СУПЕР ТАРХИ

expert.bunny
6 min readFeb 7, 2020

--

Би “ ном уншаарай даа” нийтлэлээ бичиж байгаад анхаарал төвлөрүүлэх хялбар аргуудаа гэнэт санаснаа бичихгүй бол мартчих гээд байна аа. Хэхэ

Та нар урт хугацааны санах ойтой юу? богино хугацааны санах ойтой юу?

Би их богинохон хугацааны санах ойтой шд. Сонин. Ирж байгаа мэдээллүүдийг өөртөө хэрэгтэй, хэрэггүйгээр нь шүүгээд 20/80 дүрмээр 80 хувийг нь ердөө 20 хон секунд санахаар тогтоочихоод 20 орчим хувийг нь удаан хугацааны санах ойдоо хадгалчихдаг. Гэхдээ миний 20 хувийн санах ой их сонин. Тодорхой тоо, цаг хугацаатай бүтэн биш дандаа тал хагас хэрнээ ихэвчлэн гол утга юм уу, нэг үйл хөдлөл зураглал байдаг юм. Цээжилж тогтоохыг хүсвэл ч маш хурдан цэжилчихнэ. Бага ангийн 3-р ангид байхад улсын Монгол хэлний олимпиад болоод бүтэн ном дүүрэн шүлэг цээжил гээд цээжлэхгүй явж явж байгаад яг шалгалтын өглөө эрт босоод 2 3 хан цагийн дотор цээжлээд ээжтэй хамт орсон юм. Тэр номны хаанаас ч асуусан хариулаад ээж их бахархаж байсан тухай ярьдаг байж билээ. Гэхдээ хамгийн сонин нь би тэр шалгалт өнгөрөөд л өнөө А, Б гүй цээжилсэн байсан шүлгүүдээ мартчихдаг. Анхнаасаа санаж байна гэж хадгалаагүй юм байлгүй.

Гэхдээ сайн ухвал бас мартахаар хадгалсан зүйлсээ ч санаж болдог тэ? Би энд тэнд ямар нэг зүйлээ мартаж гарсан юм уу, орхисон үедээ нүдээ аньж байгаад өөрийнхөө хийсэн бүх үйлдлийг яг кино ухрааж үзэж байгаа юм шиг үздэг шд. Тэрэ үед Аан тэнд л орхисон юм байна гээд л… Та нар бас тэгдэг үү?

Энэ хүний тархи нээрээ ид шидтэй шүү. Би лав өөрийнхөө ингэж ажилладаг тархинд учиргүй их хайртай. Учрыг олчих санаатай олон ч эрдэм шинжилгээний ажил, тайлбарууд уншиж сонирхдог юм.

Хүний анхаарал гүйцэд төвлөрөх яг юунд хэрэгтэй гээч?

Дээрх миний ярьсан зүйлд хэрэгтэй. Хүний тархи олон хэсгүүдтэй. Гэхдээ бүр гүндээ нэг удирдлагын багтай, яг л INSIDE OUT дээр гардаг шиг.

Хэсэг бүр нь өөр өөрийн хариуцсан зүйлтэй.

Тэгээд хамгийн сонирхолтой нь эдгээр хэсгүүд нь зэрэгцэн ажиллахдаа зэрэгцэн ажиллаад, холбогдмоор бол холбогдоод нейронуудынхаа хүчээр алж өгнө өө.

Тэгвэл тийм л супер хүчтэй юм бол бүгдийг нь удаан санаж байхаар хадгалчихаж болоогүй л юм байхдаа?

Бүүр маш урт хугацааны дурсамжуудад маш олон хэсэг зэрэг ажиллахаас гадна сэтгэл хөдлөл маш их оролцсон байдаг. Сүүлийн үед FARO сургууль үүнийг англи хэл заахдаа ашиглаад байгаа даа. Энэ сэтгэл хөдөлгөж, зурган, үйл хөдлөлийн дүрслэлүүд ашиглаж цээжлүүлэх нь хурдан цээжлэхэд биш удаан хугацаанд санаж байдаг байлгах байсныг би NETFLIX “MIND EXPLAINED” үзээд л ойлгож билээ. Хэхэ

Урт хугацааны дурсамжуудад сэтгэл хөдлөлөөс гадна анхаарал төвлөрөл дээд зэргээр байх зайлшгүй шаардлагатай. Учир нь кинонд тайлбарласнаар бол тархины урд хэсэгт байрлах анхаарал төвлөрөх цэгт очсон мэдээллийн долгионы эрчмээс шалтгаалж тэр цөм голд байгаа жижигхээн санах ойд үлддэг байгаа юм.

Тэгээд хамгийн сонин нь мартана даа гэж бодоод цээжилсэн шүлгээ санахыг хүсээд тархиа сайн ухвал хагас хугас орж ирнэ гээд л бод. Яагаад гээч тархи маань бүр формат хийчээгүй зүгээр л мартахыг хүссэн болохоор тэр. Мөн шүлэг цээжилж байхдаа анхаарлаа маш сайн төвлөрүүлсэн болохоор тэр юм шүү дээ. Тэгэхээр анхаарал төвлөрөх гэдэг бол мэдээллийг хэр нухацтай хүлээн авч боловсруулахыг чинь дэмжих хамгийн эхний гол шалгуур учраас зайлшгүй хөгжүүлэх шаардалагатай.

Харин яаж?

Өөрийн өчүүхэн туршлагаа хуваалцья.

1 Би бага байхын л юмыг маш удаан сайн харж ажиглаж суудаг, маш их бүр хэтэрхий их ажигладаг хүүхэд байсан. Эмээтэй ууланд алхаж гараад чулуугаар тоглож байгаад босч зогсоод өндөр уулсыг маш удаан хараад л байсан чинь уул босч байсан ховилууд хөдөлж, яаж газар дэлхий хөдөлгөөнөөр ийм хэлбэртэй болсныг мэдрэх шиг болж билээ. Хэхэ ингэж л ажигладаг хүүхэд байлаа. Уулыг хөдөлгөнө ч гэх шиг…

2 Хэрвээ та нар ойр орчин дох найз нөхдөө сонжвол зарим хүмүүс хэд хэдэн зүйлийг зэрэг хийх чадвартай байдаг даа. Ном уншиж байхдаа миний энд үзэж байгаа киног сонсчихсон байдаг нэг тийм хүмүүс бий. Харин би болон над шиг гүн төвлөрдөг зэннн хүмүүс ном уншиж байгаа бол бусад бүх эргэн тойрныхоо зүйлийг сонсогдож байсан ч дотооддоо таглачихдаг. Удаан ийм байдалд багаасаа толгойгоо ажиллуулаад ирэхээр хүн сурчихдаг. Би одоо ямар ч зүйл хийж байхдаа давхар сонсож, хүмүүсийн ярианд оролцмоор байсан ч чаддаггүй. Сонин байгаа биз? Хүний тархины ажиллагаа үнэхээр сонирхолтой. Бас энэ нь өсөж хөгждөг, яг хүүхэд шиг. Хэрвээ ингэж орчноосоо тусгаарлагдаж анхаарлаа төвлөрүүлээд сурчихсан бол та том болсон хойноо хаана ч, хэзээ ч өөрийгөө тусгаарлаад анхаарлаа төвлөрүүлж чаддаг болчихдог. Бүр чихэвчтэй, чихэвчгүй хамаагүй.

3 Харин нэг гүн төвлөрсөн бодлоосоо гарчихвал буцаад орох надад их хэцүү байдаг юм. Хэхэ. Миний л туршлага ийм. Хамгийн их анхаарал төвлөрөл шаарддаг зүйл надад шатар, даам байсан санагддаг юм. Шатар тоглоход хүн анхаарлаа маш сайн төвлөрүүлж тоглохгүй л бол хожигдчихдог. Тэгэхээр тун сайн анхаарлаа төвлөрүүлж тоглодог. Ер нь анхаарлаа маш сайн төвлөрүүлж тоглож чадвал ямар ч тоглоомд хожих боломжтой байх аа. Хөзөрний тоглоомуудад ч бас. Тэгэхээр тоглоом тоглох, удаан нэг зүйлээ нухаж тоглож суух тийм ч муу биш. Би хүүгээ нэг зүйлээ удаан барилгүй хаяхад нь харин дургүй. Гэхдээ хүн бүрийн анхаарал төвлөрөх хугацаа өөр өөр байдаг юм билээ. Би бол их удаан төвлөрдөг төрлийн хүн бол манай хүү шатар тоглож байхдаа маш богино хугацаанд гүн төвлөрчихөөд буцаад байдгийг нь ойлгосон. Тэгэхээр энэ нь хүн бүрт өөр өөр байдаг юм билээ шүү. Өөрийнхөө анхаарал төвлөрлийн хамгийн боломжит хувилбарыг олж хэрхэн хөгжүүлэх ээ шийдээрэй.

4 Мөн мэдээж хүн өөрийнхөө хамгийн дуртай зүйлдээ л анхаарлаа бүрэн төвлөрүүлдэг тул хамгийн дуртай зүйлээ хийж байхыг эрмэлзээрэй.

5 Зураг зурах. хөгжим тоглох, ном уншихад анхаарал мөн л маш сайн төвлөрдөг. Зураг сайн зурдаг хүүхдүүд хичээлдээ гайгүй байдаг бас л учиртай. Би ч бас багадаа маш их зурдаг хүүхэд байсан. Зураач шиг сайхан зурдаг ахыгаа дуурайж зурсаар байгаад дуртай болчихсон юм. Хэхэ Зах зээлд шилжих үед ямар гоё стикер захианы зурагтай цас олдох биш, дүү бид хоёр шөнөжин суугаад ийм хүүхэлдэйн зургуудтай захианы цаас дууриалган зурдаг байж билээ. Хэхэ энэ нь анхаарлаа төвлөрүүлэхэд суралцсан шөнүүд байсан юм билээ.

6 Мөн бясалгах. Эхэндээ бясалгах үед хүний толгойд ямар их хэрэггүй бодлууд эргэлддэгийг маш сайн ойгоно. Ангижрахыг хүснэ. Тэгээд л нэг мэдэхэд амьсгалаа мэдрээд хоосон бодолд орчихдог болчихдог. Анхандаа нүдээ аньж элдэв бодлуудаасаа салахын даваан дээр “За одоо ч бараг бүтэн өдөр өнгөрчихлөө” гээд нүдээ нээхэд 2 минут л болсон байдаг бол одоо хэдэн амьсгал аваад хэсэг суугаад цаг харахад л аль хэдийн 30 минут болчихсон байдаг болчихдог. Хичээл зүтгэл, давтах гэдэг энгүй хүчтэй шүү.

7 Үүл ажиглах. Тэнгэрт байгаа үүлсийг удаан ажиглахаар нэг амьтан ч юм уу дүрстэй байдаг даа. Түүнийг маш удаан ажиглавал тэр үүлний хөдөлгөөн мэдрэгдэхээс гадна яг л кино үзэж байгаа мэт тэдгээр дүрснүүд нэгээс нөгөөд шижин хувирч гайхалтай дүрслэлүүд болоод байдаг. Ингэж удаан ажиглах анхаарлыг чинь төвлөрүүлэх эхний алхмууд шүү. Бас зугаатай. Хэхэ

Би ч яахав угийн зэннн, бодолд дарагдаад л явж байдаг амьтан юм болохоороо ийм ч байж магад. Гэхдээ хүүхдээ ажиглаад байх нь ээ эдгээр зүйлс батлагдаад байгаа болохоор та нарт хэрэг болж юу магад гээд оруулж байгаа юм. Гэхдээ би өөрөөсөө илүү, арын ширээнд найзуудтайгаа хөзөрдөж байсан мөртлөөсөө хичээлээ анзаараад сонсоод тогтоочихсон байдаг хүүхдүүдэд илүү дуртай. Надаас өөр болохоор нь юм болов уу? Би бол хөзрөө тогловол хөзрөө л тоглоно, хичээлээ хийвэл хичээлээ л хийнэ. Тэгээд л болоо. Эрэгтэй хүүхдүүд ихэвчлэн ийм чадвартай байдаг юм шиг анзаарагдаад байдаг юм. Тэгээд л багш нар “Чи уг нь хичээвэл овоо толгойтой доо” гэж ирээд л тэднийг загнадаг даа. Хэхэ

Гэхдээ мартаж боломгүй нэг зүйл бол хэр удаан санаж үлдэх чинь анхаарал төвлөрөлөөс шалтгаалдаг юм шүү. Хичээл номдоо анхаарлаа сайн төвлөрүүлж сурвал алзахгүй ээ.

Cheers,

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet