ONE is the most lonely number
Хорвоо заваан амбицтай шүү, заримдаа.
Бүх л хүмүүс дор бүрнээ бүхний дээд, ертөнцийн язгуур, түмний манлай болохыг хүснэ… Маш шаргуу сураад Билл Гейтс болмоор, гүн гүнзгий мөрөөдөөд Элон Маск болмоор, нүүрээ савандаад л инфлюенсэр гээч болж, нүдээ тодруулаад л Ким шиг алдарч хүрэхийг хүснэ. Бүгд л түмний манлай, тэнгэрийг сахигч байхыг хүснэ. Эморохдоо хүртэл тэнгэр шиг байхыг хүснэ…
Хамаагүй ээ. Чи сайн сурах гэж үнэхээр, бүр чин сэтгэлээсээ хичээсэн бол би хувиасаа чамайг өөрийнхөө Билл Гейтсээр өргөмжилж болно. Эсвэл үнэхээр маш их хичээгээд ч амжилт ололгүй байдаг газраа, уудаг кофегоо уугаад, явдаг замаараа л алхаж байж болно. Хамаагүй ээ, би мөрийг чинь аяархан цохиод урам өгнө.
Харин юу ч хийгээгүй байж, огтоос сайн ажиллаагүй байж, огт илүү нэг аяга угааж, нэг хүнд сайхан үйлчлээгүй байж ТОМ мөрөөдөх чинь буруу!!! Юу ч хийгээгүй байж амбицтай байгаа хүмүүст би үнэхээр дургүй. Юу ч өгөөгүй байж, нэхдэг хүмүүст би дургүй. Юу ч үгүй байж том дугарч, дээгүүр харж, том мөрөөддөгт би дургүй. Монголд ийм зүйл зүгээр л наад захаас харагддаг даа. Зүгээр нэг дэлгүүр орсон ч битүү сэтгэлийн дарамт, цухалдалттай. Хүн үйлчилгээ авах гэж ороод яаж загнуулж, харцаар нь зодуулаад, үл тоомсорлуулж, өмссөн зүүснээрээ шинжүүлж гардагийг Гандангийн Жанрайсаг батална. Нээрээ шүү. Гэхдээ энд юу буруу байгаа гэхээр. Ганцаараа хүмүүст л буруу байна. Би л болж байвал бусад нь хамаа алга, би сайхан амьдармаар байна. Хүний лангууны барааг зарсан ч яалаа, байсан ч яалаа. Би авдаг аа л авна гэх мэт утгагүй mindset л байна. Ганцаараа сайхан амьдарчихаарай! гээд хорвоогоор нэг орилчихмоор… Үе байдаг тэ?
Би ямар дуунд “Нэг бол хамгийн ганцаардмал тоо” гэж гардагийг мартчихаж. Гэхдээ энэ үг яг бидэнд зориулж хэлээд байх шиг санагдсаныгаа тэмдэглэлээсээ санаад бичиж сууна. Ганцаараа сайхан амьдраад, ганцаараа сайжраад, ганцаараа жаргалаа гээд, хэзээ нэгэн цагт бусадтай байдгаа хуваалцмаар санагддаг л хорвоо.
Хуваах юмгүй байлаа ч хамаагүй ээ…
“Ганцаараа мөрөөдвөл тэр чинь мөрөөдөл. Олуулаа мөрөөдөж эхэлвэл тэр чинь зорилго болдог юм.” гэж сайхан үг байна. Бүр хуваах байхаа олж ядаад, сайхан зүйл ч санаанд чинь орохгүй байгаа бол, хүнд сайхан зүйл хийх гэхээр цухал чинь хөдлөөд, хүн рүү сайхан харах гэхээр нүд чинь татаад, инээх гэхээр ам чинь хатаад байгаа бол ядаж мөрөөдлөө хуваалцаж болно шүү л гэх гэсэн юм.
Хүн ганцаараа сайхан амьдрахын тухай бүх л төсөөлөл чинь ганцаардмал шүү л гэж захих гэсэн юм. Тиймдээ ч би энэ блогийг ажиллуулдаг. Байгаа бүхнээ, мэддэгээ, чаддагаа, чадахыгаа, бусадтайгаа хуваалцангаа хамт хөгжих гэж…
Та нарын хүсдэг бүх нэгдүгээр чинь ганцаардмал байр!
Би энд жаргалтай байгаа шүү. Хэхэ
Regards,
Bunny