Timeless beauty
Би богино хар даашинзнаас илүүтэй эрэгтэй цагаан срочка санал болгох байсан. -June
Хар даашинз төгс л дөө. Гэхдээ түүний олон хувилбарт хувирах чадвар цагаан цамцнаас бага юм шиг санагддаг.
Хэрвээ би ёслол, хурал, тэмдэглэлт арга хэмжээнд үнэхээр шкаф дүүрэн хувцаснаас өмсөх юм болдохгүй бол цагаан цамцаа шүүрч авдаг. Энэ сонголт хэзээ ч намайг бусдын дунд ичмээр байдалд оруулж байгаагүй. Харин ч өөртөө итгэх итгэлийг минь бататгаж өгсөөр ирсэн болохоор та нарын минимал, классик хувцасны сонголтод эрэгтэй цагаан срочка санал болгох гэсэн юм.
Үүний өмнө би Mariniere санал болгосныг санаж байгаа байх.
Заавал ч бас эрэгтэй байх албагүй л дээ. Гэхдээ би эрэгтэй срочка, эрэгтэй гутал, эрэгтэй арьсан хувцаснууд/савхи/ гэх мэт зарим нэг төрлийн эрэгтэй хувцсанд туйлын дуртай. Учир нь эрэгтэй хүмүүсийн хувцасны сонголт цөөн байдаг болохоор ч тэр үү чанарт нь илүү анхаардаг юм шиг санагддаг. Тиймээс миний бүх срочка эрэгтэй, зарим футболка эрэгтэй, зарим гутал эрэгтэй, зарим куртка эрэгтэй, ихэнх нарны шил эрэгтэй загвартай.
Эмэгтэй хувцасны тасаг нэг их эрээн мяраан зах замбараагүй их хувцастай хэрнээ яг авах гэхээр авах юм олдоггүй бол эрэгтэй тасаг илүү замбараатай, эмх цэгцтэй цөөхөн хувцастай харагдах хэрнээ бүгдийг нь авмаар санагдаад байдаг юм. Би мөр өргөнтэй болохоор ч тэр юм уу, сайн ч үүрдэг, сайхан ч зохидог. Жич: Хүн бүр өөр болохоор зарим охидод эмэгтэйлэг хувцаслах нь илүү зохидог шүү. Ялангуяа лийрэн, curvy галбиртай охид эмэгтэйлэг хувцаслах нь илүү гоё харагддаг юм шиг санагддаг юм.
Sharon Stone энэ нөхрийнхөө цагаан цамцыг өмссөн хувцаслалт Harpers Bazaar сэтгүүлийн 100 шилдэг хувцаслалтад багтдаг гээд л бод. Ямар класс юм бэ? Эдр. хэхэ
За эрэгтэй ч бай эмэгтэй ч бай ер нь бол нэг их чухал биш. Гол нь хэзээ ч хуучрахгүй моод хөөгөөгүй, классик загвартай/эрэгтэй/ нэг цагаан цамцтай болоо, хонгор оо. Цаад Парисчууд чинь ямар айхтар улс билээ дээ. Тэгэхэд тэдний санал болгох хувцасны эхний аравт энэ цагаан цамц заавал ордог.
Цаадуул чинь цагаан цамц+улаан уруулын будаг -тайгаа дэлхийг эзэлнэ л гэнэ шүү.
Үнэн, үнэн… Цагаан цамц, улаан уруулын будаг, цэвэрхэн будалт бол дэлхий байтугайг эзэлнэ.
Мөн сүүлийн үеийн минималист чиг хандалагтай ч гайхалтай нийцнэ.
Надад бол энэ цагаан цамц ажилд ч, албанд ч, ёслолд ч, хуралд ч, амралтын өдөр ч, өвөл ч , зун ч өмсөгддөг учир маш сайн материал, оёдолтой он цагийн эрхэнд үргэлж сайхнаараа байх тийм л байгаасай гэж хүсдэг. Учир нь энэ бол хэзээ ч моодноос гарахгүй, трэндийн шуурганд хийсэхгүй хувцас.
Надад бол 3 ширхэг цагаан цамц бий. Хамгийн эртнийх нь 9–10 жилийн өмнө авч байсан цамц байгаа. Одоо ч ганганаараа…
Жинсний дараа хамт өтлөх хувцас бол миний цагаан цамцнууд л байна. Хайртай шүү, цагаахан цамцнууд минь.
Хаанаас авах: Аль ч брэнд барааны эрэгтэй тасагт цагаан срочка бий. Эрэгтэй цамцны ханцуй уртаддаг ч би бол тоохгүй янзлаад л өмсчихдөг юм. хэхэ
Сүүлд нэг IS FASHION MODERN гээд Coursera Хичээлд суусан чинь хүйс хамаарахгүйгээс гадна, тарган туранхай, өндөр нам хамаарахгүй таардаг, он цаг өнгөрсөн ч загвар нь хуучирч өөрчлөгдхөөргүй тэр хувцас жинхэнэ MODERN гэсэн. Би ч бас ийм хувцаснууд цуглуулах дуртай.
June