Би бүхнийг чадагч болмоор байна!
Almighty Bruce шиг би бүхнийг чадагч болмоор байна гэж хэлээд цэцгэн тэлд зүгээр л хэвтмээр байна.
Элсэлтийн шалгалт, мэргэжил сонгох шийдвэрийн цаг ойртсонтой холбоотой туулай нь нийтлэл бэлдэхээр шийдлээ. Хэрэг болж юун магад. Мөн та нар миний өмнөх мэрэгжил сонгохтой холбоотой нийтлулүүдийг доорх холбоосуудаас уншаарай.
Хэхэ би бас зөндөө бичдэг юм байна шүү.
Үе үеийнхэн дунд нэг тийм трэнд болдог мэргэжил гэж байдаг тэ? Манай ахын үеийнхэн Гагарин сансарт нисэхийг харж өссөн болохоор эрэгтэй хүүхдүүд нь сансрын нисгэгч болохыг хүсч өссөн байхад, манай үеийнхэн бүгд л эдийн засагч, банк санхүүч болохыг хүсдэг байлаа. Одоо ийм зүйл байдаг эсэхийг мэдэхгүй байна. Бид нарын үед интернэт хөгжөөгүй олигтой мэдээлэл байхгүй байсан болохоор мэдээлэл нь арай их олдсон, нөлөөлсөн зүйл л чиг шугам тодорхойлдог байлаа. Жишээ нь сансрын нисгэгч. Хоббинд хүртэл.
Бид нарт үзэх ч олигтой кино олддоггүй байсан ба битүү нисдэг тулаантай хятад кинонууд үздэг байсан болохоор ах маань Брюс Ли шиг болох гэж жюү жи шүгийн тулааны сургуулийн номыг маш үнэтэйгээр олж авч хуруугаа тултал савтай будаа цохиж байсан ч үе бий. Хэхэ. Би хүртэл ахыгаа дагаж ийм кино үзсээр байгаад зүүдлэх болгондоо Жэт Ли шиг нисч өгдөг байлаа. Хэхэ
Одоо бол та нар бүхнийг үзэж, бүхний талаар тодорхой мэдээлэл цуглуулж чадна. Энэ нь сонголтыг чинь өргөжүүлээд байгаа болохоор илүү төвөгтэй мэт бодогдож багйаа байх. Гэтэл үгүй шүү. Бидний сонголтгүй цаг үе байсныг л сана. хэхэ
Би л гэхэд үеийнхнийхээ эдийн засагч болох шуургыг дагаж эдийн засаг санхүүгийн мэргэжилтэй болох гэж конкурсдэж яваад азаар тэнцэлгүй жагсаалтаараа огт мэдэхгүй барилгын инженерийн анги аваад одоо энэ мэргэжлээрээ амьдарч явна. Хувь заяа гэж байдаг бол тэр нь л байх. Хэхэ
Анх энэ ангийг авчихаад яг юу хийдэг хүн болох гээд байгаагаа ч мэдэхгүй сурсан даа. Зүгээр л хичээлүүдийг нь хийж чадаад байсан болохоор сурсаар байгаад л төгсчихсөн. Тэгээд нэгэнт төгссөн юм чинь гээд ажилласан. Хэхэ. Харин одоо бодоход тэр үед үеийнхэн шигээ эдийн засагч бололгүй инженер болсондоо маш их баярлаж явдаг даа.
Уг нь би их олон сонирхолтой байсан юм. Хувцас хунараа 4,5-р ангиасаа л засаж сэлбээд өмсөж зүүчихдэг байсан болохоор хувцас дизайнер болохыг мөрөөддөг байлааа. Дүүтэйгээ хамт төрөл бүрийн хүүхэлдэйн зураг зурж захианы цаас хийдэг, гайгүй зурчихдаг байсан болохоор зураач болохыг ч хүсдэг, өөрөө өөртөө хөөрхөөн шүлэг эссэ биччихдэг болохоор зохиолч болохыг хүсдэг, физикийн хичээлдээ ухаангүй дуртай болохоор агуу Мэри Кюри болохыг ч мөрөөдөж явлаа. Гэтэл яасан? Огт төсөөлөө ч үгүй миний хүссэнээс, мөрөөдөж мэдэхээс ч өөр мэргэжил сонгосон юм. Зүгээр л физикд дуртай байсныхаа ачаар шинжлэх ухааны хичээлүүдийг нь хийж чадаад л яваад байсан. Хэхэ
Би ч айлын сайн хүүхэд болохоор, сургуулиа хаяж хүссэн сургуульдаа орно гэж ээж аавыгаа зовоохыг хүсээгүй юм. Зүгээр л амьдрал маш баян болохоор би юу ч болсон байсан хийх ёстой зүйлээ хийчихсэн л явж байх болно гэдэгтээ итгэдэг байлаа. Гэхдээ энэ итгэл минь одоо ч надад бий. Хүн ямар ч мэргэжилтэй, ямар ч чадвартай байлаа гэсэн хүн болсныхоо хувьд хийж гүйцэтгэхэд бүрэн нийцхээр нэг тийм зүйл хүн болгонд байдагт итгэдэг. Яаж ийж байгаад л тэр чиглэлд орчихсон байдагт ч итгэдэг. Олон ч эгч ах нарын амьдралаас харахад батлагдаад байдаг юм. Мундаг олон хэлтэй, Монголд байхгүй боловсролтой, эдийн засагч гэх мэт ховорхон ганган сэргэжилтэй байсан ч сайн дурын байгууллагад бусдын тусын тулд цалин гэхээр юм авдаггүй ч аз жаргалтайгаар ажлаа хийдэг хүмүүс ч байна. Оёдлын үйлдвэрийн технологич мэргэжлээ Москвагийн их сургуульд төгссөн ч одоо хууль зүйч болчихсон явж байгаа хүмүүс ч байгаа. Амьдрал маш баян.
Баян болохоор хүнд ганцхан мэргэжил хангалтгүй юм шиг санагдаад байдаг юм. Би маш олон сонирхолтой болохоор одоо ч бүгдийг нь хийж үзмээр л санагдаад байдаг юм. Хэзээ ч том болохгүй байх аа? хэхэ
Би гэхдээ мэргэжилдээ ч юунд ч харамсдаггүй. Миний даруухан мэргэжил олон жил намайг хангалттай сайхан амьдруулж байгаа. Идэх хоол, өмсөх хувцас, амьдрах орноор дутаагаагүй. Би учиргүй дуртай, хайртай хийдэггүй ч маш талархалтай сайхан ханддаг юм. Ер нь заавал эрэлт ихтэй, мөнгийг хүүдийгээр нь савладаг мэргэжил сонгох гэж хичээхээс илүүтэй чадаж байгаа зүйлээ сайн чаддаг байх нь л чухал шиг…
Би сүүлд арван жилийн Анатомийн багштайгаа таарч жаал хууч хөөрлөө. Багш маань яв янзаараа. Жаахан л бууралтаж. Багш маань намайг инженер болсон гэхэд итгэж ядаад. “Чи мундаг охин юу ч болсон мундаг хийх байсан л даа” гэж билээ. Багш тэгээд их чухал зүйл хэлсэн юм.
“Одооны хүүхдүүд багш цалин муутай дэмий мэргэжил гэх болж. Үгүй шүү дээ. Би насаараа л багшиллаа. Олон жил багшлаад туршлагажаад, мэргэжилдээ дадаад ирэхээр бүх зүйл сайхан болчихдог юм билээ. Багш нь Анагаахад орохыг хүссэн олон хүүхдэд хичээлийнхээ хажуугаар дадлага өгөөд багшийн цалин байтугай л амьдарч ирсэн. Хүн бүр шаварчин байсан ч хамаагүй, хийж байгаа зүйлээ тултал нь сайн л хийдэг байвал компаний захирлаас ч сайхан аьмдардаг шаварчин байж болно шүү дээ.”
гэсэн. Энэ үгтэй би 100% санал нийлдэг. Хүн ажлаа сайхан хийж байж л сайхан амьдарна. Тэгээд л болоо. Тэрнээс илүү цалинтай, илүү ирээдүйтэй мэргэжил гэж байхгүй л болов уу?
Амжилт хүсье дээ,
Bunny