ГУЙДАГ ХҮСДЭГ ЗҮЙЛСЭЭ АЛДСАН

expert.bunny
2 min readMay 9, 2023

--

Дахиад байгаа бүхнээ өгөөд ч амсаж чадахгүй ээжийн гарын хоол, дахиад үхээд сэхсэн ч сонсож чадахгүй ээжийн үглэлт, дахиад хэдэн зуун удаа хүн болж төрсөн ч таны хүүхэд байж чадахгүй гэх тарчлаан. Байхад нь үгүй болохгүй мэт үрсэн зүйлс,хүн бүрд бий.

Дахиад харчихаад өгье гэсэн ч тавиад алдчихсан сэтгэлүүд, дахиад үнэрлэчихээд мартья гэхэд гар хүрэхээргүй холдсон хүмүүс, дахиад сэтгэлээ онгойлгоё гээд гүйгээд очиход сүүдэр нь үгүй хаалгууд… Дахиад бидний шуналд эзлэгдэхээс өнгөрсөн дурсамжууд.

Зүгээр л энд хэвтэж байгаа болохоор энэ муу аарцтай үрлийг хүлхэлгүй зажилж идэж байгаа. Харин хүний газар нутгаа санасан аавын хүүхдүүд олдсон нэгийгээ ширхэглэн хүлхэж идэж байгаа.

Зүгээр л заваан болохоор, тэнэг болохоор, бусад нь муу болохоор, утаатай болохоор, ууртай болохоор, түгжрэлтэй болохоор дургүй эх орон чинь зүүдлээд ч болов түгжрэлд нь эрх чөлөөгөө эдлэхийг хүсэх диваажин санагдах нь байгаа.

Хэтэрхий сайн болохоор нь, алцан майга болохоор нь, алдар нэргүй болохоор нь юу нь ч юм болохгүй болохоор нь голсон таараагүй нэгэн чинь хэн нэгний дэлхий болох нь байгаа.

Байхад нь дуусахгүй мэт үрчихээд харамсдаг нь байгаа. Байсан байгаагүй амьдралд нухлагдаад анзаарахтай манатай нь байгаа. Байхгүйгээ гуйж сэтгэлээ хоослоод бумбыг хүсэмжлэх нь ч байгаа. Зүгээр л байхыгаа анзаарч, байхгүй болохыг нь сэрж жаахан олдсон цаг хугацаагаа нандигнаасай даа, та минь. Далайгүй ч тэнгэртэй, дайн дажингүй, сүйрэл тэмцэлгүй, хөгжил дэвшилгүй ч эрх чөлөөтэй дээ гээд л… Англи хэлгүй ч, монгол уламжлалтай, хэлтэй, сэтгэлгээтэй дээ гээд л…

Юутай байгаагаа мэдэж, талархаж нандигнаж эхлэх үед л монголчууд, Монгол минь хөгжих байх даа.

cheers,

bunny

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet