MAN AS MAN LIKE

expert.bunny
3 min readMay 14, 2020

--

“Эр хүн шиг эр хүн” гэхээр манайхан нэг юм ойлгодог доо тэ? Юу ч гэж ойлгодог юм бүү мэд. Хэхэ “Жинхэнэ эр хүн” гэхээр бас юу ч ойлгодог юм бүү мэд. Гэхдээ л ойлгочихсон байдаг. Хэхэ

Яг үнэн Монгол эр хүний нийтлэг зураглал нь “гүндүүгүй, тайван, дөлгөөн, дотроо бодолтой, алсын хараатай, хар ухаантай, нэг зангаараа, за гэсэн бол ёогүй, хатуу чанга шийдвэртэй, чадахыгаа л амладаг…” гэх мэт байх шиг байгаа юм. Тэгээд хоорондоо “Тэр ч жинхэнэ эр хүн шүү дээ.” гээд ярихаар багцаагаар дээрх тодорхойлолторхуу БААТАР байх нь гээд л ойлгодог байх. Хэхэ

Санаж байгаа бол, Мулан дээр Монголчууд гэсэн чинь паа, мунаг том биетэй, ширүүн төрхтэй баатрууд гардаг даа. Тэд нар чинь өнөө жинхэнэ монгол эр хүн шүү дээ, гэхгүй юу. Хаха.

Би өмнөх MANLY MANNER бичлэгт эр хүн гэхээр зэвэрдэггүй, нугардаггүй төмөр байх гээд байлгүй ёс дэгтэй байж сур, хүндлэл зэргийг үзүүлээд, хүлээгээд сурчих гээд баахан сургамжилсныхаа дараа их бодсоон. Хэхэ Монголд угаасаа иймэрхүү наад захын эмэгтэйгээ хоолны ширээнд суулгах соёл эдр гэж байхгүй юм чинь, өөр л юм байж таараа гээд. Аав, ах ойр дотныхоо бүх л эрэгтэй хүмүүсийг бодлоо. Хэхэ

Манай нэг найз бий. Нөхөр, хүүхдүүдтэйгээ аз жаргалтай гэгч нь хөөрхөөн амьдардаг. Тэр найз маань нэг удаа “Манай хүн тийм мэдрэмж эдр гэж байхгүй ээ. Сюрприз, романтиклах эдр гэж мэдэхгүй. Төрсөн өдрөөр гутал бэлгэнд авсан гээд, өнөө үнэтэй гутлаа зүгээр шар торонд хийгээд барьчихсан бэлэг гээд зогсож байгаа юм чинь” гээд бид хэд баахан хөхөрч байж билээ. Гэхдээ найз маань нөхөртөө хир халдаахгүй. Яг иймэрхүү зураглалтай эрчүүд зөндөө бий шүү дээ. Хэхэ

Хэдий орох гарах тоолонд хаалга онгойлгож өгч урдуур хойгуур гүйхгүй, баяр ёслолоор баглаа цэцэг бариад орж ирэхгүй ч гэлээ шөнө нялх хүүхдээ авч эхнэрээ бүтэн нойртой хонуулна, айл гэрийнхээ өмөг түшиг болж алс холын зорилго тээн ахан дүүс амраг садангуудтай минийх, чинийх би чи гэхгүй амраглан тухтай аж төрнө. Айлын хөвгүүдтэй барьцаж авдраа хоослохгүй, авгай хүүхэнтэй орооцолдож эхнэрээ нулимстай нь хатаахгүй, хавь ойрынхонтойгоо муудаж тангараг тасарна гэж байхгүй, хамаг амьтантай ах дүү бололцсон явна, тэгсэн хэрнээ хүн татахаар онигоо шог яриад байдаг юм уу гэхээр үгүй, хаа нэг тэмээний нулимс шиг даацтай хэдэн үг хэлээд л татарчихна. Хүүхдүүдтэйгээ байнга тоглоом булаацалдаж тоголно. Гэр орны ажилд маруухан, хаяад явбал тураад үхэх юм шиг харагдах атлаа цагаа тулахаар эхнэр хүүхдээсээ ч цэвэр тухтай суучихна. Гаднаасаа гүндүүгүй, мойног, жаахан маанаг ч юм шиг харагдах хэрнээ ажил төрлөө хааш нь ч гаргахгүй гавьяатай хийчихнэ. Үг дуу гарахгүй донгиодуу харагдах хэрнээ хавь ойрд түүнээс их найзтай нь үгүй. Гэртээ ялхайгаад хэвтэж байгааг нь харахаар ажилгүй, анхиагүй амьдралаа авч явж дийлэхгүй харагдах мөртлөө ажил амьдралаа хүнээс дутахгүй хөөрхөөн аваад яваад байна. Уурлах нь, ярих нь, хөдлөх нь удаан хэрнээ шийдвэр гаргахдаа уургын морь шиг гаргачихна. Гаргасан шийдвэрийнхээ хариуцлагыг ч сайн даана. Хэлсэн үгнээсээ буцаж хаврын тэнгэр шиг аашилна гэж байхгүй. Иймдээ ч чаддаг зүйлдээ л ам гарна. Гаднаасаа бол юу болоод байгаа нь мэдэгдэхгүй нэг л том уул. Дотроо бодвол сахилгагүй хүүхэд шиг буцлаад, дарвиад, унаад босоод, уйлахдаа уйлаад, инээхдээ инээгээд л сууж байдаг байх даа гэмээр. Нэг их спорт сонирхож шүлэнгэртээд сүйд болохгүй хэрнээ яг тоглодог дээрээ тулахаар бүгдийг нь чадаад байна. Энэ хойлогдуу баачка юугаа ч мэдэх вэ дээ гэж үл тооход тоож байгаа ч юмгүй тэмээ шиг нар ургах зүгээ л ширтэж үзэгдэнэ. Яг ингээд хойлог царайлаад юу ч мэдэхгүй дүр үзүүлэх хэрнээ түүх зохиол, загас жараахай, амьтан ургамал, ёс жаяг, удам угсаа, спорт тэмцээн, улс төр гээд мэдэхгүй юм үгүй. Мэдэх хэрнээ цэцэрхэхгүй. Мэдэхгүй зүйлс бас зөндөөтэй. Мэдэхгүйгээ мэдэж байгаа болохоор бүр ч цэцэрхэхгүй. Чимээгүй түмний яриа сонсож сууж байснаа алдарт “хар ухаан”-аараа тултал нь нэг хариу хэлчихнэ. Айлын охин авч суучихаад ам дэвсэж нялганаж гүйхгүй ч, хар буруу санахгүйгээр хайлан бодож явдаг нь нүдэнд нь бичээтэй. Жаргааж байгаа нь энэ гээд тахин шүтэхгүй ч “жаргалтай байгаа минь л энэ шүү дээ” гээд маасайтал инээж үзэгдэнэ. Жаргалаа даасан шиг даана. Зовлонг ч даах бөхөшгүй уул лугаа сүндэрлэх атлаа хагацал зовлон тохиоход түмний эхэнд нулимстай. Хатуу ширүүн харцтай болохоор хэний ч үгийг үл тоох мэт харагддаг ч уучлах нь уруул дээрээ. Хүний өөрийн хүүхдүүдэд хошуу дэвсээд, хөрш гудамжны амьтан нохойг өөртөө дасгаад явдаг.

Нэг иймэрхүү хүмүүс байдаг даа тэ? Тэднийг л манайхан “жинхэнэ эр хүн” гээд байх шиг байгаа юм. Харагдахдаа тэс өөр харагдах ч яг дотроо хүний хайлан, хүрэн зүрхтэн байна ч гэх шиг. Энэ хүмүүсээр романтизмийг гүйцэлдүүлээд, “хайртай” гэж хэлүүлэх ч шаардлага алга. Нуугаад байхад нь харагдаад байгаа сэтгэлтэн юм чинь.

Юун manly manner …

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet