TENET
Нэг санаа толгойд минь гашлаад л яваад байгаа юм. Хүмүүс бүгдээрээ яг адихан өгөгдөлтэй, адилхан ажиллах чадамжтай тархитай төрдөг юм бол яагаад нэг ангийн 30 сурагч бүгд өөр өөр байгаад байгаа юм бэ? Бүгд тархиа сайхан шиг ажиллуулаад талхаа олигтойхон зажилж болохыг мэдсээр байж яагаад зарим нь эрдэмтэй, зарим нь архичин, зарим нь ажилчин байгаад байгаа юм бэ?
Хүмүүст нэг юм төрдөг тэ? Нэг тийм төрөлхийн, гэхдээ тайлбарлаж чадахгүй нэг зүйл. Бусдын чадахгүй, хэцүү байгаа зүйл надад юу ч биш, амар хялбар зүйл мэт санагдахаар хийж болдог нэг тийм зүйл. Бусдын мэдэрч ч мэдэхгүй байгааг би мэдрээд шаналаад байгаа нэг зүйл…
Тэд чадахгүйдээ биш л дээ, зүгээр л ингэж хялбар хийж, мэдэрч чаддаг болтлоо хичээх сурах, мэдээлэл цуглуулах хугацааны асуудал. Түүнээс биш тархи нь төрөлхийн тураалтай гэсэн үг биш. Бүгд л ижилхэн тархитай, тархи нь хоорондоо ижил төсөөтэй ажиллах горимтой гээд шинжлэх ухаан батлаад байтал нэг ийм ялгаа үүсгээд байгаа, би тайлбарлаж чаддаггүй нэг тийм өгөгдсөн зүйл байдаг тэ?
Авьяас гээд байдаг даа. Нэг тийм удамшлын хам шинжтэй, тэгснээ бас бүрэн гүйцэд боловсроогүй дутуу зүйл. Хэрвээ дуулах гэдэг авьяастай хүн байгаад дуурийн дуучин болчихлоо гэж бодье. Тэр төрөлхийн дуулах чадвартай, амьсгаагаа зөв хуваарилж авианы хөвчөө гүйцэд ажилуулдаг. Гэхдээ хүн бүр адилхан дууны хөвчтэй, амьсгал хуваарилах системтэй гэж үзвэл бүгдээрэнд нь л ийм дуурийн дуучны өгөгдөл заяасан гэсэн үг. Гээд эргүүтээд дуурийн дуучин болох гэж насаа барвал над шиг солгой хоолойтон хэрхэвч амжилт олохгүй. Би ч нэг юм өөрийгөө мэдээд байгаа юм аа. Дуулах л лав миний юм биш гэж… Хэхэ
Бүр нэг их тэнгэрт нисдэг байсан юм шиг тэнгэрт гарах хүсэлтэй нэгэн байхад, гарч ч үзээгүй байж өндрөөс үхтлээ айх ч нэгэн байх нь бий.
Тэгвэл миний, чиний юм гэж байгаад байгаа биз. Нэг тийм төрсөн, өөрт нь өгөгдсөн, бага хугацаа зарцуулаад, багахан чармайлт гаргаад хүрч болох одны үзүүр лугаа зүйл.
Виржил Абло хэлдэг, “Хүн бүрд амжилтад хүрэх хялбар зам гэж бий.”
Тэгвэл энэ тайлбарлаж чадахгүй байгаа зүйл юу бээээ? хэхэ
Би бурхны сургааль сонсож өссөн болохоор, хойд нас, дараа төрөл, карма байдагт итгэдэг. Хүн үхээд энерги болдог л юм бол тэр нь мэдээллийн л энерги байх байх. Тэр насандаа амьдарч цуглуулсан сайн муу бодлын энергийн төвлөрсөн цэг болоод сансарын тоосонцортой шүргэлцэхийн зайд дараагийнхаа биед ордог ч юм билүү? Харин тэр өмнөх, өмнөхийн өмнөх насны мэдээллүүд нь бидэнд өвлөгдөн ирснээр бидний “авьяас” гэж нэрлээд байгаа зүйл бүтдэг ч юм билүү? гэж…
Би тэр мэдээллүүдийг яавч зүгээр л нэг дараад өнгөрч болохгүй гэж боддог хүний нэг л дээ. Яг л Нолан шиг. Тэр мэдээлэл л “Миний амжилтад хүрэх хялбар зам байх, цаг хугацааг товчилж, тодорхой өнгөрүүлэх боломж байх” гэж итгэдэг. Санааг минь ойлгож байна уу?
Хэхэ. Ингээд ухаад бодохоор, бид нар өнгөрсний мэдээллүүдээ хэр сайн ашиглаж, өнгөрсөндөө хэр хурдтай ойж бууж байгаагаас бидний ирээдүй шалтгаалдаг ч юм шиг санагдаад байдаг юм.
Тэгвэл өмнөхийн өмнөх, тэрнээс ч өмнөх яв явсаар, эхлэлийн цэг дээр юу болсон байж болох вэ? Эхлэлийн цэг гэж байсан уу? гэдэг асуулт гарна. Нолан болохоор эхлэлийн цэг нь өнгөрсөнд биш ирээдүйд байгаагаар кино бүтээсэн нь туйлын сонирхолтой санаа.
Би бол эхлэлийн цэг гэж байгаад тэр үед А-Б хүрэх зам эдр гээд сайхан зураг зурдаг байсан байх гэж бодоод байдаг юм.
Нолан болохоор, А-Б хүрэх зам байна уу, Б-А хүрэх зам байна уу, А-С-Д-Б байна уу хамаагүй замыг нь л сонирхсон нь сонирхолтой байсан. Ер нь том зургаар нь харвал нэгэнт хүрэх гээд байгаа цэг байгаа бол түүнд хойноос урагш явж хүрэх ч дүрэм байхгүй л дээ.
Гэхдээ киноны хувьд бол, Inception эдр дээр киноны шинжлэх ухаанч өрнөлийн цаана нэг тийм утга тодорхой яруу хэлэмж, өгүүлэмж дэвсгэр байдаг даа. Эхнэрээ алдахгүйн тулд гэж мэгээд л… Гэтэл манай TeNeT дээр тэр дэвсгэр утга нь байхгүй болохоор гаргах гэсэн санаа нь арай уран сайхны хэлээр бичигдэж амжаагүй байсан мэт. Их л яарч. Санаа угаасаа энерги болохоор биежүүлэхгүй л бол өөр хэн нэгэнд шилжчихдэг гээд ингэж их яарсан байх л даа.
Гэхдээ надад таалагдсаан. Миний дээр өгүүлсэн өнгөрсний тухай бодлыг маань бичээдхээч ээ, гээд байгаа мэт санагдсан юм.
За за миний галзуу тэмдэглэлийн учрыг олохыг ерөөе.
Cheers,