OhMaGosh

expert.bunny
5 min readJan 15, 2024

--

Жич: Би нь Буддын шашинтай хүн жүү.

OMG… Монголоор бол “Бурхан тэнгэр минь” юм уу даа. Би монголоор нь их хэлдэг юм билээ, ккк

Хүмүүсийн айхаараа, сандрахаараа, цочихоороо, зовохоороо, баярлахаараа, гайхахаараа уулга алддаг үгс. Яг л айхаараа хамгаалуулах гээд ээжийгээ дууддаг хүүхэд шиг… Хүн болгон л яг үнэндээ нялх хүүхэд шүү дээ. Айл гэр байтугай, улс орон, ард түмэн мүмэн гээд их хариуцлага тээдэг мундаг залуу болчихсондоо л ээжийнхээ оронд бурхнаа дууддаг болчихсон болохоос биш.

Би сүүлийн жил гаруйн хугацаанд бараг хүний гарт шахуу, хүний хайр халамж шаардлагатай цаг хугацааг туулж байна л даа. Ажилгүй, орлогогүй, явах суух боломж нь хязгаарлагдмал бла бла… Ийм үеүдэд сэтгэлдээ их эмзэг байгаа болохоор ч юм уу, ер нь надад ч ажиглагдахаар нийгмээрээ тийм хүнд байгаагийнх ч юм уу “ХҮНИЙ ХҮН ЧАНАР ХААЧЧИХСАН ЮМ БЭ?” гэж асуумаар санагдаад байдаг болж. Хүмүүс улам л хүн чанаргүй, хүний үнэргүй, бэртэгчин, нэгнийгээ ашиглах гэсэн, өөрийнхөө эрх ашгийн төлөө бусдыг хохироохоо сайшаан дэмжсэн, амлалтдаа хүрэхгүй байх нь байдаг л үзэгдэл шиг, гэр бүлийн хууран мэхлэлт зүгээр л хэвийн үзэгдэл шиг, хүүхдүүдийн өмнөх хариуцлагын өмнө ажил карьераа тавих, амиа бодох, хувиа хичээх, өөрөөс нь дээр байгаа л бол тэр муу, ямар хүн нь хамаагүй мөнгөтэй л хүн бол өөрт нь хэзээ нэг цагт хэрэг болох хүн бла бла бла… Сайн хүн, муу хүн гэж байхгүй, зөвхөн мөнгөтэй ба мөнгөгүй хүн л гэж байдаг болчихсон мэт… Миний үзэж харсан, туулсан бүхнээс хамгийн гунигтай мэдрэмж.OMG

Ээжүүдийн групп гээд ФБ д групп бий. Нярайг хэрхэн арчлах, туршлага сурснаа хуваалцдаг. Тэнд долоо хоногт зоолттой 1–2 удаа би ийм тийм хэцүү амьдралтай, хүүхдэд минь сүү, памперсаар туслаач гэдэг пост явна. За тэгээд нялх хүүхэдтэй ээжүүд юм болохоор энийг ирээд ав, ингэе, дансаа гээд л… Хамгийн аймаар нь ийм ээжүүд уяхан сэтгэлтэй болохоор ингэж мөнгө, юу ч юм салгаж болох юм байна гээд зүгээр л худлаа ярьж зовлон хэлдэг хүмүүс бас байдаг. Ээжүүд нь итгэхээ байчихсан. Ингэж хууртаад утсаар сүрдүүлэгт өртсөн, заналхийлүүлсэн ээжүүдийн пост ч их. Худлаа хаяг байна, зураггүй байж гээд л… Кино2 Би ч хэдэн удаа 5, 10 мянган төгрөг өгч л байлаа. үнэн худал нь дүүрч гээд л… Өөрийнхөө хүүхдийн улсаас өгдөг мөнгөнөөс ядарсан юм гээд л… Гунигтай. OMG

Тийм ээ тийм, нийтээрээ ядуу гачуу хүнд хэцүү амьдралтай байгаа. Гэхдээ ядуу байна гэдэг нь хүн чанаргүй байхтай шууд хамааралтай хэрэг үү? Мэдээж хамааралтай. Өнөөдрийн идэх хоолны тухай гашилж байгаа хүн ямар ч ухамсрын тухай ярилтгүй шүү дээ. Эхний хэрэгцээгээ хангах шаардлагатай. Гэхдээ яаж ч ядарсан савангийн хэлтэрхий олддог юм гээд цэвэрхэн суудаг эгч шиг, яаж ч гадуурхагдаж өлсөж ядарсан үзэл бодлоо худалдахгүй үлдэж чаддаг Амьд үлдэгсэд (Айн Рейд)шиг байх ч боломжтой. Сонголт л юм даа.

Монголоор дүүрэн мөнгөтэй, Швейцарийн банкинд данстай баян мөртлөө улсын төсвөөс завчуулах гээд шүдээ ирлээд сууж байдаг ах эгч нар ч бас байгаа. Ядуу нь хоолныхоо саваар, баян нь шуналынхаа саваар л юм уу даа. Аль алинд нь хүн чанар нь алдагдчихсан.OMG Ардчиллын хонх гэдэг чинь хүн чанараа алдахын хонх байсан гэжүү? Ер нь Хүн чанар гэдэг нь юу юм? Худал хэлэхгүй, хулгай хийхгүй, өөрийн эрх ашгийн төлөө бусдын эрхэнд халдахгүй, үүргээ үүрч, хариуцлагаа ухамсарладаг, нэг үгээр ёс зүйтэй. Бас хүнлэг сэтгэлтэйг хэлээд байх шиг байгаа юм. Улсаараа орк байгаагийн үндэс нь энэ. Хүн чанаргүй юм чинь хүн биш амьтан л байна шүү дээ.

Миний нэг хайртай эгч “Муу хүн гэж шүтлэггүй хүнийг л хэлдэг юм” гэж байсан нь санаанд орлоо. Эгч мундаг шүтлэгтэй хүн л дээ. Үүнийг сонсоод шүтлэгтэй ч юм шиг үгүй ч юм шиг надад “айн” гэж анх санагдсан. Гэхдээ одоо бодоод байх нь ээ эгчийн үнэн байж.

Шүтлэг.

Хүн төрөлхтөн амьтнаас хүн болж шилжих гэж их юм болсон л байх. Тэднийг хүн болгосон юм нь “гал” гэдэг ч, миний бодлоор тэднийг хүн болгосон юм нь мэдлэг, шүтлэг хоёр л байсан байх гэж боддог юм. Ямар нэг өөрсдийнхөө ойлгож хүчрэхгүй, тайлагдашгүй зүйлсийг өөрөөс нь агуу том, хязгааргүй хүчтэй зүйл болох Бурхан гээчид даатгаад өөрийгөө түүний хажууд өчүүхэн жижиг амьтан гэж бодож эхлэснээс үүдэлтэй байх гэж боддог. Тэгэхэд л эго нь хэвийн түвшиндээ хүрч амиа бодох, өөрийгөө л тээж тэтгэхээс давах оюун сэтгэлийн чадамжийг олсон байх. Тиймээс хүмүүсийг өөрсдийнх нь гаргаж ирсэн Бурхан гэдэг зүйлээс нь ангид авч үзэх боломжгүй хэрэг. Орчин үед юмс хөгжиж, хүний мэдлэг ч тэлж, өнөө Бурхан гэж зохиосон зүйлийнх нь шийддэг байсан ихэнхийг өөрсдөө цаг агаарын мэдээнээс, Наса гийн ололтуудаас, хиймэл дагуулаас мэдчихдэг болсон ч харин эсрэгээрээ өөрсдийгөө мэдэхээ больж эхэлсэн. Энэ л хамгийн аюултай хэсэг нь… Өөрсдийгөө мэдэхээ больсон. Өөрийгөө мэдэхээ больчихсон болохоор бусдыг мэдэх, ойлгох, хайрлах, энэрэх тухай ярилтгүй. Гүйцээ.

Хүн шашин шүтэх, итгэх гэдэг чинь зүгээр л ухамсрын л хөгжил шүү дээ. Аль ч шашны сургаальд идэх уух, өмсөх зүүхээс урьд энэрэнгүй сэтгэл, нийгүүлсэнгүй байдал чухлын тухай, амьтныг ч хайрлаж хамгаалах тухай, бусдыг хайрлаж энэрэх нь эцэстээ тэр хүндээ биш чамд хэрэгтэй тухай, сэтгэлийн амар амгалангийн тухай, итгэлийн тухай, итгэл найдвараар хадан дээр цэцэг ургуулах тухай л байдаг. Гэхдээ заавал шүтэх албагүй. Энэ мэдээллийг интернет хөгжөөгүй байхад бурхны номоос л уншиж мэдэж болдог байсан бол одоо бид зүгээр иймэрхүү мэдээллийг юухнаас ч авч болдог болчихсон болохоор шүтэх албагүй болчихож. Гэхдээ хүнд өөрөөс нь илүү ямар нэг итгэл, хүч заавал хэрэгтэй. Тэгж байж эго нь тэнцвэртэй байна. Тэр нь нар, сар, тэнгэр, аав ээж, бурхан, газар, уул ус юу ч байж болно. Гол нь өөрөөс нь хүчтэй ямар нэг зүйл л байх хэрэгтэй.

Бид нар түүнээ алдчихжээ. Итгэдэг, шүтдэг, баримталдаг, хардаг, үлгэрлэдэг, биширдэг зүйлгүй л болчихож. Бүр инээдтэй нь олигтой үлгэрийн баатар ч үгүй ч болчихож. Сүүлэнхүү ч үгүй, эрхий мэргэн ч үгүй. “Салхи салхилж л байг уу дарга аа” с өөр олигтой ишлэл ч үгүй…OMG

Ээж ааваа бурхан мэт шүтэж хайрлахаа ч больж. Жалга довны үзэл, хуучирсан баларсан хөгшид гээд нутаг ус гэж санаашрахаа ч больж. Ер нь л оюун санааны хоосролд орж дээ. Уншдаггүй болохоор сэхдэггүй. 2 минут хүрэхгүй богино видеоны мэдээллээр толгойгоо дүүргэх болж. Яг ийм үед гэнэт мөнгө л байвал сайхан амьдарч болох тухай хөрнгөтний, барууны хэв маяг ороод ирмэгц зүгээр л… Бүх эмэгтэйчүүд нь Kylie Jenner болж болоход итгэж, бүх эрчүүд нь Элон шиг дэлхийг эзлэх хоосон санаашралдаа хөтлөгдөн мөнгө улаан, нүд цагаан. Тийм болж, тэдний энд хүрэхгүй бол хүүхэд маань өвдөх, эхнэр маань зовох, нөхөр маань шантрах, улс маань доройтох, хөрш маань өлсгөлөнд нэрвэгдэх, саахалт маань үерт автах падлийгүй болж. Тийм л гунигтай…OMG

Тэгэхээр үр хүүхдүүд, залуус минь эцэг эхээ, эх орноо, уул ус, ургамлаа хайрла. Шүт, дээдэл. Бүр болохгүй хуучирсан тэнэг санагдаад байвал “Kyes to the heart” кинонд бүтэн гэр бүлийн хүчирхийлэлд өссөн ч “Боломжгүй зүйл гэж үгүй. Хүний оюун санаанд л бий. Мухаммед Али” гэдэг ишлэлээр өөрийгөө хүмүүжүүлж хүн болсон гол дүрийн ах шиг амьдралаа аврах ишлэлээ ч болтугай олох л хэрэгтэй. Тэгж байж л хүн үлдэх нь ээ. Мэдээж амьтдын дунд хүн байх хэцүү. Их хэцүү. Гэхдээ бүгд л нэг цагт сармагчнаас ухамсарт хүн болсныг санаж өөрсдийгөө сэрээж хүн чанараа олж авахад нь нэг нэгэндээ тусалж чадвал бид дор бүрнээ сайхан амьдрах буй за.

Бүгдээрээ сайхан амьдрах болтугай,

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

Responses (1)