Амьдралын утга учир
Хүн бүр л амьдралын утга учрыг олчих гэж дор бүрнээ л эрэл хайгуул хийнэ. Үнэхээр хүний амьдрал гэдэг атга будаа цацаад зүүний үзүүр дээр тогтох боломжоор олддог юм бол ийм их шалтгаантай амьдрах хувь олсон би гээч нь яг ямар зорилгоор хүн болж төрөөд таваргаад яваагаа ойлгочих гэж хичээнэ. Цаг хугацаа юу? Диваажин уу? Эцэг эх болох уу? Үр хүүхэд үлдээх үү? Амьсгалах уу? Идэх үү? Ажиллах уу? Гэгээрэх үү? Бясалгах уу? Хөдөлмөрлөх үү? Ертөнцийг таньж мэдэж нээх үү? Их мөнгө олж санаа зовнихгүй тайван амьдрах уу? Амрах уу? Баясан цэнгэх үү? гэх мэт… Бурхан минь, хэн ч хэзээ ч хариултыг нь олж чадахгүй ч олтлоо хайдаг зүйлс.
“Inside Bill’s brain” short film дээр дэлхийн топ баян Bill Gates-с энгийн асуултууд асуудаг юм. Та өглөөний цайндаа юу иддэг вэ?, Ямар хоолонд дуртай вэ? Ажлын өдөр хэрхэн эхэлдэг вэ? гээд л… Билл ч энгийнээр л хариулна. Ямар ч хичээж тулгамдсан зүйлгүй. “Таны амьдралын хамгийн хэцүү цаг үе хэзээ ямар үед байсан бэ?” гэсэн асуултад санхүүгийн зах зээлийн хямрал, хакердуулсан өдөр байсангүй. Түүний амьдралын хамгийн хэцүү үе юу байсан гээч?
Ээж нь нас барсан өдөр.
Бүх л хүнд тийм байх. Би ч мөн саяхан жижигхэн ертөнцийнхөө нар сар од болсон ээжийгээ алдсан болохоор түүний энэ хариулт л хамгийн үнэн санагдаж үхтлээ уйллаа даа.
Тэгээд би бодсон юм. Ер нь явж явж, бид нар чинь энэ амьдралд дааж чадах хэмжээгээрээ зовох гэж л төрдөг юм биш үү дээ гэж. Нөгөө Бурхан багшийн “Зовлонгийн шалтгаан үнэн. Түүнийг гэтлэх нь үнэн.” гэх сургаал байдаг даа. Түүн шиг л хүн бүр хамгийн хайртай, үнэ цэнэтэй бүхнээ алдах нь үнэн. Харин хэд хэчнээн үхэлтэй нүүр тулж, хэчнээн хагацал зовлон үзэж чадахаар чадалтай төрснөөрөө л хоорондоо ялгаатай хугацаагаар амьдарадаг ч юм шиг.
Тэгж бодохоор бидний амьдралын богинохон цаг хугацааны туйлын зорилго бол хайртай хүмүүстэйгээ хамт амьдарч буй аз жаргалт мөчүүдэд л байдаг шиг… Мэдэх ч юм шиг хэрнээ л мэдэлгүй өнгөрөөгөөд араас нь сая жилийн гашуудлаа ажилж амьдардаг хатуу, хөтүү хорвоо.
Эцэг эхээ алдана гэдэг нээрээ эрх мэдэлтэй агуу нэгний байтугай энгийн хүн бүрийн л хамгийн гаслант зовлон. Эцэг эхээ алдах нь гэхдээ үнэн. Энэ үнэнийг туулаад амьдрах нь ч үнэн гэдэг нь хэтэрхий хатуу юу? Хүн гэдэг нэг бодлын агуу өөдрөг үзэлтэй амьтан юм болохоор эцэг эхээ алдсанаас хойш хүүхэд нас, эцэг эхтэйгээ хамт үлдээсэн бүтэн дурсамжууд нь шингэсэн эх нутаг орноо гэж үхлээ хүлээж сэтгэлээ дэвтээдэг ч юм шиг… Өвөө эмээ нар нуттаг орноо тойрох л хүсэлтэй үлдээд, төрж өссөн нутгийнхаа уул үүлийг санаж өнгөрөөж байгаа тухай яриаг зөндөө л сонсож байлаа. Энэ нь эцэг эхээ л үхтлээ санаж байгаа нялх хүүхэд биш гэж үү?
Тэгж бодож явсаар эцэстээ хүн гэдэг хүний хүүхэд, хайртай дотныхоо хүмүүсийг алдсаны дараа даваад амьдрах чадал, сэтгэлийн хатан дээрээ л амьдардаг ч юм шиг… Би өөрөө баяжаад, дэлхийг байтугай сансрыг эзэмшигч байлаа ч,
Эвий дээ, хүний л үр юм даа…