Ингэж эхэлсэн
Бүх зүйл ингэж эхэлсэн…
Устай орчинд чив чимээгүй түнэр харанхуйн дунд, хааяа дууддаг ээжийн намуухан хоолой, түүний гараараа зөөлөн тэмтэрч илдэгээс эхэлсэн. Тэр хүний хайраас өөр юу ч мэдэхгүй эхэлсэн.
Тэр шөнийн тэнгэр харж хэвтэхэд од тасралтгүй анивчих нь, түүний гэрэл тогтмол биш тодорхойгүй давтамжтай асч унтрахыг ажиглахаас эхэлсэн.
Тэнгэрт байгаа тэр их үүл салхинд хөдлөхийг анзаарч, түүнийг тодорхойлсон миний дүрс нэршил секунд бүрт өөрчлөгдөхөөс эхэлсэн.
Ваннтай усанд хөлөө дүрэхэд усан доторх дүрслэл өөр хэмжээтэй харагдаж, тов тогтмол усны сүүдэр ванны ёроолд хээ угалзруулахаас эхэлсэн.
Бороонд нороод анх төрсөн сэтгэгдэл нь бороотой бороогүйн хооронд зогсож үзэх мөрөөдөл болж эхэлсэн.
Бодол урсахыг зогсоож чадахгүйгээ анзаарч зүгээр түүнийг чагнаж танихаас эхэлсэн.
Цасны ширхэг гарт буухад ширхэг бүр нь өөр өөр хэлбэртэй байгааг ажиглаад зурахаас эхэлсэн.
Цаад холын уулс бор биш цэнхэр өнгөтэйд атаархаж очиж үзэхийг мөрөөдөхөөс эхэлсэн.
Намрын навчис дээр шаржигнүүлан гүйхээс илүү инээд хүрэм мөч дахиж тохиохгүйг мэдсэн юм шиг ханатлаа тоглосон тэр өдрөөс эхэлсэн.
Нэг нэг навчинд хайрын үг тамгалаад тэмдэглэлийн дэвтэртээ хадгалчихаад нэг ширүүн татахад үйрээд унахад нь зүрх зүсэгдэхээс эхэлсэн.
Мод бүрийн дуулдаг дуу, үнэртдэг үнэр, найгадаг чиглэл нь өөрийг танихаас эхэлсэн.
Ууланд алхаж гараад орой дээр нь их удаан доош харахад бүх газар дэлхийн хөдөлгөөн нүдэнд үзэгдэхээс эхэлсэн.
Хаа сайгүй явахад дагаад байдаг сарнаас айж хар хурдаараа гүйж харьсан өдрүүдээс эхэлсэн.
Бүх зүйл ингэж эхэлсэн…
Их удаанаар, тийм зөөлхнөөр, харсан, ажсан, шаналсан, бодсон, анзаарсан, мэдэрсэн бүхнээс эхэлсэн.
Бусдын уйлахыг харж тэвчихгүй дагаад уйлчихыгаа мэдрэхэд эхэлсэн.
Хүний зовлонг өөрийнх шигээ мэдрэхээс эхэлсэн.
Хүүхдийн инээд сонсохоор гижиг хүрэхээс эхэлсэн.
Хүн бүрийг л хүний сайхан үр гэж бодохоос эхэлсэн.
Бүх зүйл ингэж л эхэлсэн.