OPPOSITE OF LONELINESS

expert.bunny
2 min readFeb 10, 2020

--

Ээж минь насаараа хүүхдийн эрүүл мэндийн төлөө ажиллаж яваа цагаахан мөртэй хүн байдаг юм. Тэгээд ээж минь бага залуу насандаа Шар хадны гэх тодотголтой сэтгэц мэдрэлийн эмнэлэгт дадлага хийж байсан тухайгаа хүүрнэж байлаа л даа, нэг удаа…

- Тэнд мэдээж сэтгэцийн гажигтай, эрүүл биш сэтгэлгээтэй өвчтөнгүүд байдаг болохоор залуухан эмч хүүхнүүд ажиллахад ямар л таатай нөхцөл байв гэж. Их хэцүү байсан… гээд ээж инээснээ, нөгөөдүүл чинь бас айхтар аа, татна чангаана, эрүүл биш л болсон юм хойно заримдаа бүр дарж хэвтчихээд босохгүй байх ч үе бий шүү. Эрэгтэй хүмүүс чинь ухаан мэдрэлээ алдсан үедээ ч эсрэг хүйстнээ сонирхдог зангаа тавьдаггүй хогнууд юм билээ.

Хамгийн хэцүү нь тэднийг эмчлэх арга ухаан байхгүй, бичсэн эмчилгээ нь тайвшруулах эм, тайвшруулах тариа тэгээд л болоо. Угаасаа эмчлэгдэх ямар ч боломжгүй өвчтөнтэй ажиллах л яагаад ч юс их хуцүү байдгийг тэндээс л мэдэрсэн сэн гэж эмч хүнийхээ ариун сайхан сэтгэлийг уудалж байхад дахин дахин бишрэхээс өөр ямарч сэтгэгдэл төрөөгүй. Ээжтэйгээ байхад харахаас хайр хүрээд, бишрээд, шүтээд, зүгээр л байхад нь үнсээд авмаар миний ээж тийм л сайхан хүн. Ажил мэргэжилдээ хүртэл ийм хайртай. Хүн байхын төгс төгөлдөр нь л миний ээж байх. Тэгээд ээж хэсэг чимээгүй сууж, сүүтэй цайгаа оочсоноо…

- Тэд нар хэдий ухаан саруул биш, элий балай ч гэлээ хамгийн өрөвдөлтэй хүмүүс шүү дээ. Орь үйлдэл хийж чаддаггүй элий балай өвчтөнөөс аваад арай гайгүй мэдээ мэдрэлтэй хүртлээ бүгд гүйдаг, хүсдэг, хүлээдэг ганцхан зүйлтэй.

“Гэрээс минь хүн хэзээ ирэх бол оо? “ гэж. Би энэ үгийг сонсоод зүгээр л уйлчихаж билээ. Хүн гэдэг чинь хүнээрээ дутдаг хорвоо юм байна шүү дээ, та минь. Бид өөрсдөө анзаарахгүй ч хэн нэгнээр дутаж, хэн нэгнийг хайрлах хайрлуулах хүслээр ангаж цангаж явдаг өчүүхэн амьтад юмсанж. Зүгээр л зав гаргаад заавал очих ижийдээ цайны сүүгүй, чихэр үзэмгүй гээд халгаж явдаг л хүмүүс. Гэтэл тэр ижийд ч , ухаан мэдрэлгүй хүмүүст ч, ял гуншинтай нэгэнд ч, хайр цацруулсан харц, түүний хайртай чиний бараа л хэрэгтэй байж болох… Бид анзаардаггүй тэр сэтгэлийн орон зайд… Тийм жаахан зүйл хэрэгтэй.

Амьддаа л бие биенээ ганцаардуулахгүй байцгаая! Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү.

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet