Биеэ даана гэж яахыг хэлээд байгаа юм бэ?
Маш их хэрэглэгддэг энэ “биеэ даана” гээч яг юуг хэлээд байгааг та нар ойлгодог уу, ер нь? Биеэ даасан хувь хүн ч гэх шиг… Юуг хэлээд байгаа хэрэг вэ? Ээж аавыг уу? эрхтэн дархтанг уу? элбэг баянг уу? энгүй мэдлэгтэнг үү? Энэ сэвдээр биеэ даахын тулд аял бла бла эдр гээд зөвлөгөө дэс дараалуулан бичихээр нэг тийм ганган үгтэй худлаа хувь хүний хөгжлийн номууд шиг болчих гээд байсан юм. Хэхэ
Би жоохон байсан болохоор хот руу сургуульд шилжинэ гэдгийг гадаад хэлний гүнзгий сургалттай гадаад сургууль ч юм уу, физик математикийн гүнзгийрүүлсэн сургалттай хотын төвийн шилдэг сургуульд орох тухай төсөөлөөд Улаанбаатар хот руу шилжмээр байна гэж шалсаар байж ээж аавын төрсөн гэрээс хол хотын сургуульд шилжин орлоо. Мэдээж, бодит байдал, төсөөлөл хоёр огтоос эсрэг тэсрэг зүйл. Юу гэж л миний хүссэнээр хотын мундаг сургууль хөдөөний сургуулийн хүүхэд авах хүсэлтэй байхав. Харин ч ээж аав маань хөөцөлдсөөр байж хотын төвийн жирийн л нэг улсын сургууль олоод оруулсан юм. Зүгээр л намайг эрхлүүлж, миний хүслийг гүйцэлдүүлж өгч байсныг нь бодохоор одоо өөрөөсөө ичих ч шиг. Гэлээ гээд би мөнгөтэй айлын хүүхэд шиг аашилж урваганалгүй, сургууль соёлоо гололгүй, муу сурч нэр баасталгүй бодит байдалтай нүүр тулан, гаргасан шийдвэрийнхээ хариуцлагыг хүлээхээр шийдсэн юм. Улаанбаатарын хүүхдүүдээс муу сурлагатай байчих вий гээд зунжингаа ээжийн ажил дээр заасан англи хэлний зузаан ногоон дэвтрийг салбартал өөрөө бие даан англи хэл сурмар аядаж мөрөөдлөөр жигүүрлэсэн хүүхдийн гэнэн бодлоосоо шууд бодит амьдрал дээр буухад 7-р ангийн 14,15-хан настай хүүхдэд хатуу л байлгүй яахав. Гэхдээ би бууж өгөхийг хүсээгүй. Дураараа загнахыг би ээж аав шигээ л үзэн яддаг.
Одоо бол миний амьдралын саар бүхэн гэрээсээ эрт толгой мэдэн явсан 7-р ангийн охины эсвэл түүнийг явуулсан ээж аавын буруу…
Би ямар ч зүйлийг аль аль талаас нь харахыг эрмэлздэг. Энэ нь мөрөөдлөө бодит амьдрал дээр хүлээн авсан энэ л үеэс эхтэй байх. Хамгийн муу байгаа нь хамгийн муу, хамгийн сайн байгаа нь хамгийн сайн гэдэг туйлын эргэлзээтэй бөөрөнхий болохоор өөрт аль тустай талаар нь бодож байхыг лам багш сургадаг даа.
Би ахтайгаа Улаанбаатарт айлын хажуу өрөө түрээсэлж амьдарч байхдаа айлд амьдрах ямар хэцүүг, айлын 00 хэрхэн ашиглахыг, танихгүй хүмүүстэй хэрхэн дотносохыг, дургүйцлээ хэрхэн эвтэйхэн илэрхийлэхийг, гав ганцаараа шийдэж сурахыг, түүнийхээ хариуцлагыг бүрэн хүлээхийг, траншейныхан явж байвал холуур тойрч явахыг, аюулаас биеэ хамгаалахыг, суудал хуваарилдаггүй вагонд хүнтэй найзлаад ор олж унтахыг, хүнтэй найзлахын тулд сонирхсон зүйлийг нь ярихыг, бүх сэдвээр тодорхой мэдлэгтэй байхыг, бүх насны хүмүүс хараал идсэн шүүмж ярианд дуртай байдгийг, хоол хийхийг, гэр цэвэрлэхийг, өмд цамц индүүдэхийг, автобус дамжин хэсэхийг, музей үздэг байхыг, номын санд оочирлон ном уншихыг, дараалалд хүлээцтэй зогсохыг, олон нийтийн газар зохистой авирлахыг гээд нэг үгээр хотын соёлд суралцсан гэж сайн талаас нь боддог юм.
Хэрвээ би хот руу шилжих гэдэг надад ахадсан агуу том шийдвэрээ цуцлаад хариж болохоо мэдсэн бол би хотод ирснийхээ маргааш л харимаар байна гээд буцах байсан байх. Гэхдээ би тэгж болно ч гэж мэдээгүйн дээр миний хамгийн анх гаргасан том шийдвэр болохоор уйлж урванаж нялцаганалгүй хариуцлагы нь үүрээд л гарсан юм даг.
Би нэгэнт хүүхэд л байсан болохоор ахынхаа хүссэн шиг хоол хийгч, гэр цэвэрлэгч, сайн сонсогч байгаагүй,ээж аавын хүссэн шиг хотод очоод од болон гялалзаагүй ч би таг хөдөөнөөс ирчихээд хотын хүүхдүүдэд гадуурхагдаагүйн дээр багш нарын болон ангийнхныхаа хамгийн дуртай сурагч, найз байж чадсан юм даг. Хотын охидтой найзлаад л , өдөржин хичээл тарж Батбайгалийн бялууны дэлгүүрт цай ууж, бялуу идэж хөгжилдөөд л , кино үзээд л, цагийн ажил хийгээд л, номын санд ном уншихаас бусдыг хийх зорилготой өнжөөд л, гэртээ очихдоо Батбайгалын бялуу бариж хариад л, хааяа ээж аавдаа түлхүүрний оосор, энгэрийн зүүлтхэн гэх мэт бэлэг бэлдэж очоод л…
Одоо бодоход, надад тэрхүү ахтайгаа амьдарсан цаг хугацаа хатуу харагдах ч хамгийн зөөлөн яруу чанартай, тарчиг гучуу санагдах ч хамгаас ихийг өгсөн, миний хамгийн анх амьдралтай улаан нүүрээрээ танилцсан БӨВ БӨӨРӨНХИЙ он жилүүд байж дээ. Бас шийдвэр гаргаж байж, түүнийхээ хариуцлагыг үүрч чаддаг байж. Бахархмаар ч шиг…
Хүмүүс эрх чөлөөгөө эдэлмээр байна гэдэг. Эрх чөлөө гэдэг чинь бие даан шийдвэр гаргах чадварын чинь хувиар хэмжигддэг зүйл. Харин тэр хүсээд байгаа эрх чөлөө чинь гаргасан бүх шийдвэрийнхээ хариуцлагыг хүлээж чадах эсэхийг чинь л сорино. Бас өөртөө таарсан шийдвэрээ гаргаж, хариуцлагаа үүрч байгаа байдлыг чинь хар толгойгоо мэдээд хийсэн, хэр хэмжээндээ таарч яажигнасан бүх алхмууд чинь “биеэ даасан” хүн болон төлөвших алхмууд байх болно.
Түүнээс биш биеэ дааж том хүн болно гэхээр, халаасандаа мөнгөтэй алхаж, 21+ газраар үйлчлүүлж, архи дарс ууж, арслан барс мэт аашлахыг хэлэхгүй ээ.
Бас яг одоо та нар мэргэжил сонгох гэх мэтчилэн хамгийн анхны томоохон шийдвэрээ гаргах гэж байгаа. Энэ шийдвэр чинь юу ч байлаа гэсэн хариуцлагыг нь үүрэх хүн нь ЧИ л гэдгийг санаарай. Түүнээс чиний хүслийг биелүүлж эсвэл сөрж байгаа ээж аав, ахан дүүс чинь биш шүү.
Амжилт хүсье дээ.
Bunny,