Мэргэжил сонгохдоо

expert.bunny
5 min readFeb 7, 2020

--

Мэргэжлээ хэрхэн сонгох вэ?

Сансрын нисгэгч болмоор эхлээд нягтлан бодогч юм уу эмч болохоор дуусч байна уу та нар? Хэхэ

Одоо мэдээллийн сувгууд сайн хөгжсөн болохоор ямар мэргэжил юу хийдгийг мэдэж авахаас гадна төрөл бүрийн online курс сургалт авч тодорхой мэдээлэлтэй болох ч боломжтой болжээ. Миний үед ямар ийм юм байсан биш. Цэвэр төрсөн өдрийн төөрөг заяа, гарсан өдрийн гариг л мэддэг байлаа. Хэхэ

Эмчийн хүүхэд эмч, багшийн хүүхэд багш болдог ч тохиолдлууд бий. Энэ нь дээрх мэргэжлийн таалрх ойлголтыг хүүхдүүд ээж ааваараа дамжуулан авсантай холбоотой мэргэжил удамшиж байгаа үйл явц л даа. Одоо мэдээлэл улам сайн, нарийн хөгжөөд байгаа болохоор энэ мэргэжил удамшдаг загварч өөрчлөгдөх болж.

Гэхдээ би хүн болгон ямар нэг зүйлийг хийхээр энэ гараг дэлхийд хүн болж төрсөнд итгэдэг төрлийн хүн болохоор сэтгэл зүрхнээсээ дурлан хийх ажил, чадах зүйл гэдэгт итгэдэг хүүн.

Хийхийг хүсдэг ажил, хийж чаддаг ажил гэж төрөл бий. Хүүхэд байхад энэ бүхний учрыг олоход хэцүү л дээ. Бас хүн болгон хийхийг хүсдэг ажлаа хийж амьдардаггүйг ч ойлгоход хэцүү. Танай ээж аав яг өөрийн хийхийг хүсдэг ажлаа хийж амьдарч, чиний сургалтын төлбөрийг төлдөг гэж бодож байна уу? Ихэнх нь хийхийг хүсдэг зүйлээ хийдэггүй л байгаа. Тэд чаддаг зүйлээ хийж чамайг, гэр бүлээ тэжээж амьдарч байгаа.

Юуны өмнө одоогийн хэт туйлширсан тэнгэрийн, агаарын “Хэрхэн хурдан баяжих вэ?” мэтийн сэтгэлгээг өөгшүүлсэн нийгэмд хүн болох гэж яваа та нарт хандаж зөвлөх, ойлгож авах шаардлагатай хэдэн зүйлийг тайлбарлах хэрэгтэй байх.

Манай ээж нэг удаа ярьж байсан юм. “Энэ Балдан их сайн хүү. Бүр нэг сайхан амьдардаг мундаг хичээл зүтгэлтэй хүү. Малаа сайхан маллана. Гэр бүлээ сайн авч явна. Эхнэртэйгээ хамт малаа хэнээс ч дутахгүй маш сайн маллаад дөрвөн хүүхдээ сумынхаа төвд сургуульд суулгаад бүр нэг тэрүүхэн тэндээ сайхан амьдардаг залуу байгаа юм.” гэж ирээд хамаатныхаа залууг магтахад нь би “Нээрээ л хүн учиргүй хүсээд, дэлхийг өөрчлөөд, баяжаад сүйд болдоггүй юм аа гэхэд ЧАДАЖ БАЙГАА ЗҮЙЛЭЭ ХАМГИЙН САЙНААРАА ХИЙГЭЭД, САЙХАН АМЬДАРЧ БОЛОХ ТУХАЙ эргэцүүлж байж билээ. Хүн бүхэн хийхийг хүсдэг зүйлээ олж мэдээд тэр мэргэжлээ эзэмшээд амьдарч чаддаг гэдэг бол үлгэр. Зарим хүмүүс бүр жаахан байхдаа мэдчихнэ. Зарим хүмүүс хэзээ хойно нь ойлгох нь ч бий. Би л гэхэд одоо барилгын инженер мэргэжилтэй. Төгссөнөөсөө хойш энэ мэргэжлээрээ л хоолоо олж идэж байгаа. Сургууль төгсөхдөө тоо сайн боддог, физикийн хичээлдээ ухаангүй дуртай байснаас мэргэжил маань тодорхойлогдсон юм. Яг миний чин зүрхнээс хүсч дурлаж хийдэг ажил маань биш ч гэлээ өдий олон жил тэжээсэн энэ мэргэжилдээ би үргэлж талархдаг. Хүний чаддаг зүйл гэдэг хамгийн сайхан нь байдгийг л захих гэсэн юм. Хэдий олон зүйлийг чадах тусмаа амьдрал тань илүү баталгаатай байна шүү. Түүнээс хаа хамаагүй нэг амжилттай хүний хэлсэн хоосон үг, чамаар мөнгө олох гэсэн амар хялбар арга замууд чамайг тэжээхгүй.

Одоо юм хөгжөөд Монгол Сансар судлалаар мэргэшсэн ч хийх ажил олдохоор болж, сагс сайн тоглодог нь сагсаа тоглоод сайхан амьдрах боломжтой ч болж. Тийм боломж байгаагүй цаг үе бас байсан гээд бодоод үзээрэй. Танай ээж аав тийм л үед төрсөн. Тэд хэдий зүгээр л бүжиглэж, дуулах дуртай байсан ч тэр чиглэлээ хөгжүүллээ гээд хүүхдүүдээ тэжээх боломж дутмаг цагт амьдарч байсан болохоор статистикч, багш, сэтгүүлч гэх мэт нийгэмдээ байж болох мэргэжилтэй болсон байгаа. Тийм болохоороо чиний чин хүсэл болж сонгох гэж байгаа мэргэжлийг хоол олж идэхэд хэцүү гэх мэтээр өөлж гоочилж байж магадгүй. Энэ нь тэдний буруу биш ээ. Ийм үе байсан юм. Одоо бол их өөр болсоон. Дэлхий хавтгай болсон болохоор чи Монголд биш дэлхийд бэлтгэгддэг болсон. Заавал Монголдоо ажиллаж амьдрах ч албагүй, хүссэн газар руугаа явж суралцаж, ажиллаж амьдарч болдог болсон. Тэгвэл хэрхэн өөрийнхөө юунд дуртайгаа юм уу, юунд илүү сайныгаа олж мэдэх хэрэг вэ? гэж үү?

Үүнийг олж таньж мэдэхийн тулд аль чадахаараа олон ном уншиж, олон зүйл үзэж харж, олон орны соёл иргэншил судалж, олон хэл сурч, олон зүйлийг туршиж, олон сургалт дамжаанд хамрагдаж үзэх хэрэгтэй. Хүн хийж үзээгүй зүйлээ л мэддэггүй. Мэдэхгүй зүйлээсээ л хамгийн их айдаг юм. Би хоол хийх туйлын дургүй болохоороо хоол хялбар хийдэг, талх барьдаг, бялуу гэртээ хийж төрлийн эмэгтэй биш л дээ. Бүр хэзээ ч хийж чадахгүй л гэж боддог байлаа. Гэхдээ би хоол хялбархан хийж идэж сурсан, бялуу хүртэл өөрөө хийж үзсэн. Чадахгүй гэж бодож байсан зүйлээ чадах мэдрэмжийг ч авч үзэх хэрэгтэй. Огтоос дургүй, хийдэггүй зүйлсээ ч туршиж үзсээр л байх хэрэгтэй. Тэгж байтал нэг л өдөр та нар өөрийнхөө хамгийн сайн чаддаг юм уу, хийх дуртай зүйлээ олох болно. Тэр нь мэргэжил чинь болж амжина уу, амжихгүй байна уу хамаагүй. Амжвал уг нь сайн. Гэхдээ хамгийн тодорхой баттай зүйл бол чиний сонгосон мэргэжил чамайг хийхийг хүсдэг зүйлээ олоод хийдэг болтол чинь ТЭЖЭЭХ НЬ л үнэн. Тиймээс мэргэжил чинь чиний туйлын хүсэл биш байсан ч хамаагүй ЧИНИЙ ХАМГИЙН САЙНААРАА ХИЙЖ ЧАДДАГ ЗҮЙЛ л байх нь чухал шүү. Хүн чаддаг зүйлээ хийхдээ тийм ч их ядарч зүдэрч зовдоггүй. Зовохгүй хийж чаддаг болтлоо мэргэжилдээ мэргэшсэн хүн болоорой. Сайн сураарай.

Дэлхийн бүх хүн Билл Гейтс шиг баяжаад, 5 орны хэлтэй, 50 орноор аялсан байх албагүй. Дээр хэлсэн шиг зүгээр малаа сайхан малладаг малчин, ажлаа гүйцэд хийдэг төрийн албан хаагч, чин зүрхнээсээ тангараглан ажилладаг эмч, багш байж болно. Тэр нь чамайг сайхан амьдруулдаг байж болно. Хүнд үүнээс өөр юу ч хэрэггүйг, хүний амьдралд тийм их зүйл хэрэггүйг та нар хэдэн жилийн дараа ойлгоно оо. Бас чадвал ямар том юмны өчүүхэн жижиг хэсэг гэдгээ, өөрийнхөө юу ч мэдэхгүй дура гэдгээ эртхэн ойлгохыг хичээгэрэй. Баабарын “ДОРИ ИДЭР ДҮҮДЭЭ ХАНДАХ НЬ” номыг нэг гарчиглачихвал тун зүгээр шүү.

Одоо бол дэлхийд хэрэгтэй, алдартай, цуутай аугаа нэгэн болохыг мөрөөдөж суугаа байх л даа. Энэ нь ч зөв. Угаасаа та нарын насан дээр мөрөөдөл дэлхийн гадаа л байдаг юм. Харин үүнийг чинь ойлгож чиглүүлэх ёстой багш, ээж аав нар чинь өөр зүйл ярьж байвал миний дээр хэлсэн шиг шалтгаанууд бас байдаг юм шүү.

Хүссэн дуртай зүйлээ олвол түүнийгээ хийгээд олдохгүй бол хамгийн сайн чаддаг зүйлээ хийж өөрийгөө авч явж байхдаа хүсдэг зүйлээ олох сонголт л байдаг юм даа.

Пикассог давсан алдарт зураач болохыг мөрөөдөхгүй, барилгын хана буддаг будагчин болох хүсэлтэй байх чинь том сэтгэж чадахгүй эргүү юм шиг харагддаг болсон энэ нийгэмд ЭГЭЛ ХҮНИЙ амьдралаар амьдрах хэцүүг би сайн мэднэ ээ. Тийм болохоор надад даруухан мөрөөдөлтэй, яруухан амьдралтай бүх хүмүүс хайр хүрмээр санагдаад байдаг юм.

“Хүн бүрт хялбар амжилтад хүрэх арга зам гэж бий. Харин энэ замаа олохын тулд бие бие рүүгээ тэмүүлэх хүчтэй энерги хэрэгтэй.” Виржил Аблогийн энэ үгэнд би туйлын дуртай. Энэ үгийг санаж өөрийнхөө татагдаад байгаа, хүчтэй тэмүүллээ олоорой. Үүнд чинь туслах, хэрэгтэй байж магадгүй өөрийн medium блогт оруулж байсан хэдэн линк оруулья. Дэлгэрүүлэн судлаад үзээрэй.

ГАМП

Dream job-1

Dream job-2

Dream job-3

Big magic номын тэмдэглэл

Хаясан гээсэн зүйлийг хүргэх товчоо

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet