Биеэ зас

expert.bunny
2 min readSep 28, 2019

--

Биеэ засаад, гэрээ зас, төрөө зас.

Энэ ложик дараалал үнэхээр үнэн. Олон залуустай хамтран ажиллаж байхад миний ойлгож авсан нэг зүйл бол хувь хүний чадамжгүй хүн олны дунд мөн л чадамжгүй байдаг. Харин хувь хүнийхээ хувьд чадамжтай бол тэр дотоодын сургууль төгссөн байна уу, гадаад сургууль төгссөн байна уу, сургуульд сураагүй байна уу гэдгээс хамаарахгүйгээр амжилтад хүрэх бүрэн чадамж, боломжтой байдаг юм билээ. Нэг л мэдэх нь ээ тэд амжилтад хүрсэн байх болно.

Амжилт гэдэг амбицаас хамаардаггүйг би батална. Худлаа амбиц бол худлаа. Яг л санхүүгийн зах зээлийн хөөс гэдэг шиг үнэ цэнэгүй, нэг өдөр сүйрдэг зүйл. Харин хувь хүний чадамжтай бол тэр хүн үйлчлэгчээс захирал ч болно. Захирлаас удирдагч ч болно. Түүний зам тасралтгүй дээшилнэ. Уруудах гарцгүй.

Энгийнээр жишээлвэл, шивэртэй хүн байг. Шивэртчихдэг хүн. Энэ байдал өөрт нь саад болдоггүй байж болох ч бусдад, гэр орныхонд нь, хажуу хавирганыханд нь саад учруулдагийг анзаарсан бол та шиврийг дарах алхмууд хэрэгжүүлж эхэлнэ. Орой бүр оймсоо угааж тавина. Хөлөө өглөө, оройгүй угааж, гутлаа арчлан өмссөөр үнэр үнэртүүлэхгүй явдаг болж, нэг л мэдэх нь ээ таныг шивэртэй хүн гэж хэн ч анзаарахгүй буюу өрөө ч мартсан байх болно. Ийм зохион байгуулалт хийж чаддаг хүн бол биеэ засдаг хүн.

Харин нийгэмд янз бүрийн л хүн байгаа. Тэдний зарим нь өөрийнхөөрөө эрх чөлөөтэй байх нэрийдлээр шивэртэй яаж ч тэмцээд дийлдэхгүй байгааг үглэх мөртлөө юу ч хийхгүй, бусдыг өөрийнхөө нөхцөл байдалд дасахыг санал болгон ятгана. Хайртай гэр бүл нь энэ ялыг яахав давчих л байх. За ер нь хэн ч энэ ялыг хүлээн зөвшөөрлөө гэхэд энд шивэр үнэртэж байгаа бид хохирохгүй, цаанаа шивэр үнэртүүлж байгаа та буюу өөрийгөө ялан дийлээгүйгээрээ хохирч үлдэж байгаа юм. Энэ мэтхэн дээр өөрийгөө зохион байгуулж чадахгүй байгаа бол үүнээс хэдэн арав дахин том зүйлс дээр ялан дийлж өөрчлөгдөж, сайжрах тухай яриад ч хэрэггүй. Тамын тогоо!

Эмх цэгцтэй суудаг, цагийн зохон байгуулалт сайтай ч мэргэжилдээ тийм ч сайн биш ажилтан байг. Нөгөө талд мэргэжилдээ сайн ч байнга хоцордог, эмх замбараагүй, заваан залхаг ажилтан байг. Богино зайд уралдахад энэ хоёр ажилтанд тийм ч их ялгаа анзаарагдахгүй ч, алс холын замд хувийн зохион байгуулалт сайтай ажилтан таныг нэг л мэдэхэд ардаа ихээ хол хаяад одсон байх болно. Учир нь хувийн зохион байгуулалт сайтай хүмүүс байнга өөрийгөө хөгжүүлэх, сайжрах хандлагатай, өөртөө шаардлагууд тавьж түүнээ хэрэгжүүлсээр байдагт байгаа юм.

Тэр нэгэн өгүүллэг байдаг даа. Заваан залхаг байдал үргэлж ядуу тарчиг байдалтай хамт явдаг гэж. Тэр их үнэн, үргэлж цэвэр цэмцгэрийг урьтал болгоорой.

Маш жижигхэн зүйлсээр л тухайн хүн хэр хол явахыг мэдэж болно. Үзэж харж, уншиж сонссоноос гадна өөрчлөлтөд хэр бэлэн байдаг, өөртөө хэрхэн хэвшүүлж чаддаг зэргээр дүгнэж болно.

Тиймээс би өөртөө өөрчлөлтийн долоо хоногийн challenge зарласан бөгөөд эдгээрийг хэрэгжүүлээд гарсан өөрчлөлтүүдээсээ хуваалцаж байя гэж шийдлээ.

Энэ бичлэг мөн маш их мотиваци өгснийг онцолмоор байна. Баярлалаа Золбаяр :)

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet