Нойр ойрхон байна.
Цэцэрлэгт байхад яг өдөр дунд хоол идүүлснийхээ дараа “Унт” гээд л хөнжил гудсанд ороогоод хав дардаг байж билээ. Тэр үед цэцэрлэгийн өдрийн унтлагын цаг л огт явдаггүй, маш хэцүү өнгөрдөг цаг байж билээ. Угаасаа хүүхэд байхад зүгээр, томоотой суух 1 минут гэдэг яг л 1цаг шиг хэцүү шүү дээ. Нэг тийм байнга цаанаасаа далжиганамаар санагддаг тэ? Хэхэ
Гэхдээ одоо надад өдрийн хоолны дараа ийм унтлагын цаг олддог бол жаргал аа жаргал. Өнгөрсөн рүү очоод өөрийгөө өшиглөмөөр санагддаг үе гэвэл, цэцэрлэгийн унтлагын үе минь л байна даа. Ххаха. Одоо бол аль боломж олдож байгаа дээр бөх шиг сайн унтаж авах гэдэг чинь бараг амьдралын зорилго ч болчихсон юм шиг. Учир нь хүүхэдтэй болсон цагаас эхлээд нойрны үнэт чанар ясанд тултлаа мэдрэгддэг юм. Ажил амьдралынхаа завсраар эрүүл саруул өрөө төлж амьдрахын тулд олдсон цагтаа олигтойхон унтах гэдэг л туйлын чухал ажил болдог үе бишгүй байсных. Нойрны тал дээр хэд гурван зөвлөгөө дахин оруулья.
Гэхдээ та нар унтах зав гарч байгаа дээр унтахгүй юу хийгээд байдаг л надад тун сонирхолтой байна. Яагаад унтаж чадахгүй гэж вэ? Ямар бидэн шиг өр шир, мөнгө бодож стресстэх биш, ээж аав шиг хүүхдийн сургалтын төлбөр, байр сууц бодож шаналх биш, юу хийгээд юунд шаналаад унтдаггүй билээ? Нойрноос үнэтэй хардаг хөвгүүн, шуналтсан зүйлс, кино ший, ном, зохиол зугаа цэнгэл гэж байхгүй ээ хонгорууд аа. Яагаад гээч? Хүн нэгэнт л махан биетэй, төрдөг, үхдэг, иддэг, өвддөг амьтан юм болохоор унтах зайлшгүй хэрэгцээтэй. Энэ горим хэрэгцээ алдагдахаар юу болно гээч? Мэдээж эрүүл мэнд, гоо сайхан, бүр цаашлаад амь насаа ч алдах боломжтой. Тийм л чухал зүйл. Ялангуяа эмэгтэй хүн урт удаан сайхан явья гэж боддог л бол нойр л сайн авч байх ёстой. Тэр 50 тай мөртлөө 30 тай харагддаг хүмүүсийн хамгийн гол баримталдаг зарчим нь нойр. Викториа Секрет хүүхнүүдийн гоё арьсны нууц ч бас нойр. Түүнээс биш нүүрэндээ түрхэж байгаа зүйл нь тийм болгоод байгаа юм байхгүй. Тэгээд би бодож байгаад өсвөр насныхан та нарын сэтгэл гутрал, сэтгэцийн гунихрал мэт өвчлөлүүд магадгүй энэ нойрноос ч бож байж магад гэж бодоод дахин нойрны тухай бичихээр шийдсэн юм. Гэхдээ хамгийн сонирхолтой нь энэ нойрны өвчнөө чи өөрөө л хичээж ялна уу гэхээс, зүгээр нэг эмч эм бичээд эдгэчихдэггүйг бас ойлгох хэрэгтэй.
Чи өдөрт хэдэн цаг унтаж байна? Хэвийн байна уу? Хэвийн цагаар унтахгүй байгаа бол сэтгэл санаанд:
- Цочимтгой, тогтворгүй тавгүй болно
- Хүүхдүүд болон өсвөр үеийнхэн бол харилцааны асуудалтай болно.
- Сэтгэл гутралд орно
- Уур бухимдалтай, стресстэй болно
Физик бие махбодид дараах өөрчлөлтүүд гарна:
- цусны даралт ихэснэ
- Зүрхний шигдээс болох магадлал нэмэгдэнэ
- Тархинд цус харвах магадлал нэмэгдэнэ
- Бөөрний дутмагшилд орно
- Таргална
- 2р зэргийн чихрийн шижинтэй болно
- Хүүхдүүдэд бол өсөлтийн гормон удааширч, өсөлт зогсох хүртэл аюултай гэнэ дээ, бурхан минь!
Нээрээ л дөнгөж төрсөн хүүхэд унтаад л байдаг. Унтаж байхдаа өсөөд л байдаг байх. Том болох тусам унтах цаг нь холдоод л байдаг даа. Та нар минь унтахгүй байвал өндөр болох тухай мөрөөдөөд ч хэрэггүй шүү, нээрээ! Мөн булчингууд хүнийг унтаж байхад амарч бүрэн ажиллагааныхаа шим тэжээлийг нөхөн авдаг тул тамирчид болоод биеийн хүчний ажил хийдэг хүмүүст нойр бол бүх юм нь байдаг байна. Тиймээс нойроо алдвал булчин ч үгүй, өсөлт ч үгүй, тогтвортой сэтгэл ч үгүй, миний хэлдгээр хүн сүг л болох нь дээ.
Тэгвэл нойроо сайн авахын тулд яах болж байна аа? Би оюутан байхдаа ухаарлын 7 хоногуудад шөнө суусаар байгаад нойрны чухлыг бүрэн мэдэрсэн хүүн. Диплом бичиж байхдаа бүтэн 2,8 хоног нойргүй явсан чинь яаж алхаж гэртээ харьснаа ч санахгүй гэртээ хариад унтчихсан байж билээ. Түүнийгээ орой сэрж санаад үхтлээ айж байсан юм даг. Зүгээр л унтаа мөртлөө яваад байсан юм уу хаашааийн. Юутай ч нойргүй явахад ямар ч сайн зүйл байхгүй. Өмнөх бичлэгт бас төрсний дараа нойр алдаад ямар хурдацтай хөгширснөө дурдаж байсан даа. Ийм юм үзэж туулсан болоод ч тэр үү, угаас нойр сайтайх ч юм уу, одоо бол морь шиг босоогоороо ч унтана дөө бараг. Хэхэ
Би нойр сайн авахын тулд:
- Өдөрт нэг аягаас илүү кофе огт уудаггүй. Нэг аягаас хэтрүүлвэл зүрх салгалж чичрээд бие тавгүйтдэг. Мэргэжилтнүүд ч нойрны асуудалтай хүмүүст каффейны хэрэглээгээ танах, никотины хэрэглээг багасгах буюу тамхи татахгүй байхыг санал болгодог юм билээ шүү.
- Бас архийг хориглоно. Угаас томчууд бол мэдэж байгаа байх. Архи уусан орой унтах гээд хэвтэхээр дотор “Дүмц дүмц” гээд дэлхий хурдтай эргээд нойр хэсэгтээ хулжаад байдаг даа. Архи дарснаас хол байх хэрэгтэй!!!!
- Тогтмол дасгал хийх. Би бол балетын дасгалд 7 хоногт 3 удаа явдаг. Дасгалдаа орсон оройд бүр утсаа ч гүйлгэж дийлэхгүй унтчихсан байдаг. Тогтмол дасгал хөдөлгөөн хийхээр хүний цусны эргэлт сайжирч, ажилласан булчингууд ядраад унтахыг биеэсээ шаарддаг юм шиг байгаа юм. Угаас унтахад хүний биеийн булчингууд хамгийн сайн амарч, хамаг шим тэжээлээ унтаж байхад л авдаг гэнээ. Тийм болохоор нойрны асуудалтай хүмүүс учиргүй дасгал хийхгүй гэхэд оройдоо гүйх, алхах ямар нэг хөдөлгөөн заавал хийж байх хэрэгтэй юм байна шүү.
- Эсвэл халуун ваннд суух. Япончууд тогтмол халуун ваннд суудаг хэвшилтэй байдаг нь цусны эргэлт сайжруулж, унтаж амрах хэмнэлд оруулдагт нь болсон байх. Бас энэ хэвшил арьс залужихад чухал нөлөөтэй гэдэг юм билээ. Би дасгал тогтмолд орж чадахгүй, төрснийхөө дараах үед халуун хөөстэй ваннд хэвтдэг байсан юм. Энэ бас их нөлөөтэй шүү.
- Мөн өдөр нарны гэрэл хангалттай авах нойр хүрэхэд нөлөөлдөг байна. Зун халуун наранд удаан явахаар нойр хүрч ядардаг нь ийм учиртай байх нь. Нарны гэрлийн илчийг, эдгээх чадварыг мэдэрцгээх хэрэгтэй юм байна.
- Хэрвээ бүр нойр чинь хүрэхгүй бол бас нэ механик арга бол оронд орохоосоо өмнө даарсан байх. Маш их даарсан үедээ орондоо ороод дулаацахаараа хүн унтчихсан байдаг.
- Кофе биш цай сонгоорой. Цай бол бүр судалмаар бүтээгдэхүүн шүү. Нойронд тусгайлан сайн цайнууд гэж бий. Надад манай хуучин ажлын захирал нэг Германаас авчирсан гээд нэг уут нойронд сайн цайг өгч байсан юм. Энэ цай үнэхээр сайн. Учиргүй нойр хүргэхгүй ч, тайвшруулж амралтын байдалд шилжүүлдэг юм билээ. Нойронд сайн цайны төрөл бол ийм байна.
- Мөн тодорхой цагт унтаж, сэрдэг зуршилтай болох их нөлөөтэй. Одоо би Оюу Толгойд ажиллаж байгаа бөгөөд өглөө үүрээр 4,5 цагт босдог тул орой 9 цаг гэж унтахгүй бол маш их ядардаг. Тиймээс яг цагтаа унтаж сурах зайлшгүй шаардлага гарсан. Өөрийнхөө эрүүл мэндийн үүднээс яг 9 цаг гээд л утсаа don’t disturb mood дээр нь тавиад л унтдаг. Ингэж байж л тэсч байна даа. Мөн ингэж эрт унтах шаардлагатай туд орой огт хоол, хүнд зүйл иддэггүй. Зүгээр зөв аарц уух юм уу, ганц боорцог идээд ч юм уу ундтаг. Ер нь эрт унтаж хэвшвэл таргалахааргүй шинжтэй юм билээ. Орой их юм идэхгүй юм чинь, хэхэ. Угаас орой хүнд хоол идэхээр шөнөжин мангастай байлдаад олигтой ч амарч чадалгүй, улам ядарсан сэрдэг дээ.
- Хэрвээ унтаж байгаад сэрчих гээд байдаг бол бүх чимээ, орчны тусгаарлалтаа сайн хийж унтах хэрэгтэй. Нүдний хаалт зүүж, чихний бөглөө хэрэглэж, утсаа унтахдаа байнга don’t disturb mood дээр тавьж унтвал янз бүрийн зүйлс ирсэн ч мэдрэгдэхгүй тайван унтаж болно.
- Миний нойрны хамгийн сайн эм бол амьсгалын дасгал. Бид нар чинь яарчан давчуу амьдралдаа олигтой ч гүнзгий амьсгал авдаггүй юм билээ шүү. Би олон удаа хэлж байгаа Let’s meditate app -н дурын үнэгүй амьсгалын дасгал хийж байгаад нэг мэдэхэд унчихсан байдаг.
- Бас маш их ажилтай, завгүй байдаг бол унтахаа зохицуулах зайлшгүй шаарлагаар унтаж амраад сурчихдаг. Унтдаггүй шар шувуунууд бол төрөлхийн гэхээсээ илүү завтай хүмүүс л байгаа байх гэж бодогдох. Утсаа оролдохоо болих хэрэгтэй. Орондоо утсаа оролдлоо гээд дэлхийг аврахгүйгээс хойш өөрийнхөө эрүүл мэндийг сүйд хийн барин утастай орондоо ноцолдох ямар шаардлага байна аа? Тэр хэдэн хүний стори үзэж, чаталлаа гээд чамд юу наалдана гэж вэ? Харин ч нойроо алдаж, эрүүл мэндээ бага багаар алдаж, инстагаар дүүрэн гоё зураг шүүрс алдуулж, өөрийгөө голох мэдрэмж өгөхөөс хэтрэхгүй шүү дээ. Хүн ер нь өөрт нь юу сайн, юуг ямар үнээр олж авч байгаагаа алхам бүрдээ бодож баймаар…
Та нар шөнө нойргүй байгаад байгаа чинь шөнөжин утсаа маажиж, хэрэгтэй хэрэггүй зүйлд стресстэж, ганцаараа хэт удаан нийгмээс утастайгаа өөрийгөө тусгаарлаж бодит харилцаанд орохгүй байгаагаас маш их сэтгэл зүйн өвчтэй болжээ гэж дүгнээд байна. Хүүхдүүд минь, утасгүй ганц өдөр ч болов найз нөхөдэйгээ, гэр бүлтэйгээ бодит харилцаатай байж үзээрэй. Зүгээр хамтдаа дуртай дуун дээрээ сэгсийтэл арзаганаач, хамтдаа бууз хуушуур хийж идэж үзээч, хамт гоё чертадаач ээ.
Тэгээд өдөрт авах ёстой нойроо авж сур. Өөрт тохирох аргаа ол. Энэ нойрны дутагдлыг та нар өөрсдөө л эмчлэх боломжтой. Өөр хэн ч биш. Нойр бол зүгээр л хувь хүний зохион байгуулалтын наад зах нь. Иймхэн юмыг зохицуулж чадахгүй байгаа бол нарны масс, сарны төвийг мөрөөдөөд ч хэрэггүй дээ бараг. Би бол илүү завтай цаг гарвал сайхан унтахыг л хүсдэг. Та нарын оронд байсан бол унтаж өгөх байсан даа гэхээс нүд загатнаад байх юм. Хэхэ
Cheers,