SAVE YOUR TIME

expert.bunny
3 min readOct 30, 2019

--

Чамайг энд хүргэсэн зүйл тэнд хүргэхгүй гэдэг шиг хоногийн 24 цагийг л хамгийн сайнаараа зарцуулж чадахгүй бол хайран өнгөрүүлсэн амьдралын тухай санаа зовнил хэзээ ч үгүй болохгүй.

Хүмүүс эрүүл, эмх цэгцтэй, сэтгэл санаа тогтвортой, гэр бүлдээ их цаг зарцуулаад, мөнгөнд санаа зовнихгүй амар тайван амьдрахыг хүсдэг нь гарцаагүй. Гэхдээ энэ хүртэл амьдрахдаа хэдийг нь хэрэгжүүлж чадсан болохоор одоо болтол аз жаргал гээчийг хайсаар байгаа юм болоо? Саяхан Мөнгөний “Хадгаламж өлсөхөөс эхэлнэ” номыг уншиж байгаа юм л даа. Энэ номыг уншиж байхдаа сүүлийн 3,4 жилд ойлгоод байгаа хувийн сахилга бат, зуршлын тухай дахин толгой руугаа тоншуулаад авах шиг л боллоо.

Би 9 сараас хойш Монголыг ганц чирч яваа Оюу Толгой төслийн талбайд ажиллаж байгаа юм л даа. Энд ажил өглөө 6 цагаас орой 6 цаг хүртэл үргэлжилнэ. Амралтын өдөр гэж байхгүй. Эхэндээ энд ажиллаж байгаа бх хүмүүс яг л фермд тэжээж байгаад нядалдаг махны чиглэлийн үхэр шиг санагдаж байсныг нуух юун. Бүгд л цагтаа ажиллаж, цагтаа амарч, цагтаа цуглаад цагтаа тарна. Энд дүрэм журамгүй алхам ч байхгүй. Гэхдээ Улаабаатарт үхэр мал шиг хөлхөлдөж л байдаг залуус энд үнэхээр дэг журамтай, замбараатай, эмх цэгцтэй, хувийн зохион байгуулалттай ажиллаж чадаж байгааг харахаар бахдаар ч юм шиг. Тэд дор бүрнээ зорилготой. Хэл сурчих юмсан, карьераа ахиулчих юмсан. Цалингаа нэмүүлчих юмсан. Гэр бүлээрээ аялчих юмсан… Нэг тийм залуулаг ч ертөнц шиг. Бас заримдаа ферм шиг…

Гэхдээ юу гэхээр, өглөө 6 цагт ажилдаа ирсэн байхын тулд өрөөнөөсөө дор хаяж 5 цагт гарна. 5 цагт гарахын тулд 4.40 гэж босно. Өглөө ингэж тасралтгүй сэрэх тэнхэлтэй байхын тулд орой дор хаяж 9 цагт унтсан байх шаардлагатай. 9 цагт унтсан байхын тулд орой хүнд хоол идэхгүй, архи дарс хэрэглэхгүй, илүү дутуу юм хийж утсаа маажихгүй, орой 6 цагт тараад унтах хүртэл үсрээд л 2 цаг байх тул энэ 2 хон цагийг өөртөө зориулж ном унших, бясалгал хийх, дасгал хийх зэргээс сонгож хийнэ. Яг үнэндээ амьдрал иймэрхүү нэг хэмнэлд ороод ирэхээр юу зорьж мөрөөдөж явснаа мартчих гээд байх шиг санагддаг ч энэ нэг хэвийн хэвшил нь сэтгэл зонил, сатаарлыг бүрэн арилгадаг юм байна. Би угаас өглөөний хүн биш ч гэлээ, өөртөө илүү цаг гаргахын тулд сэрээгүй ч гэлээ, зүгээр л ажиллах гэж сэрж байгаа ч гэлээ өглөө бүр намайг ч тэр энд ажиллаж байгаа мянга мянган залуусыг үсдэж босгож байгаа илүү цагийн цалингаа бодоод босно. Энд бүгд л нэг зорилготой. Улаабаатарт ажилласнаас арай ахиухан цалин олоод түүгээрээ өр ширээ дараад гэр орноо олигтойхон авч явах. Энд үнэндээ зардал гэх зүйл бараг байхгүй. Унаа унш, хоол унданд мөнгө зарахгүй. Өнөө хадгалах хуримтлуулахыг хийж чаддаг бол энд ажиллаж байхдаа л хийж хэвшмээр байлаа. Харин дээр дурдсан Мөнгөний ном их тус болсоон. Хүн ирээдүйнхээ ачааллыг багасгаж, өр ширний дарамтаас өөрийгөө чөлөөлөхийг хүсэж байгаа л бол эртнээс өөрт дарамтгүй бага багаар хуримтлуулж л хэвших хэрэгтэй. Хуримтлуулаад үлдсэндээ таараад л амьдрах хэрэгтэй юм байна. Бодоо байхад оюутан ахуйдаа сарын 200 300к аваад амьдраад болдог л байсан. Одоо юмны үнэ нэмэгдэсэн ч гэлээ хүн олж байгаагийнхаа л хэрээр үрдэг зуршилтай. Тиймээс үрж болох хэмжээгээ л өөртөө заагаад өгчихөөд түүндээ таарч амьдарч болно оо л гэсэн үг. Мөнгө олохдоо биш зөв зарахдаа л ухаан зарах хэрэгтэй юм шиг.

Тэгээд бодлоо л доо, гэр орноосоо хол байгаа би чинь өвдөх эрхгүй. Тэгэхээр эрүүл байхын тулд зөв хооллоно. Өвдөхгүйн тулд дулаан хувцаслана. Ядрахгүйн тулд нойроо сайн авна. Нэмэлт витамин, хүнсээ сайн хэрэглэнэ. Тэгж гэмээнэ энд ирж ажиллаж байгаагийнхаа ашиг тусыг үзнэ. Хэрвээ энд амьдарч байгаа хэвшил, зуршлуудаа бүхий л амьдралдаа мөрдөөд явбал нэгд эрүүл саруул, сэтгэлийн дарамт зовлонгүй, өрийн дарамтгүй, хуримтлалтай, санхүүгийн эрх чөлөөтэй байж болох нь. Гэхдээ энд ажиллаж байхад гэр бүлтэйгээ л хамт байж чадахгүй юм даа. Харин буцаж очсон хойноо ч энэ зуршлаа мөрдсөөр байвал өнөөх аз жаргал гээчид ойртоод ирэх ч юм шиг санагдах. Хүн өдөр бүр хийдэг зүйлсээ ийнхүү зорилго төлөвлөгөөтэйгээ уялдуулан зуршил хэвшил болгоод ирэхээр маш их цагийн нөөц боломжууд гарч өөр олон зүйл бодож стрессдэхгүй амар байдаг юм байна. Өглөө сэрээд л юу өмсөх, яаж явбал хурдан хүрэх, яавал зорилгодоо хүрэх, яаж ажлын хажуугаар юу амжуулах гэж түмэн зүйлийн бодлоор өөрийгөө хордуулахгүй нэг төрлийн амралт шиг амьдрал ч гэх юм уу? Гэрээ санахаас бусад…

Энэ бүхнээс миний ойлгож авсан хамгийн чухал зүйл бол хэрвээ би энэ мэт эрүүл амьдрахын тулд зөв хооллож, байнга хөдөлгөөнтэй байж, мөнгөө сайн хуримтлуулж, өдөр бүр хийдэг зүйлсээ төлөвлөн зуршил болгож чадаж гэмээ нь гэр бүл, дуртай зүйлдээ зарцуулах олон цаг гарах юм байна аа л гэж.

Бид хүн бүхэнд адилхан хэмжээтэй олдсон цагаа хэрхэн зөв үр бүтээлтэй, өөрт тухтай өнгөрүүлж байгаагаараа л уралддаг ч юм шиг…

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet