Аабн Бээбн

expert.bunny
3 min readFeb 7, 2020

--

Танай хүүхдүүд гадаа тоглож байна уу?

Эсвэл таныг дуурайгаад л утсаа маажаад сууж байна уу? Чи гараач гэхээр би ч бас ажил хийж байна аа гэж хариулж байна уу?

Ээж маань компьютер дээр нөгөө ижилхэн амьтдыг устгаад байдаг тоглоом тоглоод суудаг байлаа. Ээж ер нь тоглох дуртай. Тоглохоор мөнгө бодогдохгүй толгой амардаг гэдэг байж билээ. Эвий дээ, сайхан ээж минь.

Тэгээд нэг удаа ээж тоглож суухыг ахын бага хүү харчихаад “Эмээ би тоглоё” гэсэн юм шиг байгаа юм, тэгэхээр нь ээж “Эмээ нь ажлаа хийж байна аа” гээд явуулчихаж. Дараа нь бид нар оччихсон байхад ахын бага хүү компьютер дээр учиргүй хар хурдаараа очиж сууснаа “За эмээгийн ажлыг хийнэ ээ” гэж билээ. Хэхэ

Үүн шиг таны хүүхэд ч бас таны ажлыг утсан дээр, пад дээр хийж байна уу?

Манай хүү их сонин. Нэг тийм технологийн эриний хүүхэд биш юм шиг л байдаг байсан юм. Үеийнх нь хүүхдүүд бүгд л донтоод ээж аав нь салгаж авах гэж бөөн юм болж байхад манай хүү гадаа тоглох, гарах учиргүй дуртай байсан. Харин одоо технологийн эринийх нь өвчин хөдөлчихсөн л дөө. Тэр үед нь хүүгээ аваад хамт гардаг байсан юм. Тэдний үеийн хүүхдүүдийн гадаа тоглох ч гэж дээ. Нэг машин, дугуй, скутер л чирсэн хүүхдүүд. Хамтраад бөөнөөрөө ерөөсөө тоглохгүй. Уг нь санаагаар болдог бол хамтраад тогловол ядаж байрны найзтай болчих гээд байдаг. Хамгийн олуулаа тоглодог тоглоом нь хөөцөлдөх ч гэх шиг. Ийм ядуу урын сантай байгаад байхдаа яахав дээ гээд би ч дотроо дургүй ч хүрэх шиг. Тэгээд би бодож суутал бидний үед ямар олон гоё тоглоом байлаа даа? Орон булаацалдах, гүйдэг матчика, плитадах, бөглөөдөх, нуугдах, резиндэх, дээсдэх, чертадах, тэвэг, чавх, баавгайн чих… Аргагүй тоглоомгүй үе болохоор бөмбөгнөөс хэтрэхгүй хэрэгслүүдтэй тоглоомууд, эвий эвий. Гэхдээ юу хэрэглэж тоглож байгаа нь угаасаа хэнд ч сонин биш. Харин хэр олуулаа тоглож байгаагаас л тоглоом сонирхолтой байдагсан. Тэдгээр тоглоомуудад ганцаараа эморч дугуй унах шиг уйтгартай тоглоом огт байхгүй. Тэгээд би хүүгээ хамт гадаа байсан үеийн хэдэн хүүхэдтэй суулгаж байгаад эхлээд үг дамжуулахыг зааж өгч тоглууллаа. Бүгд дуртай гэж жигтэйхэн. Гэм нь ихэнх нь азарбайжан хэлтэй байгаа тул ямар ч сайхан үе байсан бүтэн үг болж ирдэггүй ээ. Тэгэхээр нь Будаг заалаа. Нөгөө чоно очоод будаг аваад хөөгөөд байдаг. Ямар хөөрхөн тоглосон гээч? Угаасаа зүгээр л нэг хөөцөлдөхөөс хавьгүй илүү бас хэн чоно болохыг нь тодруулчихдаг ийм зохион байгуулалттай тоглоом анх удаагаа л тоглож үзэцгээж байгаа нь энэ. Эхний нэг хоёр тоглоомонд нь оролцсоны дараа орхичихоод хараад байтал бүгд гэр гэртээ ортлоо энэ тоглоомоо тоглосон шүү. Бүр маргааш нь ч тоглосон. Хүүхдүүд маань гадаа тоглож мэддэггүй болохоороо тоглодоггүй юм байна гэж анх удаа бодож билээ. Нэг их сайхан юм шиг, хөгжөөд байгаа юм шиг цаг үе боловч хүний хамгийн анхдагч бусадтай эвсэн нэгдэж тойрон хүрээллээ бүрдүүлэх, тэдэнтэйгээ зохицон амьдрах ид шидийг гээгдүүлсэн эмгэнэлтэй ч үе шиг…

Гэтэл бид яасан? Боддог юм нь л гадаа гарах юмсан, гадаа л тоглох юмсан. Угаасаа өөр хийх ч юм байхгүй. Гэхдээ хүүхэд тоглоомоор хүмүүждэг болохоор бид нар лав байрныхантайгаа, сургууль дээр ангийханиайгаа, ажил дээр ажлыхантайгаа гээд үргэлж хамт олон дунд байсан бол харьцангуй эрүүл сэтгэлгээтэй болсон байх. Гэтэл миний хүүхдийн болон, түүний хүүхдийн үед энэ бусадтай нэгдэх хамтрах гэдэг улам л устан алга болно. Яг л HER шиг хамгийн өрөвдөлтэй ганцаардсан хүмүүсийн сэтгэхүйн өөрчлөлттэй дэлхий болохоор… Тийм байлгахгүйн тулд, хүүхдээ тийм ганцаардмал зүйл мэдрүүлэхгүйн тулд бүгдээрээ зааж өгөх ёстой юм билээ. Бидэнд ямар их үе давдаг урын сантай тоглоомууд байгаа билээ дээ? Ганцаараа тоглодог тоглоом гэж байхгүй. Бараг багваахай цэцгийн бөгсийг амандаа зуугаад “Аабн бээбн” хийх л байх шив?

Хорвоо дээр хамгийн өрөвдөлтэй хүмүүс бол ганцаардсан хүмүүс. Ганцаардах гэдэгийн эсрэг утгатай үг байдаг бол тэр үг л биднийх байх ёстой.

Cheers,

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet