LIL BY LITTLE 💛
Амьдрал үнэндээ туулж барамгүй урт, холын аян мэт боловч яг сайн харвал мааш олон жижигхэн зүйлийн нийлбэр байдаг. Мандаж байгаа нар, борооны дараах солонго, бие дотор давхар цохилж байгаа зүрх, харанхуйг гэрэлтүүлэх гэгээ, халаас хоосон үед түшсэн найзын энэрэл, эхийн сэтгэл, эцгийн түшиг, хэнд ч хэрэггүй зүйлд үхтлээ зүтгэчихээд харамссан хугацаа, үүнийгээ дурсаад элгээ таттал инээсэн өдрүүдэд утга учир нь бий.
Бидний багад бүх л айл эгэл жирийн яг алилхандуу амьдралтай байсан. Одоогийнх шиг хоёр гүүрний наана цаана, хот хөдөөгийн ялгаа, цойлсон баян, туйлдсан ядуу байсангүй. Социализм гэдэг нь энэ. Хэхэ. Наймаанд явбал бөөнөөрөө яваад л, ажилгүй болвол бөөнөөрөө л ажилгүй. Бүгд л нэг хэвийн.
Манай 1 давхарт эмээгийн найзынх байдаг байсан юм. Тэднийх мөн л бусад айлууд болон манайхаас ялгарах зүйлгүй. Ганц хүний цалингаар амьдардаг ч тэдний 3 охин биднээс дутсан юмгүй. Мааш даруухан айл. Ер нь тэр айлын хүмүүс үг ярьдаг юм болов уу л гэмээр харагддагсан. Тэднийд ороход нэг л зүйл өөр. Хэдий айл бүрийнх шиг хуучирч будаг нь ховхорсон модон шалтай, хуучирч ховхорч цуурсан орос тавилгуудтай, салхи сийгхээр болтлоо муудсан модон цонхтой ямар ч илүү зүйлгүй байтал нэг л зүйл өөр. Тэднийх мааш цэвэрхэн. Бүр хэтэрхий цэвэрхэн болохоор жижигхээн 2 өрөө байр нь манай 3,4 өрөө байрнаас том санагддаг байж билээ. Тэднийх 3 ын 3 охинтой болоод ч тэр үү өдөржин л гэрээ цэвэрлэдэг байсан байх. Хэдий бүх зүйл нь хуучирч муудсан ч огт навсайж нэвсийсэн харагддаггүйсэн. Манайх ч адил, муудаж шар будаг нь ховхорсон модон шалтай. Гэхдээ тэр шалыг савандаж зүлгэж угаахаар ямар гоё өнгө ордог байсныг би одоо ч санадаг юм.
Цэвэр цэмцгэр байх гэдэг баян, хангалуун хүний mindset гэдгийг би их жоохноосоо ойлгожээ. Одоо тэр хөрш маань яг л тэр байрандаа байсаар л байгаа. Гэхдээ 3 охин нь өсөж том болохын хэрээр тэднийх машинтай, гражтай, хөөрхөөн амьдардаг болсон харагдана. Аргагүйэээ. Яагаад гээч, тийм ажилтай, цэвэр цэмцгэрийг сурсан хүмүүс сайн явах нь гарцаагүй.
Би барилгын инженер болохоор хүмүүс нийтлэг байрны чанар, хэрхэн сонгох тухай нийтлэг асуудаг. Би бол байрлал, чанар, барьсан компаниас илүүтэй сайн СӨХ тэй байр л сонгохыг зөвлөнө. Сайн СӨХ тэй байр хуучрахгүйн дээр, үнэ нь ч буурдаггүй. Цэвэр цэмцгэр, муудсанаа өөд татаж явах гэдэг чинь ийм л үнэ цэнэтэй. Бод л доо. Байр гэдэг хамаг мөнгөө шавхаж хөрөнгө оруулдаг зүйл байтал тэр нь жил ч дуусаагүй байхад бүхэн нь эвдрээд зах зээлийн үнэ нь буураад ирвэл хамгийн муу хөрөнгө оруулалт болно биз дээ. Тиймээс бидний амьдралыг энэ мэт жижиг жижиг, маш жижигхэн зүйлс илүү үнэ цэнэтэй болгодог юм шүү.
Бүтэн сайн өдөр гэрээ цэмцийтэл цэвэрлээд, сэнгэнэтэл сайхан амьсгаа аваарай. Энэ чинь л амуилт, аз жаргалыг татах агуу үйлийн эхлэл шүү. Юун фэнг шүй. Хэхэ
Bunny,