NEVERTHELESS
Амьдрал тэр чигтээ сонголт юм бол, дандаа хялбар амар замыг сонгоод тайван амар амьдарч болох биш үү? Хялбархан сонголт бүр чинь амжилттай байж чадна гэж үү?
Хүүхдүүд мэргэжил сонгохдоо, “аан тоо бодож толгой гашлахгүйгээр нь загвар өмсөгч больё, хичээл их хийхгүй амьдарч болох ажилтай болчихьё” гэдэг нь ч эцэстээ энэ хялбархан сонголт хийж байгаагийн жишээ. Тоо бодохгүй, толгой гашлахгүйгээр үнэхээр амар тайван сайхан амьдарч болдог гэж үү? Тийм ээ хонгор минь болно. Чи болно гэж бодож байгаа бол болж л таараа. Гэхдээ “Юуг алдаж байж олж авснаар нь амжилтаа дүгнэ” гэж Далай ламын хэлсэнчлэн “Чи юу ч алдаагүй, өөрөөсөө гаргаагүй байж юу олж авна гэж хүлээж байгаа чинь үнэндээ ИНЭЭДТЭЙ ХЭРЭГ” болно. Маш бага хүч хөдөлмөр зараад амжилт олж болох арга хорвоод их бий боловч тийм бага хөдөлмөр зарцуулдаг болтлоо хөдөлмөрлөсөн цаг хугацаа, хичээсэн зүтгэлээ амжилттай хүмүүс тэр бүр дурддаггүйг анзаараасай.
Загвар өмсөгч гэдэг өгөгдөлтэй байлаа ч, тэр хүн хувцсаа сурталчлах, зураг авхуулах, өнцгөө олох, харуулах юмаа олж нээх, өөрийгөө арчилж биеэ аятай авч явах, хүмүүстэй харьцаж сурах, шүүмжлэл дааж сурах, шүүмжлэлээс суралцаж дэвшиж сурах, цаг барьж сурах, цагаа төлөвлөж сурах, хэл сурах, хувь хүнээ хөгжүүлж сурах, хөгжим мэдэрч сурах гээд зөндөө чадвар хэрэгтэй. Зүгээр энэ бүхнийг сурахын тулд чи бас зөндөө удаан аль чадахаараа удаан сурах хэрэгтэй. Юм бүхэн харагдаж байгаа шигээ хялбар байдаг бол хорвоо ямар инээдтэй хүүхэлдэйн кино шиг байх байсныг төсөөл дөө. Зүгээр л хүмүүс маш хялбар сайхан амьдарч чадаж байгаа юм шиг харагдаж байгаа ч, тийм чадвартай болтлоо маш их цаг хугацаа зарж маш их бүррр маш их суралцсан гэдгийг мартаж болохгүй.
Бүгд харагдаж байгаа шиг ээ хялбар биш, байгаа ч үгүй. Ингэж харагдуулж байгаа бүхэн худал хуурмаг. Интернет сошиал ертөнц хөгжсөнөөр улам л та нарын толгойг эргүүлж иймэрхүү trick-үүдэд итгүүлэхийг хүсэх болж. Хууртаж болохгүй.
Эмч хүн эмчээ мундаг хийдэг болох гэж , инженер хүн багцаагаар барилга тооцоолж хэлж мэддэг болох гэж насаараа сурдаг шиг, ээж хүн хүүхдээ эрүүл өсгөх гэж мянган шөнийн нойр хоолоо алддаг шиг бүх зүйлс тус тусын төлбөртэй. Энэ бол бодит амьдрал. Хүнээс хатуу үг сонсож чадахгүй, түүнээс суралцах, засах битгий хэл эмзэглэж “үхэх” тухай бодож амжиж байгаа бол “Сайн байна уу, бодит амьдралд тавтай морил” Амьдрал та нарын бодож байгаа шиг хялбар биш, бас хэзээ ч тийм байхгүй. Харин чи өөрөө тийм болгож бүтээж чадна. Чи сайн суралцвал сайн эмч болж бусдад төвөггүй ажилладаг мундаг эмч шиг харагдаж, чи сайн хичээвэл хүссэн амьдралаа бүтээж чадна. Асуудал үргэлж бидний гадна өрнөдөг ч үр дүн үргэлж бидний хариу үйлдлээс үүдэлтэй.
Өнөөдөр чи ямар нэг буруу зүйл хийсэн болохоор ээж аав чинь зэмлэсэн. “OMG чиний дотор бөөн юм болж байгаа. Ойлгож байна. Яаж ингэж чадаж байна аа. Надад ингэж хандаж болно гэж үү, Би ер нь тэдний хувьд хэн юм бол? Ингэж байхаар зүгээр эдний амьдралаас зайлаад өгье” эдр гээд л…” Гэхдээ энэ бүх өөрийгөө өмөөрч, бусдаар хайрлуулж халамжлуулах гэж сул дорой царайлж байгаа бодол бүхэн чинь үнэндээ бас л ИНЭЭДТЭЙ ХЭРЭГ.
Яг л ээж чинь чамайг төрүүлэх гэж 9 сар гэдсэндээ тээж байхдаа, “юу ч идэж чадахгүй хордлого өгч, босох суух бүрдээ амьсгаадаж, найз нөхдийнхөө хүрээллээс орхигдож, өдөр бүр өөрийнхөө тарган зааны биеийг толинд харахаас гутарч, суга цавь бүх далд арьс нь харлаж, нүүр нь сэвхтэж, гэдэс нь сунаж, арьснууд нь язарч, нуруу нь тасартлаа чилж өвдөж, шөнөөр өлсөж, үргэлж халууцсан ч даарахгүй гэж давхарлан хөлсөө цувуулдаг жирэмсэн байх чинь ийм хэцүү юм уу больё, больё би хүүхэд төрүүлэхээс ер нь халширчихлаа” хүүхэд гаргахаа болилоо гээд болчихдоггүй шүү дээ. Буцаахыг хүсдэг зүйл хүн бүрд л бий. Хүсээгүй замдаа орж шантарсан үе ч хүн бүрд зөндөө бий. Гэлээ гээд ээж хүн ээж байх хэцүү юм байна, больё гэдэггүй шиг Хэцүү бүхнийг даваад чамайг төрүүлсэн үнэн шиг. Юугаа ч юм алдаад чамайг олж авснаа бүх амьдрал нь гэж итгээд “хааяа нэг бурууг чинь зэмлэж, зааж сургаад” амьдарч байгаа нь үнэн. Хэцүүгүй зүйл хорвоод юусан байх билээ.
Хайрлуулж халамжлуулах хүсэл хүн бүрд л бий. Бүр хөгширч үхэх гэж байгаа эмээд ч бий. Тиймдээ л тэд чамаас сайн хүн болоорой гэж гуйж, үг дэвсэж, хариулт гуйж амьдарч байгаа. Төрчихөөд нөхөр нь өөр рүү нь харалгүй буруу харж унтсаны төлөө горьдож хөх нь хавдаж, хүхдээ хөхүүлж чадахгүй идээгээ авуулах хагалгаанд орсон эмэгтэй ч хэлнэ. Хүн бүрд л тийм хүсэл байгаа. Бас бүгдээрээ ямар нэг аргаар, өөрийнхөө сэтгэл зүйн хатуужлаар давсан байгаа. Бүгдээрээ хэлдэггүй болохоос биш амар хялбар зүйл гэж энэ хорвоод нэгээхэн ч үгүй.
Сайхан харагддаг эмэгтэй тийм байх гэж зарцуулсан цаг хугацаа, хичээл зүтгэл л гэж байгаа. Түүнээс гоё байгаа нь зүгээр л харагдаж байгаа хэлбэр нь гэдэг шиг л…
Бүгд л ямар нэг юмыг даван гарч, тэсвэрлэж, тэвчиж байгаа. Том хүн гэдэг нь жаргалтай байгаагаа л хэлэхээс зовлонтой байгаагаа үзүүлэхээ байчихсан хүмүүс юм шүү дээ. Чи ч гэсэн том хүн болох гэж байгаа болохоор илүү их нуудаг юмтай болж, илүү олон зүйлийг ганцаараа давж гарахад суралцаж байгаа.
Гэхдээ атга будаа цацаад зүүний үзүүр дээр ширхэг будаа тогтох мөч шиг тийм ховор тохиолоор олдсон амьдралаа дээдэлж сайн хүн байж, тийм ховор тохиолоор олдсон амьдралынхаа хэргийг хийхгүйгээр зүгээр л “..хээд өгье” гэдэг бол үнэхээр ИНЭЭДТЭЙ ХЭРЭГ. Үй хуа “Амьдрахуй”-г уншсан бол чамд “үхээд өгье” гэдэг бодол чинь ИНЭЭДТЭЙ санагдах байсан амлая.
Хүний амьдралын гол утга учир нь “Аз жаргалд хүрэх гэж зүтгэсэн тэр зам, цаг хугацаанд л байдаг болохоос биш сугалаанд хожиж баяжсан өдөр, гэнэт жаргал мэдэрсэн мөчид байдаггүй”. Зоригтой, хаттай, юуг ч юм давж гарах хүчтэй байж байж амьд үлддэг хорвоо. Бүр зүгээр хэвтэж байгаад, ээж аавдаа эрхэлж байгаад, үргэлж жаргаж байгаад явдаг бүр амьтан бүү хэл эд эс ч байхгүй. Бүгд л ямар нэг байдлаар идшээ олох гэж, араатнаас зугатах гэж, тэсвэртэй байж үржих гэж, үхэхээсээ өмнө амжуулах гэж тэмцдэг. За, за амьдрах чинь хэцүү юм байна, больё би бууж өглөө гэхийг чинь үр тогтоох гэж уралаж байгаа эр эс ч юм уу, ирвэст хөөгдөж байгаа гөрөөс, төрөх гэж уйлж зовж байгаа заан сонсвол “ХҮҮ МИНЬ, НААД БОДОЛЧИНЬ ИНЭЭДТЭЙ ХЭРЭГ” гэх байсан.
Хорвоогийн бүх л амьд амьтан өөрийнхөөрөө зовж, түүнийг давж, суралцаж амьдарч байгаа гэж бодохоор орчлонд үнсэлгүй үлдээх тоосонцор ч үгүй санагддаг билээ. Тиймээс нэг цаг үед амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Тэсээрэй.
Cheers,