Minimalism-2
Бид өдөр тутамдаа нэгэн хэюийн зүйлс хийдэг. Яг л хүмүүсийн нулимс яг адилхан урсаж, яг адилхан урсан алга болдог шиг л… яг үнэндээ бүгдээрээ адилхан агаар амьсгалж, адилхан өглөө сэрж, хоол идэж, сониучирхаж, мөрөөдөж, тэмүүлж, ажиллаж, амардаг.
Хүмүүс нэгэн хэвийн зүйлээ дахин давтан хийхийг бид зуршил гээд байгаа. Харин хэр олон зүйлийг давтан хийж зуршил болгосноос хамаарч хүмүүсийн амьдралын чанар өөр өөр байх. Хүмүүс зуршил болсон зүйлсээ хийхдээ нэг их хичээл зүтгэл гаргахгүй байгаа мэт хийдэг байна. Яг үнэндээ өглөө 5 цагт босох, машин барих, мөсөн дээр гулгах, бүжиг бүжиглэх гэх мэт зуршлууд байлаа гэхэд тэдгээрийг чи хэчнээн зуршлаараа хялбархан хийдэг байлаа ч байнга хийдэг эдгээр үйлдлийг хийхэд тархи яг л анх сурч байсан үеийнх шигээ ажилладаг байна. Гэхдээ бидэнд өнх сурч байх үеийнх шиг сэтгэл хөдлөл мэдрэгдсэн нь он цаг улирахын хэрээр буурсаар байдаг. Гэтэл бидэнд сэтгэл хөдлөл үргэлж хэрэгтэй. Ийм сэтгэл хөдлөл мэдрэхийн тулд хүмүүс дурлаж, хаягдаж, бороонд ганцаардаж, нартайд гэгэлздэг байх нь. Зайлшгүй шаардалагууд… Тэгэхээр хүн сэтгэл хөдлөлийн амьтан байх нь, нэг талаараа. Хэт сэтгэл хөдлөлд хөтлөгдвөл зуршил болгож амжихгүй хаяах хандлага зонхилдог байна. Тиймээс л үргэлж шинийг сурах, шинэ зүйл төлөвлөх, мөрөөдөх шаардлагууд ундарсаар…
Харин нэгэн хэвийн мэт өглөө сэрж, ажил хичээлдээ яваад, тараад, хоолоо хийж идээд, унтаад гэх энэ амьдрал дунд хүн шинэ зурагт авах, машинаа солих, аялалд явах гэх мэт сэтгэл хөдлөлийг сэргээх зүйлс үе үе амьдралдаа оруулж өөртөө баяр баясгалан мэдэрдэг юм байна. Гэхдээ эдгээр нь бас л түрхэн зуурынх. Бас үнэтэй сэтгэл хөдлөлүүд.
Хүн хэт их зүйлс цуглуулах нь дээрх сэтгэл хөдлөлөө өдөөх хүслээс үүдэлтэй байдаг байх нь. Өөрийнхөө сэтгэлийг өргөхийн тулд шинэ даашинз авч өмсөж, шинэ машин авч, шинэ зүйлс хэрэглэх хүсэл төрдөг. Гэхдээ эдгээр нь хэр удаан танд аз жрагалтай мэдрэмж өгдөг вэ? Нэг өдөр үү? Хоёр өдөр үү? Долоо хоног уу?
Энэхүү сэтгэл хөдлөлийг өдөөж амьдралаас таашаал авахын тулд заавал их зүйл цуглуулах, шинэ зүйл худалдан авах шаардлагагүй. ШИНЭ ЗҮЙЛ СУРАХ, хийж ДАДСАНААСАА ӨӨР ҮЙЛДЭЛ ХИЙХ үед шинээр юм худалдаж авах мэт сэтгэл хөдллөл өдөөдөг байна. Хүн тэгэхээр өөрийн сэтгэл санааг өргөхийн тулд заавал эд зүйл цуглуулахгүйгээр зүгээр л ажил руугаа явдаг замаа өөрчлөх, үргэлж таксидхынхаа оронд нийтийн тээврээр явах ч юм уу, алхах ч юм уу ямар нэгэн үргэлж давтан хийдгээсээ арай өөр зүйлс хийж эхлэхэд энэ сэтгэл санааны хэрэгцээ хангагддаг гэсэн үг. Зүгээр л өдөр бүр иддэг хоол, үздэг кино, гэртээ хийдэг зүйлсээ багахан өөрчлөхөд л хангалттай байхад бид стэгэл санааныхаа шаардлагыг хангах гэж маш их өртөгтэй эд зүйлс цуглуулсан байдаг байна.
Тэгхээр минималист болохоор шийдсэн бүх хүмүүс Үргэлж шинэ, сонирхолтой зүйлс туршиж үзэж, сонирхолтой зүйлсийг амьдралдаа оруулж байх хэрэгтэй байна. Арай өөр хэлбэрээр өглөөг угтаж, арай өөр хоол хийж идэж, арай өөрөөр үе үе арьсаа арчилж, уншдагаасаа өөр төрлийн ном уншиж үзэж байвал аялмаар, нисмээр, сансарт дүүлмээр санагдаж, амьдрал чинь уйтгартай бах байдлыг засчихдаг байна.
Тэгэхээр шинэ үйлдэл хийж, худалдан авалтаа устгацгаая аа!
Cheers,