Дипломоор төлөвших нь

expert.bunny
4 min readJun 30, 2020

--

Элсэлтийн шалгалтын сезон болж байгаатай холбоотойгоор 2016 онд бичиж байсан нийтлэлэийг дахин хүргэе.

Хүмүүс үе үеэрээ байдаг. Манай аав ээжүүдийн үеийнхнээс нэг тийм яс, дэг журамтай, түүнээ сайн баримталдаг, дуулгавартай, шинэ зүйлд таатай бус ханддаг, уламжлалт, ах захаа хүндэлдэг гэх мэт тэдэнд бүгдэд нь ажиглагдах соц суртахуун гүн шингэсэн байдаг. Харин манай зах зээлийн шилжилтийн үеийнхэнд энэ соц суртахууны хагас, мөн шинийг сурах шинэ рүү тэмүүлэх чинхүү хүсэл ажиглагдана. Аа харин, өнөөгийн юм хөгжиж цаг сайхан болсон үеийнхэнд үргэлж шинэ эрмэлзэл, түүнээ хийх бүтээх, бөөн бөөн шинэ содон санааны тэсрэх бөмбөг зүүсэн мэт л харагдах…
Гэхдээ би л ингэж харахыг хүссэн ч юм уу?

Саяхан надтай хамт сургалтанд явдаг 3 бүр 4 ч билүү, их сургуульд дөнгөж элсээд буй охидуудтай ярилцаж байтал тэд бүгд эдийн засагч мэргэжил эзэмшихээр шийдэн сурч байна. Нэг ангийн 4 хүүхэд 4-үүлээ эдийн засагч… Сонин таагүй мэдрэмж төрөх ч шиг.
Аль 10 жилийн өмнө намайг төгсөж байхад манай үеийнхэн бүгд л эдийн засагч гэж мөнгө их олдог лаг мэргэжил болохоор бүгд эдийн засагч больё гэж тохирсон мэт нэг ангийн 70 хувь нь эдийн засагч болохоор кокурсддаг байлаа. 10 жилийн өмнө. Би ч мөн л тэдний адил эдийн засагч гэж гоё сайхан юм байх гээд л Лениний заасан замаар урагшаа гэдэг шиг ээж аавын итгүүлсэн үнэмшлээр урагшилж тийн конкурсдсан ч Хүмүүнлэг, ШУТИС 2 сургуульд л хуваарь авч аль чадахыгаа сонгоё хэмээн тоо их боддогоор нь ШУТИС-д орж байлаа. Сохор азаар би эдийн засагч биш инженер болсондоо их баярладаг. Би мэргэжилдээ үнэн голоосоо хайртай, үүнийг хийхийн төлөө төрсөн хүн биш боловч энэ мэргэжил надад их тохирдогийн сацуу чаддаг зүйл минь гэх үү дээ. Хүн хүссэн зүйлээ хийх, чаддаг зүйлээ хийх, хийх ёстой зүйл, хийхийг хүсдэг зүйл гэх мэт олон ангилал бий. Энэ хэсэг бол миний чаддаг, ёстой зүйл. Гэхдээ миний харамсдаг нэлээдгүй зүйл бий. Би жаахан ухраад ядаж 5 жилийн өмнө буюу интернет хөгжсөн, дэлгэрчихсэн, гадаад дотоодод явуулдаг бүхий л гарц яг өнөөгийнх шиг нээлттэй болчихсон үед төгссөн бол би хийхийг хүсдэг зүйлээрээ суралцах боломжтой байсаан гэж жаахан халагладаг. Миний үед хүн сагс сайн тоглодог, бүжиг сайн бүжиглэдэг, зураг сайн зурдаг, хоол сайн хийдэг, түүндээ хичнээн дуртай байсан ч тэр нь хоолоо олж идэх хэмжээний баталгаа болох мэргэжил болдоггүй байсан юм. Гэтэл бидний нүд чих нээгдэж, зөвхөн Монгол бус дэлхий сонин болж эхлэхэд би зүгээр л юм сайн эмхэлдэг байсан ч энэ нь надад ашигтай бизнес, миний амьдралын баталгаа болж болохуйц санагдаж орчлон хорвоо дээр боломжгүй зүйл нэгээхэн ч үлдээгүй мэт тийм их боломж нээгджээ. Үүнийг л глобалчлал гээд байсан юм байна аа гэж би одоо л ойлгож байна. Үүнийг одоо ойлгох хүртэлх цаг хугацаа бол миний харамсаад байгаа зүйл юм шүү дээ.
Гэтэл өнөөдөр эдийн засагч гэж хэн юу болох тухай төсөөлөлгүй, ээж аав нь зүгээр гэсэн болохоор сонгож суралцаад явж буй хүүхдүүд… Миний харууслыг бүү давтаасай. Бидний үеийнхэний дийлэнх нь эдийн засагч, хуульч гэх мэт мэргэжлээр төгсөөд 10 хүрэхгүй хувь нь л энэ мэргэжлээрээ ажилладаг байсан. Бусад нь бүгд дипломын гол болоогүй ээ, хөөрхий. Бусдынх нь 80 хувь нь 10 жилд авч чадаагүй төлөвшлийнхээ дутууг гүйцээж сурсан шахуу. Манай үеийнхний 10 жилийн боловсрол нэлээд хайрцаглагдсан байснаас бидний бие даах чадамж 0 хувьтай төгсдөг байснаас их сургуулийн боловсрол эзэмших 4 жилийн хугацаанд бие даах чадамж,багаар ажиллах, төлөвлөх, хуваарь гаргах, цаг барих, хувийн зохион байгуулалт хийх, цэгцтэй илтгэх, өөрийгөө илрүүлэх гэх мэт алдагдсан төлөвшлийг олж авдаг 2 дахь 10 жилийн сургалтархуу л юм байлаа. Одоо ч гэсэн ийм хэвээрээ гэж үү? Аль тэр Плеханов, Орчлон, Орос 3 гэх мэт хувийн рейтинг өндөртэй ерөнхий боловсролын сургууль төгссөн хирнээ, интернет, ном, сэтгүүл, кино бүхий л мэдээллээр бүрэн хангагдах хирнээ ээж аавын үгээр сонголт хийх, ийм цаг үед амьдарч байгаа хирнээ тийм зөвлөгөө өгөөд сууж байгаа эцэг эхчүүд бас байх… Нэг л сонин, буруу санагдаад байна.
Дэлхий глобалчлагдсан. Гадагшаа явж суралцах ямар ч асуудалгүй болсон. Дотоодын олон сургууль гадны жишиг хөтөлбөрөөр сургаж байгаа. Бүр youtube болон бусад хэрэгслээр online хөтөлбөрөөр зэрэг хамгаалах боломж нээлттэй болсон, зүгээр нүүр будах дуртай хүн нүүр будаад амьдарч болдог болсон, бидний өдөр бүр үзэж буй кино, уншиж буй сэтгүүлд бидний ч мэдэхгүй, огт дуулж ч байгаагүй сая сая мэргэжил боломж, бизнесүүд байдгийг үзэж байгаа, бараг маргааш сэрэхэд дэлхий сонин биш Марсыг сонирхох гээд байгаа ийм цаг үед манай их дээд сургуулийн боловсрол үргэлж хоёрдогч ерөнхий боловсролын систем байсаар байх уу? Эсвэл дипломонд санаархагч эцэг эх, хүүхдүүд ийнхүү их дээд сургуулийг үнэгүйдүүлсээр байх уу? . “За чи төгсөөд дипломоо л аваадах, сурах эсэх чинь хамаа алга, тэгээд түүгээрээ амьдрах эсэх чинь ч хамаа алга, дипломоо л авчихвал дараа нь чи лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү? хамаа алга” гэж та ч сонсож байсан байх.
Ямар их завтай хүмүүс вэ? Ямар назгай улс орон бэ? Ямар их урт наслалттай орон болохоор нэг хүний ерөнхий боловсролд 16 жил зарцуулаад байгаа юм бэ? Би л хувьдаа хүссэн зүйл хүртлээ туулж буй цаг хугацаагаа бодохоор боож үхэх гээд байхад. Ийм цаг үед ийм завтай хүмүүс байгаад итгэхэд хэцүү байна. Та бодоод үзээрэй. Та маргааш үхэх байсан бол юу хийх байсан юм бэ?

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet