Дэлмийн хүндлэл

expert.bunny
3 min readOct 20, 2021

--

… Дэлгүүрийн кассчин эгч нар биднийг юм худалдан аваад тооцоо хийгээд гарахад “Баярлалаа” гэдэг хэрнээ яагаад ганцаараа яваа хүүхэд худалдан авалт хийхэд тэгж инээмсэглэн хэлдэггүйг гайхдаг. Согтуу худалдан авагч нь төлбөрийн мөнгөө хайн бүх халаасаа гуйван тэмтчихэд тэвчээртэй хүлээдэг хэрнээ том хүнгүй яваа хүүхдүүд юу авахаа шийдэн яваж кассан дээр өрөөстэй чихэр рүү жаахан удаан ширтэхэд уцаарлаж үзэгддэг. Яагаад?

Хүүхэд байх тусам нь хүндлэх ёстой биш үү? Манайд ийм дүр зураг ихээхэн нийтлэг ажиглагдана. Хүүхэд бол дээрэлхэж, хүүхэд болохоор хүлээж, хүүхэд болохоор хүний өөдөөс юм хэлж болохгүй. Энэ нь олон зүйлтэй холбоотой байх л даа. Манай Монгол дээр үеэсээ л “ахаа алд хүндэлж, дүүгээ дэлэм хүндэл”, “шувууны бага нь жиргэдэг” гэх мэт нас бага байх тусам бага шагнал хүртэхтэй холбоотой хэлц үг, хүмүүжил сонсож өссөнийх байх.

Гэхдээ өөрөөсөө сул дорой, нас бага нэгнийг үл тоож, муухай харьцаж, дээрэлхэх нь ариун явдал мөн үү? Зүгээр л манайхан нэг тийм бусдад гайхуулж, овгор товгор харагдахдаа дэндүү ач холбогдол өгдөгөөс нь болдог юм биш байгаа? Өөрөөс нь сул дорой хэн нэгэн гарч ирмэгц уухайн тас шүүрч авч байгаад доош хийж, хяламхийх дуртай юм биш байгаа?

Дээрх дэлгүүрийн нөхцөлд бол нас, боловсрол, шашин шүтлэг хамаагүй хэн мөнгөтэй, төлбөр хийж байгаа нь л ХААН биз дээ? Уг нь гэтэл яагаад ижилхэн төлбөрийн чавдартай 2 үйлчлүүлэгчид насны ангиллаар ханддаг билээ? Энэ ариун явдал яавч биш! Бас иймэрхүү зүйл дан ганц дэлгүүрийн касс ч биш Монголд хаа сайгүй таардаг. Хүүхэд болохоор нь юу ч гэж харааж загнаж болно, хүүхэд болохоор нь дээрэлхэнэ, хүүхэд бол хуурч байгаад суудлыг нь булаана.

Дээр үед дүү, манай үэл гээд 3 жаахан охин СТӨ-нд нэгэн үзвэр үзэхээр явсан юм. Хамгийн том нь би гэхээр 12–15 насны л 3 жаахан охин. Тэр 3 үзвэрийн цагаас түрүүлж ирээд тасалсан билетэн дээр заасан суудлын дугаараараа байраа эзлээд сууж байтал билщтийн кассны нэг эгч хэдэн том хүн дагуулж ирээд “та хэдийн билет давхар бичигдчихжээ, эгчийн дүү нар дээр өөр газар суучих” гэдэг байгаа. Юу вэ? Яахаараа давхар бичигддэг хэрэг вэ? гэж асууж ч амжаагүй байхад дагуулж яваа том ах эгч нар суудал руу зүтгэлнэ. Би “Давхар билет бичих чинь таны буруу биз дээ? Би таныг давхар бичээд өгөөч гэж гуйгаагүй. Бас билетнийхээ үнийг ч төлсөн байтал яагаад ийм таны бурууг бид хүлээх ёстой болж байгаа билээ?” гэтэл, “ эгчийн дүү нар тоглолт эхлэх нь гялалз” гээд унадаг байгаа. Миний гэнэт маш их уур хүрч “Та ямар муухай хүн бэ? Бид нарыг хүүхэд болохоор яаж ч болно гэж бодоод байгаа юм уу?” гээд л заалаар нэг орилчихсон.

Тоглолт ч эхлэх цаг болж, бид суудалдаа үлдсэн дээ.

Энэ мэт хүүхэд болохоор нь яаж ч болдог зүйлс Монголд зөндөө байсаар л байна. Энэ ариун явдал яавч биш!

Хүүхэд байтугай, том хүн, эмэгтэй хүмүүсийн ч эрх зөрчигдсөөр байхад гэх байх л даа. Гэхдээ үүнийг дуугүй өнгөрөөмөөргүй байна. Таны нандигнадаг ганц хоёрхон хүүхэдтэй чинь захын нэг таксины жолооч, үүдний жижүүр, дэлгүүрийн касс, багш, байрны ах эгч ингэж харьцдаг гэхээр ямар байна даа?

Бас таны л хүүхэд болж байвал бусдын хүүхэд хамаагүй гэдэг сэтгэлийг чинь ч тааж л байна. “Миний хүүхэд дэлхий, хүний хүүхэд мэлхий”

Гэхдээ л энэ хорвоод Батаагийн эрх ашгийг зөрчиж, хязгаарлахгүйгээр Цэцгээ амьдардаг жам ёс буйг санууштай. Эсвэл нэгэнт иймээрээ үүрд үлдэхээ хэлчихвэл үр хүүхдээ багаас нь ийм зүйл ажрахгүй, тоохгүй, хүний дорд үг хатуу үг даах нуруутай өсгөмөөр байна. Гэтэл одооны айлын ганц нэгхэн, аминаасаа илүү хайрлаж өсгөж байгаа хүүхдүүд хүний үг даах чадвартай өсөх юу л бол? Тэгээд том болох гэж сийчүүлж явахдаа гэнэт шантраад байшингийн дээврээс үсэрдэг тэнэг тоглоомонд нэгдчих ч юм билүү? Хэн мэдлээ.

Хүүхэд болохоор нь илүү хайрлаад, илүү эрх чөлөөтэй байлгаад, илүү анхаарал тавиад, илүү сэтгэл гаргахад биднээс юу унахсан билээ?

Хүн бүрийг хүний сайхан үр гэж бодохоор хорвоод үнсэлгүй үлдээх тоосонцор ч үгүй байхсан.

Cheers,

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet