УРУУЛ АРЧИЛГАА
Ягаахан уруулаараа мишээх нь үү дээ,
За санал хүсэлтийн дагуу уруул арчилгааны талаар оруулья.
Би ч бүтэн хуурай амьтан юм болохоороо арван жилдээ байнга л омголтож хуурайшсан уруултай явдаг байлаа. Хэрхэн арчлахаа ч мэдэхгүй. Тэгж яваад нэгэн франц гоо сайхны номноос нэгэн уруул аряилгааны арга сураад түүнийгээ одоо ч хэрэгжүүлдэг юм.
Шалтгаан:
Уруул их хуурайших нь нэгд ус дутагдах, хоёрт цаг агаарын нөлөө, гуравт буруу хооллолт, дөрөвт буруу хэвшил буюу байнга уруулаа хаздаг, долоодог, гараа зуудаг, хумсаа хэмэлдэг зэргээс үүдэлтэй.
Авах арга хэмжээ:
Тэгэхээр ус сайн ууж, цаг агаарын нөлөөнөөс хамгаалж арчилж, буруу зуршлуудаа засаж, зөв хооллох хэрэгтэй. Хамгийн чухал нь уруулаа долоодог зуршилтай бол үүнийгээ таслан зогсоогоорой. Учир нь хүний шүлс их хүчиллэг чанартай байдаг тул байнга уруулаа долоогоод байхаар уруулын хүрээ хэсгийн арьс цочирч хуурайшиж, хүрээний хэсэг алга болж хүрээгүй хачин уруултай болж эхэлдэг шүү. Мөн элдэв уруулын будаг, уруул өнгөлөгчийнхөө хугацааг харж, брэнд бүтээгдэхүүнүүд сонгохыг санал болгоё. Хулхи, хугацаа нь дууссан будаг харшилж уруулны арьс гэмтээх аюултайг анхаарна уу. Ер нь өөрийнхөө уруулны өнгийг сэргээж, чийглэг бумбагар уруултай бах чинь л чухал шүү.
Арчилгаа:
Миний олон жилийн туршлагаар батлагдсан арга х энгийн. Өглөө оройдоо шүдээ угаадаг даа. Шүдээ угаасны дараа чийгтэй сойзоороо уруулаа үрнэ. Энэ нь нэг ёсондоо уруулын хуурайшсан арьсыг гуужуулж байгаа юм. Нэг их хорстол биш багахаан үрнэ. Ингэж үрэхээр уруул улаан ягаан өнгөтэй болчихно. Тэгээд нүүрээ угаагаад арчихаар уруул чинь их хуурай мэдрэгдэнэ. Мэдээ алдсан ч юм шиг. Тэгээд нүүрний арчилгаагаа хийх үедээ үрж гуужуулсан урууландаа нүүрнийхээ тосноос багахааныг түрхээд унтана. Вазелин ч болно. Вазелинаа зөвхөн урууландаа түрхэхгүй бол эрүүгээр нь юм гардаг хүмүүсийн эрүүнд юм гаргах гээд байдаг. Тиймээс ер нь нүүрний тосноосоо түрхээд унтана. Өглөө ч мөн адил нүүрнийхээ тосноос багхааныг түрхээд л болоо. Үүнийг байнга хийгээд байвал уруулны чинь байгалйин улаан ягаан өнгө тодорч эрүүл чийглэг уруултай болдог.
Дээр дурдсан буруу зуршлуудтай болон байнга гадаа ажилладаг хүмүүс бол өөрт таарсан уруул ангалагчийг түрхэхийг санал болгоё.
Жич: Би өөрийн түрхдэг уруул өнгөлөгчөө зургийг хавсаргав. EOS уруул өнгөлөгч байгаа. Good price-д зардаг.
Ер нь бол уруул хамгийн амархан арчилгаатай. Огт үнэтэй гуужуулагч, маск хэрэглэхгүйгээр ийм амархан улаахан уруултай болох боломжтой шүү.
Cheers and MERRY CHRISTMAS.