LOVE, LOVE, LOVE
Үүрдийн хайрын эрэлд…
Мэдээж хайр олон төрөл. Эцэг эхийн, үр хүүхдийн, садан төрлийн, анд нөхдийн, эх орны, нутаг усны, мах цусны, анхны эсвэл эцсийн, хариу нэхсэн нэхээгүй, хархан харцны, хүрэн зүрхний, зуурдын, үүрдийн гээд л…
Бидний хязгааргүй хүсэл тэмүүлэл, сэтгэл хөдлөлүүдийн илрэлүүд. Би жаахан охин байхдаа эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хайранд Үнсгэлжин шиг л итгэдэг байсан. Нэг л өдөр зүрх сэтгэл нь дуудаад байгаа зүгт гүйгээд очтол хаясан гээсэн гутлыг минь тосоод зогсож байх хэн нэгэн таарна гэсэн гэнэн итгэл байдаг байсан. Гэхдээ энэ итгэл үнэмшил өөрөө ийм гэнэн цайлган хөнгөхөн байгаа нь хайр хүрмээр…
Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр эмэгтэй эрэгтэй хүний хайр нь улаан зүрхний угийн байна уу, урсах харцны үзүүрийнх байна уу хамаагүй шалгадаг ганц шалгууртайтайд итгэдэг болжээ.
Хайр гэдэгт хариу нэхэх нөхцөл ч хамаарахгүй ганц л шалгуур байдаг нь цаг хугацаа л юм байна. гэх дүгнэлт.
Миний энэ бичлэгт гардаг шиг хоорондоо хэрэлдээд байгаа юм шиг мөртлөө бие биенийхээ гарыг зөөлөн атган, нэгнийхээ мөрийг налаад алсыг ширтэн гүн жаргалын амьсгаа авах хоёр хөгшний зураглалыг санаж л байгаа байх, та нар. Энэ л яг жинхэнэ хайр байх гэмээр.
Манай ээж аав хоёр яг л ийм. Ихээээ олон жил хүн хамт амьдраад ирэхээрээ нэг нь нэгэнгүйгээр байх байтугай төсөөлж ч дийлэхгүй болдог юм байна. Нэг удаа ээж аав бид гурав хөдөө аяллаар явж байгаад машин эвдрээд хээр хонохдоо тулсан юм. Тэгтэл ээж маань үүнд ихэд бухимдан аавыг буруу зам руу орлоо, буруу юм хийлээ гэж өдөржин үглэж гарав өө. Би бүр тэсэлгүй “Одоо нэгэнт ийм болсон юмыг яалтай билээ, ингэж үглэлээ гээд машин засрах биш” гэж ээж рүүгээ муухай аашилтал аав ээжийг өмөөрч намайг баахан загнаж гарав. Би бүр гайхаад, өөрийг нь өмөөрч байхад яагаад над руу дайраад байгаа юм бол доо ухааны юм бодоод өнгөрлөө. Гэтэл аав “Ээж нь угаасаа л ийм түргэн ууртай ч хамар дээрээ л мартчихдаг юм. Ээжийг нь үглэхгүй байхаар харин эвгүй байдаг юм” гэж билээ. Ингэж дасдаг гэвэл та итгэх үү? Яг л төрөхдөө хамт төрсөн мэт ижилсэн дотносно гэж үүнийг л хэлдэг байх. Тэдний залуу нас бидэн шиг л өнгөрсөн байх. Эхний жилүүд баяр жаргатай, хайр нь бялхаад л салж хагацашгүй байгаад л, тэгснээ амьдрал мөнгөнд нухлуулаад, хүүхдүүдийнхээ төлөө гэж явахдаа мөрөөдлүүдээ гээж бухимдаад л, салангид байхдаа амраад байгаа ч юм шиг санагдаад л… Тэгээд нэг л мэдэхэд, адилхан зүйл хүсч, адилхан зүйл рүү тэмүүлж, адилхан зүйл үзэж туулсаар ав адилхан болчихдог байх.
Хүн насныхаа эцэст л жинхэнэ хайраа олдог юм шиг?Амьдралаа хамт туулж өнгөрүүлсэн бүтэн биенийх нь тал болсон хүнтэйгээ байгаа цагт түүний үглэх хүртэл чихэнд сонсголонтой танил дотно санагдаж, түүний үйлдэл бүрийг, түүний дараах үйлдэл бүрийг мэддэг байх нь өөрийгөө харж байгаа мэт санагддаг байх… Тэдэнд хайртай дуртай гээд хөтлөлцөөд гүйж байгаа бид нар үнэхээр инээдтэй харагддаг байх даа?
Хамгийн чухал нь тэр бүх он жилүүдийг хамт туулсан гэдэг нь л юм уу даа. Нэг цаг үед төрж энэ цаг хугацааг хамдаа туулж байгаа та нартаа хайртай шүү.
June