When October goes
Өдөр бүр алхдаг нарийхан цементэн гудам бий. Тэнд ямар ч дурсамжтай зүйл тохиогоогүй, ямар ч цэцэгт мод ургадаггүй боловч тэр гудам сэтгэлд их дотно. Өвөл ч, зун ч, хавар ч, намар ч алхдаг same old way to home. Гэхдээ л сэтгэлд их дотно. Сургууль орохоос бусад цагт хүнгүй хоосон байдаг болохоор ч юм уу, тэнд нэг тийм чимээгүй гоо үзэсгэлэн орших. Тэнд дуу тависан тавиагүй яаж ч алхсан үргэлж гэгээн сайхан бодол орж ирдэгт ч юм уу, бүү мэд. Үзэсгэлэнтэйд нь, үнэрт нь, дурсамжтайд нь дурлаагүй ч нэг л мэдэх нь ээ гэдэг шиг дасаж дурласан бололтой… Хүмүүс ингэж дасаж дурладаг юм болов уу? Яг юунд нь эхэлж дурласнаа мартталаа тэнд байчихсан болохоор хагацаж салж чадахгүй нэг хэсэг болтол нь хайрлачихдаг юм болов уу?
Өглөө бүр таардаг хажуу хотхоны том шар нохойтой ах, өөдөөс харсан хотхоны голденгоо салхилуулдаг эгч, орой бүр ач охиноо хөтөлж харьдаг жижигхэн эмээ… Огт танихгүй ч, тэднийг ямар их санадгийг минь мэддэг болов уу? Тэр гудманд таарах бүрд нь барьж аваад үнсмээр санагддагийг минь гадарладаг болов уу? Зүгээр л амьд ингээд явж байдагт нь миний хамгийн тухтай гудамны эзэд шиг харагддагийг гадарладаг болов уу?
Нас чацуу болов уу гэмээр тэр том шар нохой, хижээл насны ах хоёр. Эрэгтэй хүмүүс нас ахиад хижээл насандаа очихоороо жинхэнэ эр хүн болоод харц нь хүртэл зохиол хүүрнэдэг тэ. Тэр ах яг л тийм ах. Зүгээр нуруугаа үүрээд нохойгоо хөтлөхгүй, юу ч дуугарахгүй холыг ширтээд чимээгүй алхах нь “яг л ертөнцийн их амар амгалан “ гэлтэй. Явж байгаа газар бүрээ ийм их чимээгүйгээрээ дүүргэхийг яана. Нохой нь ч хөтлүүлээгүй хэрнээ эзнээсээ яг ганц алхмын ард зай бариад их ээ холыг цоо ширтэж алхана. Хүмүүст сатаарч, гудамны булан тохой үнэртэж гүйхгүй, хүнээс ч тогтуун алхах нь яг хижээл насны ах шиг. Тэдэнтэй таарах дуртайг минь яана. Хоосон оргисон бүх зүйлс дүүрчих шиг санагддагийг яана.
2–3 р ангийн болов уу гэмээр охиноо авдаг жижигхэн эмээд би бас хайртай. Хүн хөгшрөхөөр хүүхэдтэй адилхан болчихдог гэж үнэн. Тэд үргэлж завгүй бас баяр хөөртэй таардаг. Эмээд хань болж гар хөлийнх нь үзүүр болж байгаа ач охиндоо хайртайгаа нууж чадахгүй, тийм их хайртай нь эмээгийн инээхээс, гарыг нь чанга атгахаас, ороолтыг нь дээшлүүлэхээс л харагдана. Харин ач охин нь өдөржин, магадгүй бүх насаараа ганцаардаж амьдарсан эмээтэйгээ хуваалцаж барахгүй их түүхтэй. Үргэлж л шулганасан явна. Эмээ чимээгүй охиныхоо шулганахад жаргаж инээд алдаж үзэгдэнэ. “Эмээгийн бараа”-нд өссөн болохоор ч юм уу би энэ охинд бас хайртай. Эмээгийн барааг гүйцэх, эмээгийн хайр халамжийг гүйцэх эцэг эхийн хайр ч байхгүйг эгч нь мэднэ ээ. ккк Яг л бие биедээ зориулагдсан юм шиг дүр зургууд…
Миний жирийн л хоосон гудамжыг тэд амилуулж гэр шиг минь болгочихсон юм болов уу? Би хэтэрхий их бодлогоширдогтоо бүгдийг нь хайрлаад ханадаггүй юм болов уу?
Харахыг хүсвэл хайр хаа сайгүй байдаг даа.
Cheers,