Монгол эмээ, өвөө

expert.bunny
4 min readJan 12, 2022

--

Шинэ он гарсан болохоор ч тэр үү гандан их хүнтэй байлаа. Дээр үед ээж аавтай л хамт ордог байсан болохоор амралтын өдөр ажилладаг эсэхийг нь ч мэддэггүй юм байна. Дандаа л өглөө эрт очихгүй бол хаачихна гэж яардаг байсан болохоор цагийн хуваарийг нь ч мэдэх юм алга. Тэгээд FB р хайсан чинь өдөр бүр 09–17 цаг хүртэл ажиллана гэхээр нь өглөөний нойроо хугаслахгүй тааваараа амарч байгаад үд өнгөрөөж очтол “Юун Нарантуул” манайхан бүгд тэр газар цугласан мэт л бужигнаж байдаг шүү. Гэхдээ шинэчлэн сайжруулж барьсан хурал бичдэг байр нь том сав тул тийм ч уурлаж цухалдмаар дараалал мэдрэгдсэнгүй. Банк шиг дугаар авч, оочерт хөлөө чилтэл зогсож, суух ч сандалгүй харанхуй, ундуй сундуйгаа байжээ. Миний дугаар 973 гэхэд “таны өмнө 193 үйлчлүүлэгч байна” гэх. 193 хүний дараа бичүүлэх нь ээ. Гэхдээ үзэх харах юм ихтэй энэ газар очер дугаар хүлээх нь харин ч зугаатай хэрэг болж.

Үүнийг ашиглаад шинэ дуган сонирхож, Жанрайсагт ч мөргөөд амжлаа. Шинэ дуганы том цонх, бурхны өмнөх таримал цэцгүүдийн үзэсгэлэнтэй гэж. Бурхан номын ариун газар болохоор ингэж ургадаг хэрэг үү? Үүнийг тарьж арчилдаг хүнтэй уулзахсан. Асуух зүйл их байна даа гэж алхам тутамд бодогдоно. Хатаж хорчийсон нэг ч ургамалгүй үнэхээр, бүр үнэхээр сайхан ургажээ. Ийм их цонхтой, ургамалтай болохоор ч тэр үү нэг л уужуу тайван тухтай мэдрэмж төрөхөөр их сайхан шинэ дуган байлаа. Хүмүүс ийм шүтлэгтэй болчихсон юм уу? Би ийм газар ирээгүй удсан болохоор тэгж санагдаад байгаа хэрэг үү? бүү мэд. Бурхандаа мөргөчихөөд гарахдаа бүгд л ухарч гараад, малгай толгойгоо авч ёслоод нэг тийм ойрд хараагүй сайхан зүйлс. Энд байгаа хүн бүр, мөргөл үйлдэж яваа хүүхдээ тэвэрсэн залуу хос, очероо алдчихгүй гээд байн байн босч шалгаж байгаа өвөө, өвгөнийхөө араас гараа үе үе савчуулан дуудах эмээ бүгд л кино шиг санагдаж, зүгээр л хүмүүс ажиглаж удаан суумаар санагдав. Ийм амралт болж байгаа очерт баярлах ч шиг.

Эргэл мөргөлөө гүйцээгээд ирсэн ч очер маань урагшилж шальсангүй ээ. Дахиад миний өмнө 100 хүн байх шиг байна. Хүмүүсээс зайдуу заал бүхэлдээ харагдахаар сандал олж сууснаа гэнэт ер нь ээждээ ном уншуулахаас гадна өөртөө ч бас ном бичүүлчихмээр юм байна гээд юунд сайн, юуны ном болохыг бичсэн тайлбар бүхий самбар руу очиж уншиж уншиж таньдагаар нь “Хийморийн сан” “Ногоон дарь эх” ээ л оллоо. Хэхэ. Гэхдээ энэ зааланд цэцэрлэг цаашаа их хүүхэд тоглож, гүйлдэх нь хачирхалтай. Зугаатай ч шиг. Гүйж яваад ирж мөргөж унаад л , уйлаад л , инээгээд л … Хүүхэд яагаад ийм дундаршгүй аз жаргалын энергитэй байдаг юм бол оо? Миний тэр энерги хааччихсан юм бол? Байгааг нь бид нар анзаарахаа больчихдог юм болов уу? ч гэж бодох шиг.

Хамгийн тод анзаарагдсан зүйлс. Энэ хөөрхөн хүүхдүүд бүгд л нэг эмээ өвөөгөө дагаж яваа хүүхдүүд байх юм. Өвөөгөө хөтлөөд, эмээдээ малгайгаа бариулчихсан эрхэлж, жаргаж яваа улс. Бас өвөө эмээгээ сандал олоод суухаар тэднээс 10 алхмаас илүү холдохгүй, хаа нэг гүйж явснаа эргэж хар гүйхээрээ очиж үнэрлүүлнэ. Тэдний очер миний дараа байгаасай, ханатлаа харж авахсан гэж бодогдох… Хэн нь хэнийгээ халамжилж явааг бүү мэд. Гэхдээ хэн ч анзаардаггүй энэ зүйлс.

Тэгээд бодлоо л доо, хэрвээ намайг багад ээж аав жил бүр дагуулж Гандан ордоггүй байсан бол би муу зүүд зүүдэлмэгцээ тийшээ явахаар сэтгэхгүй байх байсан биз. Гэтэл над шиг шүтлэгтэй хүний шүтлэгийг хүндэлж өссөн төрлийн хүний хүүхдүүдэд энэ их шүтлэг нь алдагдаж л уламжлагдах байх. Бас тэдний хүүхдэд алдагдаад, тэгж яван явсаар 3 хан үеийн дараа шүтлэг гэдэг жирийн хүний ажил биш, лам, хуврага гэх мэргэшсэн хүнийх нь л ажил мэт ойлгогдох биз. Бид нар дандаа л хонь, мал, эрх ишиг цагаан ишиг минь гэж дуулсаар зураг зурах болохоор л байнга харснаараа уултай, устай газарт гэр мал, хашаа хороо зурдагсан. Одоо манай хүүгээс аваад хүүхдүүд хачин жигтэй аймшгийн амьтад л их зурдаг юм билээ. Үздэг хардаг, сурч өсч байгаа үеийнх нь л нөлөө байх. Гэхдээ л бид нүдэнд үзэгдэхгүй, мэдрэгдэхгүй байдлаар ямар нэг үнэ цэнэтэй зүйлээ, хэзээ нэгэн цагт туйлын үнэ цэнэтэй байсан зүйлсээ алдсаар л байдаг аж. Жоохон гунигтай хэрэг. Тэгээд л би энэ эмээ өвөөдөө хөтлүүлээд жаргалтай гүйж байгаа хүүд атаархаад байгаа байх. Энд хэн нэгнээр хөтлүүлж, ном бичүүлэхэд нь хань болох гэж биш, энэ удаа өөрөө номоо шийдэж бичүүлэх болчихсондоо гуниглаад байгаа байх. Ийм алдсан үнэ цэнүүдээ ч анзаарах завгүй, сэтгэлгүй болтлоо амьдардаг болчих үеүүдийн хүүхдүүдийн өмнөөс ч харамссан хэрэг биз.

Соёл уламжлалаа хадгалан авч үлдэх нь эцэстээ зүгээр нэг салбар, байгууллагын асуудал ч биш л дээ. Өнөөдөр 1-р ангид байгаа хүүхэд хэр Монгол эмээ өвөө байх тухай л асуудал юм байгаа юм.

Жич: Монгол гэдэг нь зүгээр нэг шашны тухай биш юм шүү. Энд зүгээр л жишээ татсан болно.

Cheers,

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet