Соёлын довтолгоо

expert.bunny
4 min readMay 18, 2021

--

Монголд анх кабелийн суваг гардаг болсноос аваад өнөөг хүртэл Солонгос кино, дуу хөгжмөөр хүмүүжсэн хүний хувьд хэдэн үг хэлэх гэсэн юм. Хүмүүс зөндөө л гоочилж ад үзэж, савангийн дуурь үзлээ барилаа гэлцдэг л байсан. Төгсгөл нь тодорхой хорт хавдраар нэг нь үхчихдэг гол дүрийн баатартай хэдэн арван мянган ижил төрлийн кино үзсэнийг ч бүү мэд. Гэхдээ л дуртайдаа Хятад сувгаар subtitle-тай гардаг киног үзсээр байгаад англи хэлний зах зухтай болсон юм даг. Хэхэ

Ikon.mn

Энэ одоо юу яриад байгаа юм бэ? Би бүр ойлгодоггүй. Солонгос соёлоороо дэлхийг эзэллээ гээд ингээд 4 хэн жилийн зорилго тавиад хүрчихдэг зүйл биш байлтай. Би дээр хэлсэнчлэн насаараа шахуу Солонгос урлаг уран сайхан үзсэнийх тэд нар лав нэг өдөр за хэдүүлээ Hollywood кино хийе гээд 4 жилйин дотор хийгээд, оддоо дэлхийд алдаршуулья гээд нэг өдөр гаргачихаагүйг гадарлаад байна л даа. Юун агаарын амбиц яриад байгаа хэрэг вэ?

Reply 1988 кинонд ч гардаг даа, тэр үеэс л хөгжмийн наадам болдог. Тэрийг нь улс даяараа үздэг. Хөгжмийн наадам нь бүхэл жилийнхээ урлаг соёлын дүр төрхийг тодорхойлдог. Ард иргэд нь улсаараа дуучнаа дэмжиж талцдаг. Яг л бусад хөл бөмбөг хөгжсөн улсад хөл бөмбөгийн фанатууд нь талцдаг шиг л… Тэр 40–50 жилийн өмнөх хөгжмийн наадмын соёл нь одоо ч хадгалагдаастай. Солонгосын бараг бүх суваг хувь хувьдаа 2–3 төрлийн хөгжмийн нэвтрүүлэгтэй байх ба тэр бүр нь болон телевиз бүр нь жилийн эцэст шилдгээ тодруулдаг уламжлалтай. BTS-н ARMY зүгээр л нэг өдөр гоё дуу сонсоод гараад ирсэн юм биш. Тэднийг хагас зуун жил улс нь бэлдсэн юм. Тэрхүү сонсогч үнэнч шүтэн бишрэгчид нь өнөөгийн глобалчлагдсан дэлхийд соёлыг түгээж байгаа юм.

Кино урлаг нь ч ялгаагүй өнөө хүн бүрийн дургүй хараал идсэн савангийн дууриа хагас зуун жил хийж байхдаа кино зохиол, техник тоног төхөөрөмж, чанар, өнгө нь сайжирсаар яг цаг нь болоход дэлхий хүлээн зөвшөөрсөн байгаа юм. Солонгосын урлагийн бодлого чинь дан тухайн салбараа бус ард иргэдээ бэлдсэн бодлого байсан байгаа юм. Ард иргэдээ дуу хөгжим сонирхдог, кино үздэг таашаадаг, алдаршуулдаг болгож төлөвшүүлсэн нийтээрээ оролсон бодлого байсан. Оскар авсан Солонгос оддын ярилцлагыг үзвэл бүгд л “Биднийг энэ хүргэсэн нийт Солонгосын ард иргэд, урлаг ойлгодог фенүүддээ баярлалаа” гэнэ. Тэд мундагтаа биш, нийтээрээ урлагаа сурталчилсны, хамтын хүчээр нэг сэтгэлээр оргилд тэмүүлснийх байх ажээ.

Ойлгож байна л даа. Иймэрхүү соёлын салбарууд хөгжвөл Монголд хэдэн зуун ажлын байр, шинэ содон мэргэжлүүд төрөн гарна. Кино зохиолч, гэрэлтүүлэгч, дуу дүрсний найруулагчид, зураачид, тайзны засалчид, нүүр будагчид, сурталчлагчид гээд л…Өрсөлдөөн нэмэгдвэл хуулиараа чанар сайжирна. Гэхдээ үүнд хүрэхэд улсынх нь зуун дамжсан алддаггүй бодлого, алсын хараа байх ёстойгоос бус 4 жилийн зорилт хүргэхгүй л болов уу. Би ядаж байхад иймэрхүү ул суурьгүй, хоосон амбицад дургүйг ч хэлэх үү, зүгээр өнгөрөөж чадсангүй ээ. Sorry

Би л хувьдаа Монгол хамгийн удаан нийтээр шагшин үздэг байсан Болор цомоо аварч үлдэж өнөөг хүртэл үргэлжлүүлсэн бол энэ чиглэлээр өдийд зөндөө юм дуулгачих байсан байх. Магад нобелийн шагналтай яруу найрагчтай ч байх байсан юм билүү, хэн мэдлээ. Гэтэл бид яаж ч болохгүйгээ халаглан ам тагладаг “нүүдлийн цусныхаа” ачаар гэх үү балгаар гэх үү дор хаяж 30–40 жил тогтоод үлдсэн зүйл гэж алга. Бүр балгас ч алга. /Хархорумаас, хэдэн хийдээс бусад/

Нэг тийм юмаа аварч засаж үлдээж хадгалж явах нь нураагаад шинээр эхлүүлэхээс зардал багатайг тооцдоггүй баян ч юм уу балагтай ч юм уу хүмүүс аж. Тэгээд гэнэт ухаан орохоороо надад юу ч алга гэж халаглана.

Уг нь бидэнд дэлхийд зарахаар утга уран зохиолын сэдэв баялаг бий. Түүнийгээ тордохгүй хаяснаас өнөөдөр бид юу ч үгүй л сууна. Өнөө нүдээ ухаад өгөхөд ч бэлэн байдаг Холливуд чинь кино зохиолын сэдвийн гачаалалд аль эрт л орчихсон явж байгаа. Тэнд хэдэн сайхан зохиол зарчихад л өөп гээд л явчихгүй юу. Тэгээд хамгийн инээдтэй нь, одоо дотооддоо хийж байгаа кино нь бүр зохиол ч үгүй хоорондоо ярьж сууж байгаад аман фигурээрээ хийчихдэг гэмээр байхад юу ч гэх вэ дээ, нээрээ. Эсвэл бүр нэг зовж зүдэрсэн, гачсан амьдрал харуулна. Ядарч зовж, зовлонгоо зарлаж залхсан улсад яагаад ч ийм хачин хар бараан кино хийж үзүүлээд байдаг юм бүү мэд. Солонгосыг дуурайх гэж байгаа бол үндэсний хувцсаа зохиосон шиг нь л үргэлж тийм гоё сайхан байсан мэт түүхээ хүртэл зохиочих л доо.

Түүх гэснээс саяхан нэг Солонгос нэвтрүүлэг үзэж байтал нэвтрүүлэгт 2 өсвөр насны монгол хүүхэд орж таарав аа. Хэлэхгүй л бол гаднаас нь мэдхээргүй. Тэр хоёр 3–6 жил Солонгост амьдарчээ. Тэгээд Монгол гэхээр нь нэвтрүүлгийн хөтлөгч сонирхоод Монголын тухай асуух гэтэл тэр хоёр маань мэдэж байгаа юм Чингисээс өөр юм байсангүй. Тэгээд Монгол хүүхдэд Солонгос нэвтрүүлэгч Монголын эзэнт гүрэн Хубилай хааны тухай ярьж өгч байх юм. Юу ч гэмээр юм бэ дээ. Монгол хүүхдийг Монгол хүн болгож, түгээж ярих зүйлгүй өсгөж байгаа, үзэж харах гайгүйхэн контентгүй байлгасаар байгаа маань л асуудал байна даа. Одоо ч байхгүй байгаа гэдэг чинь бидний хүүхдэд ч байхгүй байна аа л гэсэн үг. Яамаар ч юм дээ. Дэлхий глобалчлогдсан гээд бидний хүүхдүүд 5 улсын хэлтэй, 50 орноор аялсан байгаад ч эцэстээ Солонгос хүнээс Монголын түүхийн лекц сонсоод л сууж байна гэх үнэнийг яалтай.

Заза сайхан дотор онгойчихлоо, Хэхэ

Cheers,

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet