МУУ ХҮМҮҮС ХААНААС ҮҮСДЭГ ВЭ?

expert.bunny
3 min readSep 26, 2019

--

Ядуу хүн мөнгөгүй байхын зовлон, баян хүний мөнгөгүй байхын зовлонгоос хэд дахин хүнд байдаг. Манайх шиг ядуу сууринд энэ зовлон нэвт шигэсэн байх ба хүн энэ ядуурлын мананд живэхээрээ хүн алж, хулгай хйхээс ч буцахгүй болж, бүхий л муу муухайг үйлдэж хүн чанараа алдаж эхэлдэгийг би нүдээрээ үзэж байлаа…

“Өөрийгөө олсон амьдрал” номоос Сайберо Сэйко

Би бас өмнө нь ингэж зөндөө боддог байсан. “Хүн ер нь яагаад сайн хүн болдог юм бол” гэхээс илүү яагаад муу хүмүүс бий болоод байдгийг, сайхан санагдаж байсан хүмүүс яагаад харьцахын аргагүй болчихдогийг, сайхан амьдралтай байсан ах яагаад тэтгэвэртээ гармагцаа гудамжны архичин болчихдогийг, яагаад ийм зүйлс Монголд илүү их байдагийг гайхдаг байлаа.

Ядуурал. Ядуу байна гэдэг, мөнгөнөөс болж шанална гэдэг хүний тэсвэр тэвчээрийн, сэтгэлийн хатын, хүн чанарын мяндсан утсыг хөндөж тасдчихдаг болохоор зарим нь архинд орж, зарим нь амиа хорлож, зарим нь гэр орондоо уур бухимдлаа гаргаж, зарим нь 76 д уураа гаргадаг байх нь.

Би гадарлана аа. Гэрийнхээ тогны мөнгийг ч төлж чадахгүй, автобусны мөнгө ч байхгүй байх ямар байдгийг мэднэ. Бууж өгмөөр, шантармаар, залхмаар, өөрийгөө залхаан цээрлүүлмээр санагддаг нь ч үнэн. Ийм үед юун хүн чанар, юун сурах хөгжих, юун гоёх гангалах… Зүгээр л үүрд мөнгө, мөнгө, мөнгө л толгойд эргэлдэнэ.

Гэхдээ би иймэрхүү зовлонг хажуу хавирганы сайхан сэтгэлт, буянт хүмүүсийнхээ ачаар даваад гарсны дараа “ Тоомжиргүй амьдрах ухаан” -г уншиж байхдаа нэг зүйлийг маш сайн ойлгож авсан.

“Хүн яадгаа алдатлаа дордлоо гээд тэр нь яана гэж?” Мөнгөгүй бол гараад цагийн ажил ч болох нь ээ хийгээд мөнгө ол, хоолгүй хонох гээд байвал гутал тосол, өр зээлэндээ даруулж үхэх гээд байвал бүсээ чангал. Хамгийн муугаар төсөөллөө гэхэд тэр нь тийм ч хүн тэвчихээргүй зүйл байхгүй гэдгийг л ойлгочих. Тэгээд л болоо. Одоо харин гарах гарцаа хайж эхэлнэ. Үүний оронд ихэнх хүмүүс одоогийнхоо зовлон шаналлыг л бодон бодон шаналж өөрийгөө улам дааж давшгүй стресстүүлдэг. Ингэлээ гээд юу ч шийдэгдэхгүйг мэдсээр байж шүү…

Энэ хэсэг бол миний толгой руу цохиод авах шиг л болж билээ. Нээрээ л амьдралаа бүр дордлоо гэхэд яах талаар бодоод үзэхээр тийм ч их айх зүйл байхгүй шиг санагддаг юм билээ. Зүгээр л эрүүл саруул, амьсгалж хөдөлж байгаа цагт учир нь олддог л хорвоо.

Харин Сайберо Сэйко зохиолч хүн ядуу тарчиг байдалтайгаа эвлэрч түүнээс гарахгүй удвал хүн алж хулгай хийхээс ч буцахгүй дорддогийг яруу тодоор сийлжээ. Түүний номыг уншиж байхад яагаад ч юм “Яг л бид нар байна шүү дээ” гэдэг үг байнга толгойд эргэлдэж байлаа.

Эвий, эвий…

Ийм байгаа нь ядуугийн л гай юм байна гэж…

Гэхдээ манай улсын юу нь гоё гэдгийг бид сайн мэддэг байх хэрэгтэй. Үнэхээр хичээгээд зүтгээд, өөрөөр сэтгээд хөгжиж чадвал Монголд та ямар ч гудамжны архичны гэрт өссөн байлаа гээд хамаагүй, хэн ч болж болно. Маш бага хүчээр том хөдөлж болно.

Харин гадны өндөр хөгжилтэй улсад хүн сурах гэж тэмцэнэ, ажилд орох гэж тэмцэнэ, амьдрах гэж тэмцэнэ, ажилдаа үлдэх гэж тэмцэнэ. Бүхэлдээ тэмцэл учраас баян оронд та гуйлгачнаас хэн нэгэн болох бараг л үлгэр байдаг байна. Энэ чинь маш том давуу тал шүү дээ. Гол нь хүн яаж ч дордож байлаа гээд эрүүл мэнд, амь настайгаа л байгаа бол чулууг ч алт болгох хүчтэй гэдэгтээ итгэж шаргуу хөдөлмөрлөсөөр л байх хэрэгтэй.

Надад Виржил Аблогийн “Хүн бүрт санамсаргүйгээр амжилтад хүрэх хялбар зам гэж бий. Хүссэн зүйлийнхээ төлөө тасралтгүй, шаргуу хөдөлмөрлөж байгаа хүнд санамсаргүйгээр хүссэн амжилтандаа хүрэх хялбар зам нээгддэг гэдэгт би итгэдэг” гэх энэ үг үнэхээр таалагддаг.

Бүгд л хөдөлмөрлөөд байж дээ, хонгорууд минь. June

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet