Аль нь бага нь ч хамаагүй

expert.bunny
2 min readMay 1, 2023

--

Өмнөх бичлэгт дурьдсанчлан би хэдий тэр эмэгтэйн зовлонг мэдрээд зүрх шимшрэн өөрийнхөө зайг тавьж өгсөн ч тэр эмэгтэй миний сэтгэлийг мэдрэлгүй үлдэж байгаа нь харамсалтай. Хүмүүс талархаж мэдэхээ байчихсан юм уу, эсвэл угаасаа талархаж мэддэггүй хүн гэж байдаг юм уу бүү мэд. Би хүний тус мэдэхгүй байх, мэдрэхгүй өнгөрөх гэдэгт туйлын дургүй хүн болохоор…

Хүнд хэзээ ч илүү гарсан цаг зав, илүү гардаг мөнгө, илүү гардаг зүйл гэж байдаггүй. Хэрэв байдаг бол тэр нь хог л байдаг. Гэтэл өөрийхөө өмсөж зүүж идэж уухаас, өөрийнхөө хэрэглэж болох байсан бүхнээс хэн нэгэнд илүүчилнэ гэдэг сэтгэлийг хүмүүс ойлгодоггүй. Өөртөө зарцуулж болох л байсан тэр л зүйлээ чамд өгөөд байгааг хардаггүй. Их харамсалтай хэрэг.

Би ч бас л зовлонтой амьдралтай. Хэнтэй ч харьцуулахад, тогтсон нөхөр сүүдэр гээч байгаа ч юм шиг, үгүй ч юм шиг амьдралтай, ээж нь өнгөрчихсөн байхан хүүхэд тээгээд төрүүлэх гэж байгаа, нөхөр нь үлдэх эсэх тодорхойгүй, ганцаараа өсгөхөд сэтгэл санаагаа бэлдэнгээ хүүхэд тээж байгаа гээд л… Тэгээд бас л эцэстээ хүн бүр л дор бүрнээ зовлонтой. Их үү бага уу, хэнийх үү гэдэг нь биш. Зүгээр л нэг нэгэндээ хүндэтгэлтэй, талархалтай хандаж байвал их л сайхан урсах амьдрал шиг санагддаг юм. Архичин хүн ч зовлонтой л байгаа, зайлуул. Тэгж бодохоор орчлонд хатуу хандах хүн олдоно гэж үү?

Би гэж хүн ингэж уужуу, нинжин ханддагтаа ч зовлонтой. Бурхан багшийн хэлдэгээр өнөө олон шалтгаан нь үнэн гээд л нүдээ анихдаа аниад, нээж эсэргүүцэхдээ эсэргүүцээд л гүйдэг байх даа.

Жирэмсэн байхад такси барих гээд хүйтэнд зогсож байхад зүгээр дөхүүлээд өгье гээд зогсож өгсөн бүх машинд баярлаж явдаг юм шүү. Бүр сэтгэлдээ үнсээд л буусан. Тэр хүмүүст илүүдээ гарсан цаг зав байгаагүй л байгаа шүү дээ. Хүний ийм сэтгэлд талархаж мэддэг байх чинь л биднийг “ХҮН” болгодог юм шүү.

Cheers,

Bunny

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet