OH HONEY
Та нарт нэг тийм хүн бүхэнд зарлаж тунхагламаар, гайхалтай сайхныг нь түмэнд түгээмээр нэг зүйл байдаг уу? Сонирхолтой ном, амьдрал өөрчилсөн ишлэл, нийтлэл, харах өнцөг тодорхойлсон сонирхолтой хүн гээд юу ч байж болно. Бүр хэрэглээг тань хөнгөвчилдөг mindset, огт салж чадахгүй аваад л байдаг зүйлс, цуглуулга, зураг, хөгжим, кино ч юм уу?
Надад тэгвэл байна.
Миний бүх цаг үеийн хамгийн хамгийн шилдэг хэрэглээ бол ЗӨГИЙН БАЛ. Миний гоо сайхан, эрүүл мэнд бүхэлдээ зөгийн балтай нягт холбоотой. Би Сэлэнгийн хүүхэд болохоор багаасаа л дахин ашигласан 0,5л Urbanek шилтэй хар хүрэн зөгийн бал долоож өссөн. Хэхэ. Ер нь элбэг олддог зүйлээ тултал нь ашиглах гэдэг миний баримталдаг зарчим л даа. Хэхэ
Зөгийн бал мааааааааааааааш олон талын ашиг тустай.
- Би төрөлхийн л ходоод гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн муутай ходоодны болон бүдүүн гэдэсний асуудалтай л даа. Зөгийн балтай ус гэдэг чинь энэ төрлийн өвчинд эм шүү дээ, ердөөсөө. Ходоод өвдөх, шартах, дотор муухайрахыг зөгийн балтай ус маш сайн намжаачихдаг. Би ер нь зөгийн балтай усыг байнга л уудаг юм. Гэхдээ өдөр бүр тогтмол уугаад байхаар хоолны дуршил нэмэгдээд таргалах гээд байсан тул өнжиж бариад сүүлдээ 7 хоногт 1, 2 гэх мэт уудаг болсоон.
- Зөгийн бал бол миний гоо сайхны гол аврагч. Зөгийн бал + сода тай маск гэдэг чинь байгалийн гуужуулагч. Халбага, халбагахан орцтой энэ маскийг 10–15 минут тавиад угаасны дараа арьс чинь яаж цайж, яаж гуужиж, гөлчийж мөлчийхийг хараарай. Амлая. Миний арьс бага зэрэг эмзэг учраас хүчтэй гуужуулалтууд хэрэглэхээр илүү хуурайшиж, таталдаад байдаг юм. Гэхдээ бас гуужуулж баймаар байдаг? Тэгж хайсаар энэхүү гуужуулагчаа олсон юм. Ер нь арьсны баланс алдаад юм гарчих гээд, харлаад сэвхтэх гээд ирэхээр 12 хоногт 1 удаа ч юм уу тавьчихдаг юм. Арьсыг маш сайн зөөллөж, эмзэгшүүлэхгүйгээр чийгшүүлэн гуужуулчихдаг.
- Зөгийн бал+авакадо+/овьёос, тос, сүү аль нь ч байж болно./ энэ хольцтой маск бол хорвоогийн хамгийн шилдэг чийгшүлэгч маск. Миний арьс мааш хуурай бас эмзэг. Олон зүйл хольж хэрэглэх, солих зэрэгт цочрохдоо амархан. Мөн нар, салхийг үзэхгүй. Салхинд гарсан л бол дуусаа. Таталдаад, цахлайтаад… 10 жилдээ хамаг нүүр нь энд тэндээ цахлайтаад цайрсан амьтан л явдаг байлаа. Хаврын хаварт миний арьс илүү их арчилгаа, илүү их маск тавихыг шаарддаг. Тиймээс миний хаврын улирлын гол аврагчаар дээрх маскаа дэшүүлж байна. Хорсож улайгаад хуурайшсан арьсанд дээрх хольцоо түрхээд 5 минут болоход л хуурайшилттай хэсгүүд загатнаж хорсож байснаа намжаад маскаа угааж арилгах үед хооб гээд л чийгшчихсэн байдаг гээд л бод. ЗӨгийн бал нь чийгшүүлнэ, анти бактериал үйлчилгээ үзүүлнэ, эмзэгшилтийг намдаана. Авакадо нь маш сайн тэжээл өгдөг. Бусад хольцууд нь таны хүслээр юу их хэрэгтэй байгаагаас л шалтгаална.
- ЗӨгийн бал+сүү. За энэ хольц бол шилдэг цайруулна. Өөр зүйлс нэмсэн ч болно, нэмээгүй байсан ч болно. Сүү, зөгийн бал хоёул антибактериал үйлчилгээтэй тул батга гарах гээд байдаг арьсанд ч сайн тохирно. Гол нь энэ маскыг тавиад байхаар арьс бүхэлдээ жигдэрч, цайрч, арьсны өнгийг засдаг. Яг яагаадыг нь би сайн тайлбарлаж мэдэхгүй байна. Хэхэ. Гэхдээ нэмж хэлэхэд гол нь тууштай сайн тасралтгүй хэрэглэж байж үр дүнг үзнэ шүү.
Гэхдээ аль ч органик гоо сайхны бүтээгдэхүүнийг тасралтгүй тууштай хэрэглэж байж л үр дүн гарна. Учир нь эдгээр органик бүтээгдэхүүний найрлагад удаан хадгалах, нөөшлөх бодисууд бусад үйлчилгээг түргэсгэх нэмэлтүүд агуулаагүй шүү дээ. Тиймээс нэгэнт органик хольц, найрлага, бүтээгдэхүүн ашиглаж байгаа бол нэг дор шид үзэх хурдан үйлчилгээнээс илүү урт хугацаандаа аз жаргал мэдрэх болно гэдэгтэйгээ эвлэрсэн байх хэрэгтэй.
Мөн би зөгийн балыг шарх сорвинд түрхэх ч бий. Учир нь зөгийн бал бол байгаль дээрх цор ганц гайхамшигт шидтэй антибактериал шинж чанартай бодис. Яаж ч удаан хадгалсан мууддаггүй шүү дээ. Ингэж муудахгүй байна аа гэдэг чинь өөрийгөө хамгаалах тийм хүчтэй хамгаалалттай гэсэн үг. Би нэгэнт зөгийн баланд хайр зарлаад мааш удаж байгаа болохоор зөгийн балыг их судалсаан. Тиймээс дор та нарт сонирхолтой бах болов уу гэсэн мэдээллийг нь хүргэе.
ЗӨГИЙН БАЛ ГЭЖ ЮУ ВЭ ?
Зөгий балт ургамалаас ялгарах амтат шүүсийг цуглуулж сархиагтаа боловсруулан хадгалсан бүтээгдхүүнийг ЗӨГИЙН БАЛ гэнэ.Зөгийн баланд 18 хувийн ус,80 хувийн глюкоз,фруктоз байдгаас гадна цардуул,уураг А,В,С витамин,янз бүрийн хорт бичил биетийг устгагч нийтдээ 400 гаруй төрлийн бодис агуулагдсан байдаг.Тиймээс зөгийн балыг хүнс тэжээлээс гадна биеийн эсэргүүцэл сайжируулах,тайвшруулах болон түлэнхий шарх зэрэг олон төрлийн өвчин анагаахад хэрэглэдэг.Найрлагаараа хүний цусны плазмтай ойролцоо тул бие махбодид 98 хувь шингэдэг.Цэвэр зөгийн балыг хүнс, биологийн идэвхит чанартай гэж үздэг ба хүнсэнд хэрэглэснээр эрүүл мэнд сайжирч,нөхөн сэргэлт явагдаж бидний бие махбодийг анагаадаг байна. Ажилчин зөгий балт ургамалын цэцэгнээс цуглуулсан амтат шүүсийг үүрэндээ авчирч бал боловсруулах үүрэг хүлээсэн бусад зөгийнүүдэд хүлээлгэж өгнө. Уг шүүсийг ажилчин зөгий усыг нь ууршуулж шүлснийхээ эсгэг (фермент)-ээр боловсруулж хагас шингэн байдалтай чихэрлэг бодис бий болгосныг зөгийн бал гэнэ. Зөгийн авч ирсэн амтат шүүсийг олон зөгий залгиж гулгихад шүлсний ферментээр баяжиж сахар задарч глюкоз, фруктоз болж хувирна. Зөгийн бал боловсруулах эрхтэнээр хэд хэд дамжихдаа ус нь ууршиж амин хүчил, витамин, органик хүчлээр баяжсан амтат шүүс нь бал болно. Зөгий 100гр бал цуглуулахын тулд сая орчим цэцгэн дээр сууж амтат шүүс сордог. Зөгийн балыг байгалийн шингэн алт гэж хүндэтгэн нэрлэдэг. Оросууд зөгийн балыг хүнсний бүтээгдэхүүний хаан гэж үздэг. Энэтхэгт хэн хөгшрөхийг үл хүснэ тэр зөгийн балыг ид гэж зөвлөсөн байдаг. Зөгийн бүтээгдэхүүнийг нисдэг аптек ч гэж нэрлэх явдал бий. Чингис хаан “бал идэх дуртай бол зөгий хатгахад бүү ярдагла” гэж сургасан нь Монголчууд зөгийн бүтээгдэхүүнийг эрт цагаас хэрэглэж ирсэний жишээ юм.
Зөгийн бал өөртөө агуулагдаж буй эрдэс бодисоороо хүний цусны найрлагатай ихээхэн төстэй байдгийг эрдэмтэд тогтоожээ. Зөгийн бал нь хүний бие махбодод амархан шингэж боловсордог байна. Зөгийн балыг ямар ургамлын цэцэгнээс цуглуулж байгаа нь түүний найрлаган дахь цэцгийн тоосны хольцыг харгалзан нэг төрлийн ургамлын бал, олон төрлийн ургамлын бал гэж ангилдаг. Балт ургамлын амтат шүүсэнд байгаа будагч бодисын өнгөнөөс хамаарч балны өнгө өөр өөр байна. Зөгийн балны өнгө цагаан, цагаан шаргал, алтан шаргал, хар бор, хүрэн гэсэн ялгаатай байдаг. Зөгийн балны өнгө хар хүрэн байх тусмаа эрдэс бодис, амин хүчил, витамин, каротин нь цайвар өнгийн балнаас их байдаг. Балт ургамалын цэцэглэлтийн хугацаанаас хамаарч зөгийний бал боловсруулах хугацаа 4–5 сарын, 6–7 сарын, 8–9 сарынх гэсэн ялгаатай байдаг. Манай орос ах нар 5-р сарын цагаан бал, 8-р сарын гурвалжин будааны бор, хар хүрэн балыг өндөрт үнэлж их хэмжээгээр хэрэглэдэг практик бий. Зөгийн балны чанар болон ямар ургамлын бал болохыг туршлагатай зөгийчин түүний үнэр, өнгө, амтаар төвөггүй тодорхойлж чаддаг. Зөгийн бал чихэрлэг байхаас гадна тухайн балт ургамлын цэцэгийн ялгаруулсан амтат шүүснээс хамаарч нялуухан өвөрмөц амттай. Зөгийн балны болц нь түүний найрлаган дахь ус, чихэр, амин хүчил, унжгай чанараас хамаардаг. Зөгийн баланд ямар нэгэн хольц байх ёсгүй. Зөгийн балны найрлагад байх усны хэмжээ 21%-иас ихгүй байна. Зөгийн балыг тасалгааны 14–20 хэмд хадгална. Зөгийн бал нь шингэн байдлаас хатуу байдалд шилжин талсжилт үүсгэдэг. Энэ нь зөгийн балны чанарт нөлөөлөхгүй, талсжилт нь хадгалсан хэм, балт ургамлын бүтэц, сархиагны чанар зэргээс хамаардаг. Зөгийн бал талсжих үзэгдэл нь зөгийн балны чанар, түүний өвөрмөц зүй ёсны үзэгдэл юм. Талсжиж хатуурсан бал нь 40–45 хэмд хайлна. 14 хүртэлх хэмд бал талсжихгүй. Зөгийн балны найрлагад ус хуурай бодис, нян устгах, чанартай бодис, уураг, нүүрс ус зэрэг 300 гаруй эрдэс бодис В1, В2, В6, K, D, E гэх мэт витамины агууламжтай. Мөн балны найрлагад натри, кали, магни, төмөр, фосфор, бичил мах бодь, хөнгөн цагаан, зэс, марганц, тугалга, цайр орсон байна.
Хамгийн сонирхолтой нь эртний Египетийн нэгэн булшнаас талстжиж хатсан зөгийн балны хэлтэрхий олдсоныг шинжилж үзэхэд огт муудаж, хатаж алга болоогүйн дээр доторх шинж чанараас нь ус нь л ууршсанаас өөр өөрчлөлтгүй зөгийн бал байжээ. Тэгэхээр зөгийн бал бол мууддаггүй шидтэй нь үнээн.
Ийм болохоор би чинь зөгийн балны хүүхэд болсоон. Одоо миний хүнс, эрүүл мэнд, гоо сайхан зөгийн балгүй байна гэж үгүй. Гэрт заавал нэг шилтэй зөгийн бал байдаг юм. Түүнийг иднэ, ууна, түрхэнэ. Бүр гоо сайхны бүтээгдэхүүн авахдаа ч ихэвчлэн зөгийн балтай зүйлс сонгож авдаг. Зөгийн балны найрлагатай зүйлс харшил өгөхгүйн дээр ядаж л элдэв зүйлс арьсан дээр нэмж гаргахгүй гэдэг нь баталгаатай байдаг юм. Тиймээс зөгийн баланд итгэж болно. Би олон жил хэрэглэж байгаа болоод ч тэр юм уу, бүр давраад үнэртэй ус, үнэртэн сонгохдоо ч аль нэг нотонд нь зөгийн бал орсон ус илүү зохиод байх шиг санагдаад үнэртэй усаа ч зөгийн балтайг сонгоно гэнэ шүү. Хэхэ
Гэхдээ зөгийн балыг хүнсэндээ хэрэглэхдээ нэг анхаарууштай нь 40С-с дээш хэмтэй усанд зөгийн балыг найруулж болохгүй. Учир нь зөгийн балыг халаахад хэрэгцээт бодисууд нь ууршиж эхэлдэг байна. Тиймээс бүлээн ус, сүүнд найруулан хэрэглэхийг зөвлөе.
OH HONEY минь дээ,