Бясалгал

expert.bunny
2 min readNov 27, 2023

--

Нүдээ аниад гүнзгий амьсгал авлаа. Амьсгал орж байгааг мэдэр, гарч байгааг мэдэр… Амьд байна, амьсгалж байна.

Амьсгал аваад гаргахын хоорондох секунд ч хүрэхгүй богино хугацаанд агаараас хэрэгтэйгээ шүүж аваад хэрэггүйгээ гаргаж ажиллаж чадаж байгаа хүний бие ямар гайхалтай вэ? Эд эс бүр ямар гээч хурдаар ажилладаг хэрэг вэ? Амьсгал авч гаргахын хооронд үргэлж л эд эс миний тооцоолж мэдэхгүй хурдаар ажилладаг байх нь. Тэгэхээр би юу ч хийхгүй, зүгээр амьсгалаад оршиж байхдаа ч ямар их хөдөлгөөн хийж байдаг хэрэг вэ? Тэгэхээр хүнээс энерги, үелзэл, давтамж цацрах нь арга ч үгүй юм даа… Гэрэл, агаар, орчин ч хөдөлгөөн. Төсөөлөн тооцоолоход ч бэрх хөдөлгөөн. Цаг хугацаа, орон зай, хов хоосон огторгуй ч тасралтгүй хөдөлгөөн. Дэлхий ч хөдөлгөөн. Бүгд л… хөдөлж байна.

Гэхдээ “Би” дуусна. Зогсох цэгтэй. Тийм богинохон, тийм ховорхон олдсон бас дуусах зогсох цэгтэйдээ, энэ хөдөлгөөн боломж нь. Их нандин боломж нь. Үхлийг ойлгож, түүний мөн чанарыг тунгаасан хүмүүс илүү утга учиртай зүйлд тэмүүлдэг нэгэн байдаг шиг санагддаг. Ямар ч мундаг гайхалтай нэгэн байгаад үхнэ. Дуусна. Гайхалтай хэрэг. Үхлийг таньж, мэдэж ойлгосноор энэ амьдрал чинь ямар богино бас ямар утга учиртайг ухна.

Нэг хөгжмийн удирдаач, маестро “Гайхалтай хөгжмийн найруулгын мөн чанар нь чимээгүй, хөгжим хоёрын төгс хослолд оршдог юм” гэсэн байдаг. Хөгжим ч бас чимээгүйгээс эхлээд чимээгүйд дуусна. Гэхдээ түүнтэй хоршихоороо гайхамшгийг бүтээдэг байх нь. Эрээний захад явах шиг учир тохойгүй их хөгжим тасралтгүй нүргэлээд л байвал тэр хөгжимнийх нь мөн чанар утгаа алдаж хүн сонсож байгаа ч хүлээж авалгүй өнгөрчих байсан биз? Харин чимээгүйтэйгээ их нарийн холбогдож байж хүний сэтгэлд хүрдэг аж. Чимээгүйг сонсож сурахаас хөгжмийн боловсрол эхэлдэг байх нь.

Гэхдээ би хүн дахиж төрдөгт, үргэлжилдэгт дараа төрөлд итгэдэг. Дууссан ч дахиад л үргэлжилнэ. Өмнөх мэдээллээ заримыг нь давж туулаад, заримыг нь гүйцээх гээд, заримыг нь үгүй хийх гээд төрдөг. Тэгэхээр хүн ч бас амьсгалах гэж уралдах биеийн эс шиг л амьдардаг байх нь. Хязгааргүй юм шиг. Гэхдээ мөчлөг нь эсийнхээс өөр. Яг л Марсад Дэлхийн 1 хоног 1 сартай тэнцдэг шиг. Өөр өөр мөчлөгт оршдог байх нь. Хүн бүрийнх бас өөр болов уу? Өөр болохоороо таарч тохирохгүй уралцаж, таалж таашаагаад найзалдаг юм болов уу?

Амьсгаа авлаа, гаргалаа…

Би уг нь ийм хачин өөртөө зориулсан юм шиг худлаа лаг царайлж байгаа юм шиг харагддаг утгагүй бичихэд дургүй л дээ. Гэхдээ хачин бодлоо тэмдэглэж үлдээх гээд.

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet