Нар ойрхон

expert.bunny
2 min readDec 14, 2019

--

Харж явдаг охиноо найрах санаатай:

  • Сайнуу, маргааш хоёулаа Нар мандахыг харах уу?

Охин:

  • Нармандахын унтаж байгааг уу????

ХАХАХА

Ийм романтикгүй нөхдүүд байдаг шүү тэ?

Би угаас өглөөний хүн биш. Хэчнээн өглөөний хүн болох зөвлөгөө уншсан ч болохгүй хүүн. Тэрийгээ мэддэг болохоор хичээдэг ч үгүй. Өглөө бүтээмж төдийлөн сайн байдаггүй юм. Гэхдээ сүүлийн 3 сар хөдөө ирж ажилласнаас хойш ажлын шаардлагаар үүрээр 4.30 д босч байгаа. Бас тийм ч дааж давахгүй хүнд санагдахаа больжээ. Тэгээд би өглөө эртлэн босно гэдэг хувь хүний зохион байгуулалт сайтай, төлөвлөлт сайтай хүмүүсийн л хийдэг зүй лболохыг илүү сайн ойлгож эхэлж байна. Өмнө нь Улаанбаатарт ажилладаг байхад өглөө 8 цагт босно гэдэг ямар нэг ялны зүйл шиг санагддаг байсан бол энд бүтэн 4 цагийн өмнө босдог болсон чинь тэр үеийн өөрийгөө бодохоор инээд ч хүрэх шиг… Би тэр үед эрт босох шаардлага хэрэгцээ, зорилго зорилт, бүтээжээ нэмэгдүүлэх нэг тийм урам зориггүй бол нойроо хасахын хэргийг огт ойлгохыг хүсдэггүй байлаа. Хүн ер нь тухтай бүсдээ хэт удвал улам залхуу хойрго, улам бүтээжгүй болдогийн жишээ энэ. Мөн тэр үед эрт босохын тулд эрт унтаж, идэх уух, бэлдэх гэх мэт энгийн зуршлууд солигдож түүнийг төлөвлөх тухай ч төсөөлөлгүй байж. Харин энд ажлын шаардлагаар эрт босдог болсноос хойш миний ойлгоод байгаа зүйл бол эрт босдог хүмүүс энгийн хүмүүсээс их өөр өдөр тутмын хэвшилтэй болчихдог юм байна, гэж.

Жишээ нь би эрт босохын тулд орой 8 цаг гэхэд орондоо ороод оройтлоо гэхэд 9 цагаас унтсан байх шаардлагатай. Мөн өглөө эрт босоод элдэв зүйл амжуулах цаг байхгүй тул оронд орохоос өмнө бүх авч явах зүйлс, өмсөх хувцаснуудаа бэлдэж тавиад унтах хэрэгтэй. Орой эрт унтаж байгаа учраас оройны хоолыг бүхэлд нь алгасна. Учир нь орой хүнд зүйл идвэл нойр хулжчихна… гэх мэт.

Хүний амьдрал баян болохоор юу ч тохиолдож болно. Хоногийн 24 цаг хүрдэггүй ээжийн амьдралд өөртөө жижигхэн аз жаргалын цаг гаргахын тулд өглөө эрт босох шаардлага ч гарч болно. Энэ бүхний учрыг олдог хүмүүс гэж угаас төрдөггүй. Хүн бүр өглөө эрт босдог ч байдаггүй. Мөн л над шиг унтах дуртай, нойр ихтэй нь ч байгаа. Гол нь үүнийг хийж сурахад, хэвшүүлэхэд хувь хүний маш их хүчин чармайлт, төлөвлөгөө, төвлөрөл, хүсэл тэмүүлэл, зохион байгуулалт шаарддаг юм байна аа гэж. Ингэж зохион байгуулж чадаж байгаа хүмүүсийг би өмнө нь “Ямар дуракууд нь хайран нойроо алдаад ингээд явж байна аа?” гэж хардаг байсан бол одоо “Ингэж эрт босохыг хэн нь ч хүсээгүй, зүгээр л тэдэнд ийм нэгэн хүндэтгэх шалтгаан байгаа. Мөн тэд ингэж эрт босохын тулд маш их хичээл зүтгэл гаргасан.” гэж туйлын хүндэтгэлтэй ханддаг болсон.

Хүн угаас өөрөө туулахгүй л бол хичнээн ойлгохыг хүссэн ч хүний зовлонг ойлгодоггүй.

Тиймээс би өглөө эртлэн босдог хүмүүсийг хүндэтгэж блог, page -дээ бичлэг оруулахдаа schedule-г нь өглөөний 6 цагт тавьдаг болсон. Эрт боссон нь эрт мэдээллээ хүртэж, эрт нар мандахыг харж, хамгийн түрүүнд байх ёстой юм байна аа гэдгийг ухаарсан болохоор.

Өглөөний хүмүүс зүгээр л хамгийн сайныг хүртэх эрхтэй.

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet