MAGIC

expert.bunny
3 min readFeb 7, 2020

--

За сайн уу,
Та нар ид шид байдагт итгэдэг үү?
Жоохон байхад манай ах долоовор хурууны хумсан дээрээ нэг жижигхэн цаас наагаад гараа дээшээ болгоод л өнөө жижиг цаасыг алга болгоод, жижигхэн зоосон мөнгийг ам руугаа хийгээд л ар шилээрээ гаргаж ирээд байдаг илбэ үзүүлдэг байлаа. Тэр илбэнийх нь учрыг олох гэж би агаагийн урд талд нь зогсоод, дүүгээ ард талд нь зогсоогоод хэчнээн удаан ажигласан ч тайлж чаддаггүй байсан сан. Итгэхийг хүссэн болохоор тайлах гээд ч чадаагүй. Хэхэ
Хүүхэд нас ийм болохоор л хүн бүхэн хүүхэд насандаа үлдэхийг хүсдэг байх. Хэтэрхий их зүйлд итгэхийг хүсдэг болохоор…
Энэ жил “Home alone” үзэж суугаад өөрийгөө мар их том болсныг ойлгосон юм. Тэр 3 давхар байшингийн дээрээс доор байгаа хүн рүү тоосго шидэхэд нь би дотроо тоосгоны жинг давхрын өндрөөр үржүүлээд доор зогсож байгаа хүний толгой дээр буух нийт жинг тооцоолж үзсэнээ “хүн алах нь ээ” ухааны юм бодож суулаа. Тэгснээ кино шүү дээ гэж тайвшраад…
Ингэж л бид итгэх зүйлээ хумьсаар, хумьсаар том хүн болдог байх нь. Юунд ч итгэхээ байхаар л болохыг хүсээгүй хүнээ болчихдог байх нь. Тэр цагаас л бидний хүсэл бүхэн биелэхээ больдог байх нь.
Хүүхдүүдэд бид нар итгэж, хүсдэг зүйлсээ авч болдог тухай НУУЦ ыг тайлбарлавал тэд яаж үнэн зүрхнээсээ итгэхийг төсөөлөөд үз дээ. Ганцхан удаа сануулахад л тэдэнд хангалттай. Харин бид энэ заваан амьдралд буусан сэтгэхүйгээ үүнийг ойлгох хүртэл хүчлэх гэж ямар их хүчин зүтгэл гаргадаг билээ дээ? Гэхдээ “Чи үнэхээр чин сэтгэлээсээ хүсвэл хорвоо дэлхий түүнийг чинь биелүүлэхийн төлөө ажиллаж эхэлдэг” гэж үнэхээр үнэн үг. Үнэн гэдгийг нь мэдэж байгаа ч, кино гэдгийг нь мэдэж байгаа ч, дээрээс бууж байгаа тоосгоны жинг тооцоолоод байгаа өөрийгөө хэрхэн болиулах вэ?
Зүгээр л их инээж, их уйлж, их идмээр бол их идэж, их унтмаар бол их унтаж, юунд ч санаа зовохгүй амьдардаг, байрны зээлгүй хүмүүс л ийм зэн бодолтой, итгэлийн хүчийг мэддэг байх гэж би гэнэт бодсон юм. Хүн хэтэрхий их өөрийгөө цагдаж, хэтэрхий их бодож, хэтэрхий их уншиж судалж, хэтэрхий их шаналж, манайхан шиг өөрийнхөө гэрийн гаднах хогийг шүүрдэхгүй байж улс орныхоо хэтийн төлөв, 76 н идсэн уусныг багцаалдах гэж шаналцгаадаг улсад ид шид нь үйлчлэхээ больчихдог байх. Энгийн зүйлсийнхээ ид шидийн талуудаг ажиглаж чадахаа байж, нүдээ сохолсон хүмүүс илүү хурдан хөгширч илбэнд ч итгэхээ байчихдаг байх. Тэгэхээр бүгдээрээ энгийн зүйлсийнхээ ид шидийг улас илүү мэдэрч, талархаж сурахад энэ жилийг зориулвал ямар вэ?
Нар мандахад тэнгэрийн хаяа улайрч, ягаарч, шарлаж буй тэр үзэсгэлэнг биширч, сар бүтэн гарахад шөнө хотын гудамж илүү гэрэлтэй байгаад талархаж, өвөлдөө утаа бага өвөлжиж байгаадаа талархаж, зундаа гангүй дулаахан зун болохоор зугаалах газрынхаа маршрутыг гаргаад л… Зүгээр л идэх хоол, өмсөх хувцас, дулаахан өвөлжих байраа зээлээд ч хамаагүй бэлдэж чадсан өөрсөддөө талархвал ямар вэ?
Би дандаа л хэлдэг, амьдралын утга учир чинь хамгийн энгийн жижижгхээн зүйлийн анзаарагдамгүй талд нуугдаж байдаг юм шүү гээд… Зүгээр л гоё зэн байж сурья, бүгдээрээ. Нүдэнд харагдаж байгаа ч анзаарагдахгүй байгаа бүхэндээ талархаад өдөр бүр тэмдэглээд байгаарай.
Саяхан та нарт бясалгалын ид шидийн тухай нийтлэл бэлдэхээр судалж байгаад нэг зүйл мэдсэн юм. Бясалгалыг дөнгөж суралцаж байхад хүний тахинд тодорхой гавьтай нөлөө үзүүлдэггүй байна л даа. Харин ингэж их удаан оролдсоны дараа, өөрөө бясалгах төлөвт шууд шилждэг болж эхлэх үед тархины график үзүүлэлт заадаг машиных нь зүү хугарах шахдаг байна. Тийм их нөлөөтэй. Тэгэхээр ийм үр дүн амсахын тулд бүгдээрээ маш жижиг жижиг ид шидийн алхмуудыг үр дүнгүй байсан ч хамаагүй, тууштай хийгээд л байя, гэж туулай нь уриалж байна аа. Бүгдээрээ аз жаргалтай, шидэт туулайнууд болчих ч юм билүү?
Та нар ид шидэнд итгэдэг үү? Яг л Алис шиг итгэдэг үү?
CHEERS

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet