TODAY МОНГОЛ-Д ДРАМА

expert.bunny
5 min readMar 21, 2022

--

Монгол ардчилсан, хүнлэг энэрэнгүй улс болоод 30 жил болсон гэхэд итгэмээргүй. Хүнээр бол тэтгэвэрт гарахаа төлөвлөчихсөн, хүүхэд шуухдаа гайгүй боовсролтой болгох замд нь оруулчихсан явж байгаа идэр залуу хүн байх. Дан ганц эрх чөлөөтэй байлаа гээд хангалтгүйг 2000-д оноос өдийг хүртэл туулж явна даа хэдүүлээ. Дан ганц мөнгөтэй байгаад ч хангалтгүйг дайн дажин харуулна. Дан ганц энэрэнгүй байгаад ч хангалтгүй. Ер нь юутай ч байгаад хэнд ч хангалтгүй! Хүн гэдэг шуналын тулмууд юм. Тэгээд л Бурхан багш зовлонгийнхоо шалтгааны үнэнтэй нүүр тулаад наад шуналын муйхарлалаасаа сал гэсэн биз.

97-р сургуулийн сүр дуулиан намжаагүй байгаа дээр хэлэх үг байгаад хэл загатнаад болдоггүй ээ. Энд насаараа багшилчихаад хүүхэд зодсон багш, зодуулсан хүүхэд, орных нь багш олдохгүйн зовлонтой сургууль, хүний эрх зөрчигдсөнд шаналсан эцэг эх, эцэг эхийн талд орж багшид хариуцлага тооцох гэж яарсан эх баригчид гэх мэт ДРАМА ДРАМА.

Би хэнийх нь ч талд орох гээгүй л дээ. Яг энэ драма үзэж байх зуур миний хүүг ангийнхан нь дээрэлхсэн явдал давхцсан ч би энд хэнийх нь ч талд орохгүйгээр хүүгээ өмөөрсөн эх болоод үлдэх. Гэхдээ эцэстээ боловсролтой Монгол хүн чинь хүн бүрийн, дүр бүрийн байр суурин дээр өөрийгөө тавьж үзэхээр өдөрт миний хүү шиг 50 хүүхэдтэй зууралдаж байгаа багш буруутгах хэцүү, улсын сургуулийн багшийн цалинг, амьдралыг нь мэдэж байж мөнгө төлснөө гайхуулж цалинжуулдагаараа бардамнаж чанар нэхэж чадахгүй байгаа эцэг эхийг буруутгах хэцүү, хүүхдээ өмөөрч хэдэн үг хэлснийх нь төлөө ардчиллаа алдах ч хэцүү, багшдаа зодуулж байсан ч нуугаад өнгөрсөн хүүхдүүдийн нулимсыг тоолох хэцүү, хүний эрх ярьж хоосон зандрах сайд дарга буруутгах ч хэцүү. Гэхдээ би лав том хүн байсан бол улс төр, сайд дарга байсан бол багшийг халах, шийтгэх, сургуулийг хаах нээх тухай биш, нэгэнт ийм болсон бол нэг ангид сурах хүүхдийн тоог цөөлөх боломжийг хайж дүүрэгт байх сургуулийн тоог гаргаж, нэг ангид 20-с дээш хүүхэд хичээллүүлэхгүйн тулд бүхнийг эрэлхийлж эхлэх байлаа. Багшийн хүч хөдөлмөртэй тэнцэхгүй, стресс менежмент хийх боломжийг олгохгүй байгаа цалингийн хэм хэмжээний тухай. Сайн багш нарыг нь булаагаад авчихдаг хувийн сургуулиудтай өрсөлдөх чадварын тухай бодох байлаа. Яагаад том хүмүүс нь том юм бодож, бага нь бага асуудлаа шийдвэрлэчихэж болдоггүй юм бэ? Сонгууль нь хүртэл хорооны мөрийн хөтөлбөртэй байхад улсын боловсрол, эрүүл мэндийн системийг хэзээ сайжирна гэж хүлээх вэ? Бид хувийн сектортойгоо өрсөлдөж чадахгүй гэж үү? Үгүээ, зүгээр хүсэхгүй л байгаа байх. Их сургуулиуд чадаад л байна шүү дээ. Эсвэл өөр санхүүгийн эх үүсвэр хэрэгтэй бол хувийн ерөнхий боловсролын сургуулиас арай доогуур төлбөр үүсгэ л дээ. Тэгээд чанарыг нь сайжруул л даа. Үнэхээр УЛС нь юу ч хийж чаддаггүй юм бол тэр ажиллах хүчин бэлддэг темс эдрээ менежэлдэг юм байгаа биз! Гэхдээ бүхэл бүтэн улс байж 1 сая хүүхдэд жил бүр ерөнхий боловсрол олигтой олгочих менежмент хийж чадахгүй яваа гэж бодохоор хамаг эрүүл ухаантай хүмүүс хүүхдэдээ гайгүй боловсрол эзэмшүүлэх гэж харийн улсын жорлон угаахаар дүрвэхээс ч яах юм. Өнөөдөр Монголоос явж байгаа хүн бүрээс асуугаарай, нэг хэсэг нь “ЭМЧЛҮҮЛЭХ” гэж, нөгөө хэсэг нь “ХҮҮХДИЙН БОЛОВСРОЛ”-ын төлөө л явж байгаа. Ийм байдалтай 30 жил болж байгаадаа ичдэггүй, энэ байдлыг нь засуулдаггүй сонгуультай, ийм юмны төлөө жагсдаггүй тэчээртэй ард түмэнтэй бас л гайхмаар орон шүү.

Хэрвээ Монгол үнэхээр ардчилсан энэрэнгүй, шудрага улс болвоос ХҮНИЙ ЭРХ гэдэг нэг л үнэт зүйлтэй байх учиртай. Тэр хүний эрх гээчид сурч боловсрох, идэж уух, өмсөж зүүх, санаа оноо илэрхийлэх, эрүүл аюулгүй орчинд өсч хөгжих гэх мэт гүйээ мөн их сайхан зүйлс бий. Гэтэл бид today Монголд хүний анхдагч хэрэгцээ болох сурч хөгжих, эрүүл мэндийн даатгал, үйлчилгээ авах гэдэг анхдагч хэрэгцээгээ хэзээ ч хангаж чадахгүй байсаар, чив чимээгүй хэлээ хазаад амьдарсаар л байна. Хаана хүрч сад тавих гээд тэвчээд байдаг нулимс юм бүү мэд. Яаж уйлвал шийдэж болох асуудал юм бас бүү мэд. Нийгмийн даатгал, ХАОАТ гэж мэгээд улсдаа ажил хийж байгаа хүн бүхний төлдөг мөнгө бий. Тэр бүхнээр ажиллуулдаг хамгийн эхний том аппаратур нь сургууль, цэцэрлэг болон эмнэлэг. Гэтэл энэ газруудаас үйлчилгээ авах болохоор л учир дутагдалтай. Өнөөдөр “улсын” гэх тодотголтой бүхэн хоцрогдож хуучирсан эсвэл хэнд ч хэрэггүй зүйлсийг өндөр үнээр шахсан газрууд болсныг бүгд л мэддэг. Эмнэлэг ч тийм, сургууль нь ч тийм. Хувийн сургуультай өрсөлдөж, хувийн сургууль эмнэлгийн чанар чансааг дээшлүүлж чаддаггүй УЛСЫН юмтай. Хувийн байгууллагын чанарыг улсын байгууллагаараа удирдан залах ёстой байтал энэ бүхэн нь бүхэлдээ эргэчихсэн. “Хувийн” гэж нэрлээд, үнэндээ тохирсон чанар өгч чадаж байгаа эсэхийг нь ч хянах чадваргүй л явна.

Энэ ах эгч нарыг зөндөө л харлаа шдээ. Чимээгүй хараад байхад баяжаад явчихгүй бас зовлонгийн шалтгаантайгаа зууралдаад л байх юм. Эсвэл улсаа чирсэн хэдэн сайхан корпораци эдр байгуулаад сая сая ажлын байр гаргаад капиталистжчихгүй салгалаад хоосон хорооны амлалтууд болох, хотхоны зам, орцны чийдэн сольж өгөх шуу юм яриад л байгаад л байх юм. Яахав байх шалтгаан байгаа л байх. Эзэнгүй их мөнгө. Гэхдээ өөрийнхөө үр хүүхдийн ирээдүй, нэг бүтэн улсад хамааралтай яваа иргэний хувьд хөгжчихөөсэй гэж ядаж боддоггүй юм байх даа. Ерөнхий боловсролын хүүхдүүд дунд хүртэл байгаа баян хоосны тухай ялгаварлын тухай одооноос санаа тавьж ажил хэрэг болгохгүй бол алдах гээд байхад хоорондоо миний ард түмнээ байгаад “хар масс” эдр гэцгээх болж. Хэн тэр хар масс нь юм бэ? Чанартай хүүхдийн боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ авч чадахгүй насыг барж, ханш нь зуунаар унасан төгрөгийн тэтгэврээ хүлээж зээлэндээ баригдсан бид нар л байх даа одоо.

Би хэр баргийн юманд гутраад гуниад байдаг хүн биш! Гэхдээ боловсрол ярихаар л нулимс амтагдаад нүд бүрэлзээд байдгаа нуух юун. 30 жилийн эрх чөлөөгөөр олж авч чадаагүй боловсролын чанар одоо дахиад 30 жил болоход дээрдэх болов уу? Гунигтай хэрэг! Жилээс жилд, 10 жилээс 10 жилд муудсаар байгаа боловсролоос бүтэж байгаа иргэдийн нийгмийн тухай төсөөлөх ч юм биш!

Ер нь аймаг бүрийн, улсын бүх сургуулийн чанар дээшилчихвэл энэ 3 сая хүмүүс юу л гэж утаатай, түгжрээтэй Улаанбаатарт чихэлдэхэв дээ. Би өмнө нь өчнөөн л бичиж байсан. Их сургуулиудаа аймгууд руугаа төрөлжүүлэн гаргаач ээ гээд. Мал ихтэй аймагт нь Хөдөө аж ахуйн сургуулийг, төмөр замтай аймагт Төмөр замын сургуулийг, их хүн амтай аймагт анагаахыг гээд хуваарилчихад л энд чихэлдэхгүй амьдрах бүрэн боломж байхад надаас долоон дор сэтгэмгүй! Ядаж ерөнхий боловсролыг нь сайжруулчихад залуусгүй бөөвийгөөд байгаа аймгууд чинь залуустай болж ирэхсэн. Надаас долоон дор амьтан бодлого боловсруулдаггүй баймаар!

Ядуу, тэнэг байлгах нь ашигтай гээд хүний эрх зөрчих чинь ариун явдал биш байлтай. Ядуу, тэнэг бай гэхээр нь байгаад байгаа бид нар ч хөөрхийлөлтэй. Өт хүртэл биед нь хүрэхээр атиралддаг байтал Монгол хүмүүс чулуу бололтой. Монгол хүнийг хүмүүжүүлдэг боловсрол байхгүй байхад хар массаа сайжраач, дээрдээч гэж шаардах эрх байх хэрэг үү?

ЗА тэгээд,

Монгол хүүхэд бүр эрүүл аюулгүй орчинд амьдарч, сурч хөгжиж эх орныхоо үнэт зүйл байх болтугай!

Би явна аа, хэхэ.

Angry bunny

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet