Wadokei

expert.bunny
5 min readJan 6, 2025

--

Шинэ оны мэнд ээ,

Амтай болгон шинэ ондоо хэрхэн сайн хүн байж, зорилго төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх тухай ярьж байхад туулай гуай яаж дутах вэ? гэж бас бодлоо. ккк

Би хэзээнээс ч юм, хүүхдийн гэнэн цагаан сэтгэлээ гээгээд шинэ ондоо ингэнэ, тэгнэ гээд тэнгэр газрын хүсэл мөрөөдлүүдээ сийрүүлдэг байснаа больчихсон юм билээ. Том болохын муухай зүйлсийн нэг гэх үү дээ. Нэгхэн жилд хийж гүйцэхгүй зүйлсийг гэнэн мөрөөдлөөр биччихээд биелээгүй байвал гуниж гутрахаасаа халширдаг болчихсон байсан. Бас ковидын жилүүд ч нөлөөлсөн байж магад. Хүн тийм нэг хэвийн баригдмал, тухтайдуу, таамаглахад хялбар байдалтай удаан амьдарвал зүгээр МАХ болдогийн жишээ гэх үү дээ. ккк
Тэгээд энэ жил яагаад ч юм өөрийгөө үсдэж босгоод сэгсийтэл нь алгадаад авмаар санагдсан юм.

Цаг хугацаа гэдэг бидний дийлдэггүй, хорьж чадахгүй зүйл үү? Үхэл гэдэг түлхэж дийлэхгүй зүйл үү?

Үгүй. Бүгдийг нь бид нар зохицуулах хүчтэй гэвэл та итгэх үү?

Би яг 10 жил төгсөх жилээ маш хүнд өвдсөн юм. Ямар ч оношгүй, юу нь мэдэгдэхгүй, босож чадахгүй, ярьж хүч хүрэхгүй, толгой өвдөөд л байдаг нэг тийм өвчин. Мэнэнгит гэж эмнэлэг оношилсон ч нугасны усны шинжилгээ нь хэвийн гарсан байдаг? Гэхдээ яг ийм байдалтай сар хэвтсэний дараа ерөнхийдөө явах нь бараг ойлгомжтой болж ирж байгаа юм. Ээж маань эмч болохоор мэддэг чаддаг бүхнээ хийгээд л… Бараг л тарьж болох, дусааж болох, ууж идэж болох бүхнийг л идэж уусан даа. Тэгтэл нэг өдөр гэнэт зүв зүгээр ямар ч өвдөлтгүй ордог байсан дусал судсаар орохоо байчихдаг юм билээ. Хатгасан газар бүр өвдөөд, би бархираад… Тэгтэл яг тэр өдөр миний үхлийн хаалга татах өдөр байсан. Дусал орохоо байгаад бүгд хэсэг сандралдаад би өвдөлтдөө шаналж байгаад унтсан байгаа юм. Тэгтэл зүүдэндээ би нүцгэн ногоо халиурсан талд ганц гэрт ганцаараа сууж байна. Гадаа хөлийн чимээ гарахаар нь хаалга руу дөхтөл нэг их хар бараан дээлтэй ширүүн муухай төрхтэй эрэгтэй хүн хаалганы цаана намайг “нааш ир” гэж даллаад л байх юм. Би хаалга руу 1 алхаж дөхсөнөө, “Би явчихвал хөөрхий эцэг эх минь яах билээ? Миний муу ээж яах болж байна аа?” гэдэг бодол гэнэт зураад гарч чадахгүй зогссоноо дотроо “Үгүй, би гарахгүй” гэж хэлсэн юм. Тэр муухай хүн хэд дахин даллаж байгаад алга болчихов. Тэгээд л сэртэл, эмнэлгийн ногоон цэнхэр хана. Яг хоолны цаг байж. Асрагч эгч “Аарц уу” гээд бүлээн аягатай юм бариулхаар нь хэд залгилж дуусгачихаад буцаад унтчихав. Би бараг аяга аарц байтугай ам руугаа балга ус ч хүргээгүй нэлээн хэд хоночихсон байсан юм л даа, уг нь. Дахиад зүүрмэглээд сэртэл нэг эмээ толгой дээр толгой илээд л “ Миний охин, миний хүүхэд” гээд л… Тэгтэл тэр бөө эмээ манай эмнэлэгт хэвтэж эмчлүүлж таарч. Намайг ийм хүнд байна гээд эмнэлгээр нэг хөл үймээн болоход сониучирхаж орж ирээд үзтэл хадан гэр рүү явах гээд байж таарч. Тэгээд эмээ ээж аавд “Энэ охин явах нь. Хурдалцгаа. Сүнсий нь дуудуул. Би энд амийг нь торгоогоод байж байя.” гэсэн гэдэг. Тэгээд л би амьд мэнд үлдсэн юм даа. Эрлэг гэдгийг ч харсан даа…

Би бөө эмээ нар аминд минь орж тусалсанд итгэж ихэд баярлаж талархдагтаа одоо ч мартдаггүй. Гэхдээ одоо дахиад бодоод байхад би тэр зүүдэндээ “Явахгүй ээ, үлдэнэ” гэж өөрөө шийдчихсэн ч юм шиг. Би шийдсэн болохоор надад туслах гээд эмээ нар гарч ирсэн ч юм шиг санагддаг. Тиймээс хүн юуг ч юм, чин сэтгэлээсээ баттай шийдэх үед ертөнц тэр сонголтыг чинь биелүүлдэг юм шиг. Бүр миний амь гарсан ид шидийн аргаар ч хамаагүй. Үхлийг хүртэл шийдээд хойшлуулж чадна. Зүгээр л баттай шийдээд сонгох л юм билээ.

Хар нүх миний бага залуу насны хамгийн дуртай сэдэв байлаа. Үеийн хүүхдүүд сургуульдаа крашилдаг банди, үсний трэнд, HOT, жинсэн үүргэвч сонирхож байхад би хар нүхний тухай л байвал нүдээ ухаад өгөхөөс ч буцахгүй шимтэн судалдаг тийм weird хүүхэд байлаа. ккк Физикдээ их дуртай болохоор атомын бүтэц, электрон протон, нейронуудыг нь гадарладагийг ч хэлэх үү, хар нүхний учир байдлыг ч ойлгох юм. Тэрний л учрыг олчихвол цаг хугацааны дарангуйллаас гарч болох юм шиг санагддаг байж. Ухраах, гүйцээх юу байсныг санахгүй байгаа ч цаг хугацаагаар аялвал ирээдүйг л сонирхож байсан байх.

Тэгтэл саяхан миний нэг дагадаг Youtuber маш сонирхолтой нүд нээсэн цаг хугацааг надад дахин ойлгуулав аа. Би чинь хар нүх мүхний үлгэрээ мартаад кино болохоос хэтрэхгүй гээд бууж өгчихсөн байгаа хүн шүү дээ.

Цаг хугацааг бид ӨНГӨРСӨН_ОДОО_ИРЭЭДҮЙ гэж урсдаг гэсэн хэвшмэл ойлголттой доо. Өнгөрсөн бол өнгөрсөн, одоодоо л төвлөр, ирээдүй бол болоогүй зүйл тул шаналахаа зогсоо, гээд л… Тэгвэл энэ хэвшмэлээр л урсдаг гэж ойлгочихсон цаг хугацааг эсрэгээрээ урсдаг гэвэл яах вэ?

ИРЭЭДҮЙ_ОДОО_ӨНГӨРСӨН. Японы Wadokei гээд цаг ингэж эргэдэг байна л даа. Урвуугаараа. TENET

Би энэ хүнийг англиар ярьдаггүй байх үеэс нь л дагадаг л даа. Минимализм эрчээ авч байх үед их хит болж байсан юм. Одоо ч энэ мэт маш хөөрхөн хэрэгтэй зөвлөгөөнүүд өгдөг. Одоо бүр англиар ярьдаг болчихсон.

Ингэж үзвэл чиний одоо болон ирээдүйд өнгөрсөн огт хамааралгүй өнгөрчихсөн. Харин ирээдүй чинь одоо цагийг бүрдүүлнэ. Харин өнгөрсөн нь буцаж эргээд ирээдүйг чинь оролдоно. Би энэ цаг хугацааны эргүүлгийг үзээд бүр ямар их баярласан гээч? Аан энэ л миний хайгаад олох гээд байсан зүйл байна шүү дээ, гээд. Би их мэдрэмтгий хүн болохоор өнгөрсөнтэйгээ их зууралддаг. Ингэж болох байж, тэгэх байж уу, юу сурах байсан гээд л… Энэ бүхэн bullshit гэж мэдэж байгаа ч ямар нэг байдлаар одоодоо, ирээдүйдээ нааж авчрахгүйн тулд их ухдаг нь яг үнэндээ нааж авчирдаг үйлдэл байсан л даа. Тиймээс хэрэв над шиг bullshit юмтай зууралддаг хүмүүс байвал, Та минь ээ “Наад өнгөрсөн чинь падлий байхгүй!” л гэж хэлэх гэсэн юм. Хэхэ

Харин ирээдүйгээ чи яаж зураглаж байгаа чинь одоо цагийг чинь бүтээдэг. Тиймээс сайхан мөрөөдөж, том зураглаж, бүтэх бүтэхгүй мянган хүслийн жагсаалт гаргах чинь туйлын зөв. Тэр олон бүтэх бүтэхгүй санаа, мөрөөдөл чинь л чиний одоо юу хийж, яаж амьдрахыг чинь чиглүүлж байгаа хэрэг. Гайхалтай биш гэж үү? Хүмүүс ойлгомжтой л зүйл байна шүү дээ, гэх магад. Гэхдээ ИРЭЭДҮЙ гэдгийг над шиг ойлгохгүй, мэдэхгүй зүйлээр дүүрэн хэзээ эхлээд хаана дуусдагийг нь сонирхдог хүмүүсийн хувьд бол маш сонирхолтой зүйл л дээ. Ирээдүй гэдгийг хүмүүс нийтлэг нэг хэсэг хугацааны дараах гэж боддог доо. Жишээ нь, биднийг багад 2020 онд дэлхий ямар байх вэ? гээд зураг зуруулахаар нисдэг таваг, агаар дээр хөвдөг байшин зурдаг байсан даа. Бид нар ирээдүйгээ тэгж хардаг. Ямар ч баримжаагүй хардаг. Тиймээс л 2020 онд тэр зурган дээрх нэг ч зүйл биежээгүй байгаа юм. Харин ирээдүй одоо руу чинь урсан орж ирж байгаа зүйл гээд төсөөлвөл тийм холын ойлгомжгүй санагдахгүй байгаа биз? Яг л одоо 12.00 цаг болж байгаа бол эргээд ирж байгаа 55 дээрх зүү бол ирээдүй юм аа. Харин өнгөрсөн ирээдүй болчихдог гэхээр би угаасаа л тэр ирээдүйгээр амьдрах ёстой болохоор. Тэр ирээдүйд төсөөлсөн амьдралаараа л амьдрах байсан болохоор, би тэгж зурсан болохоор өнгөрсөнд түүндээ хүрэх гэж тийм зүйлс туулжээ л гээд бодчихно.

Энд өнгөрснөөс одоод чинь юу ч нөлөөлөхгүй байгаа нь гайхалтай хэрэг. Нөлөөлөх ямар ч боломжгүй. Би Pharrel дуучны нэг ярилцлага үзэж байтал яг иймэрхүү утгатай зүйл ярьж байсан юм. Хэтэрхий хурдан дуусчихсан болохоор би хэсэг гацаад өнгөрсөн л дөө. Тэр загварын салбараар жишээ аваад, юу ч шинээр төрдөггүй, эргээд л байдаг. Ямар ч шинэ зүйл бүтээгддэггүй юм. Өнгөрснөөс л эргэж ирдэг. гэж дурдсаныг л санаж байна. Загварын салбар бол тийм шүү дээ. Ирэх оны трэнд гэхэд өмнөх хэдэн оны ч юм 2000 аад оны ч юм уу хэв загвар трэнд болох жишээний. Ирээдүйд нөлөөлөх ч бидний одоод бол нөлөөгүй байгаа биз?

Тэгэхээр яах нь уу? Одоо гэдэг чинь бидний ид шид бүтээдэг үе байх нь ээ. Ирээдүйгээ хамаг сайхнаараа зураглаад түүгээрээ амьдрах ид шидэт бийртэй цаг үе.

Тиймээс шидэт савааг үлгэр байжээ гээд над шиг хойш суусан байсан бол ТА, тийм ээ тийн ТА яг одоо үзгээ аваад ирэх он, энэ он, түүний дараах жилүүдээ төлөвлө, мөрөөд, ТЭГЭЭД БҮТЭЭ.

Амжилт.

Хүнд хийж чадахгүй зүйл үнэхээр байхгүй байгаа биз? Үхэл, цаг хугацаа хцсссс юу юм бэ нээрээ?

Cheers, 2025

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

Responses (1)