. Байдаг л энгийн хэлбэрээр байдаггүй ид шидийг бүтээдэг холбоос. Хамгийн энгийнд ид шид оршиж байдагийг УС л бидэнд нотолдог шиг…
Ус шиг нөлөөлж, ус шиг анагааж, ус шиг тайтгаруулж, ус шиг тэтгэдэг чадал хүмүүст бас бий. Ус гэж хэлээд хүн байсан бол гэвэл та нарт хамгийн түрүүнд хэн бодогдох вэ? “Ээж”
Эмэгтэй хүмүүс нэг тийм шидтэй. Харагдахгүй, заримдаа бүр мэдрэгдэхгүй, хэлэхгүй, ярихгүй аргаар бүхнийг байранд нь оруулчихдаг шидтэй. Яг л ээж шиг. Нүдэнд үзэгдэхгүй тэр шидийг нь хүмүүс “хатан ухаан” гэх.
Их сонин. Эрэгтэй эмэгтэй хүүхэд нийлсэн ангийн ямархуу анги, ямар хүмүүжилтай, ямар сурлагатай байх нь тухайн ангийн охидуудын байдлаас шууд шалтгаалдагийг бид мэднэ. Тэд тэр ангийн ирээдүй, хүрэх цэгт нөлөөлье гэж дотроо далд ухаан эдр агуулаагүй ч нэг л мэдэх нь ээ шууд нөлөөлчихсөн байдаг. Өөрсдөө ч анзаарч ойлгохооргүй тийм их хүчтэй. Яг л еврэй хүмүүсийг хамгийн шилдэг нь болгодог өдөр тутмын зуршил шиг нөлөөтэй. Хүч зарахгүй, нэг дор байдгаа шавхахгүй, нүдэнд үзэгдэхгүй, илт мэдрэгдэхгүй мөртлөө удаан хугацаандаа, урт холын замд гэрэл асаадаг их хүч.
Анзаарсан бол Франц эмэгтэйг франц эмэгтэй болгодог зүйлс гэж байдаг шиг, аль ч улсын ямар ч эмэгтэйд ийм үйлс бий. Дулмааг Дулмаа болгодог зуршлууд, биеэ авч ядаг арга, хайрладаг хэл, буддаг шунх, ганцаарддаг бодол, сонсдог хөгжим, уярдаг үгс бий. Тийм болохоор тэд УС болчихдог шиг… Чив чимээгүй хэрнээ тод өгүүлрүүн шиг…
Еврэй хүнийг еврэй ээж л бий болгодог гэж “Еврэй хүмүүжлийн нууц” номонд гардаг. Үнэн. Гитлерийг Гитлерийн ээж, Чингис хааныг Өэлүн эх л бүтээсэн. Тэднийг ээжээс нь тусад нь авч үзвэл хэн байгаад, хэн болох байсан нь эргэлзээтэй. Ээж нар яг л ус шиг хүний амьдралд нөлөөлдөг. Түүнгүйгээр амьдрах боломжгүй, тус шимийг нь хүртвэл эрүү энх амьдардаг тухай.
Нүдэнд харагдахгүй, энэ гээд үзүүлэх зүйлгүйгээр нэгэн хүмүүний амьдралд бурхны сургаалиас ч илүү нөлөөлнө гэдэг “ид шид” биш гэж үү? Гайхалтай хэрэг.
Ээжийгээ, эмэгтэй хүмүүсийг хайрлаарай. Хажуу айлын хүүхэд уйлсан гээд чихэр өгч тайтгаруулдагт нь, хачин танихгүй хүмүүсийн түүх сонсоод уйлчихдагт нь, сая муудалцчихаад хормын дараа нурууг нь илдэгт нь, маргаашгүй үрчихээд үлдсэнийгээ хадгалдагт нь, хүүхэд шиг баярладаг ч том хүн шиг зааж сургадагт нь хайрлаарай. Зүгээр л ямар ч шалтгаангүйгээр хайрлаарай. Зүгээр л оршиж байгааг нь хайрлаарай.
Under a king, a country is really ruled by a woman. — LOUIS XIV OF FRANCE
Cheers,