LACK of SLEEP
Хүүхэд байхад их сонин. Яг шөнө унтах гээд хүчлээд хэвтэхээр л шээс ч хүрээд баас ч хүрээд эсвэл бүр ам цангаж, юм ч идмээр санагдаж ээж аавын нервийг бардаг байж билээ. Хүүхэд байхад унтах л яг ял шиг санагддагсан. Нойр хүрэхгүй байхад хүн болгон “Одоо унтаач ээ” л гээд байна. Хэхэ
Ам цангахаар ээж аав “Ам цагаан хулгана аа, ус авчирч өгөөч” гээд шивнээд унт, тэгвэл цангахгүй гэдэгсэн. Яг л өглөө босоход ам цангахаа боличихсон болохоор нь шөнө хулгана надад ус авчирч өгөөд явжээ гэж итгэдэгсэн. Хүүхэд хуурах ч гоё, хууртагдах ч гоё. Цагаахан ч амьтан бол доо.
Гэтэл одоо хүүхэд залуу, хөгшин хөвөөгүй л “Нойр хааччихав?” “Нойрны асуудал байна?” “Унтдаг тогтмол цаггүй амьдарч байна” эсвэл “ хэдэн өдөр сайхан унтахсан” гэх мэтээр ярьцгаах болж. Яах вэ? Ядаж байхад та нар хүүхэд шиг хууртахгүй. Тиймээс тархи толгойтой оюун ухаант хүн таньд хэвийн нойроо алдах болон хэт их нойр авах нь ямар хор уршигтайг эхлээд тайлбарлая. Өмнөх бичлэгт нойрны талаарх хангалттай шинжлэх ухаанч тайлбар хийх гэж оролдсон болохоор хамтад нь холбоод ойлгоорой гэж хүсье.
Нойр тодорхой хэвийн үргэлжлэх цагтайгаас гадна, эхлэх дуусах цагуудтай байдгийг ойлгож авсан байх. Гэтэл энэ цагуудаас зөрүүлэх болон хэт их нойр авах зэрэг нь яг л нойр алдахтай адил хор хөнөөлтэй гэжээ. /энэ эх сурвалжийн линкээ хадгалж аваагүй байна/ Тиймээс нойроо алдсан ч, ихдүүлсэн ч, цагаа зөрүүлсэн ч:
- Сэтгэцийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй.
Нойрны алдагдал нь хүний стрессний түвшинг нэмэгдүүлж байдаг байна. Тогтмол дутуу нойр авдаг хүн хэвийн нойртой хүнээс 17 дахин уур уцаартай, стресстэй байдаг бол хэвийн нойртой хүн дутуу нойртой хүнээс 2 дахин илүү стрессээ зохицуулж даван туулах чадвар өндөртэй байдаг судалгааг 2007 онд Current biology нийтлэлд дурдсан байна. Уг шинжилгээнд 35 цаг нойргүй байсан хүмүүс болон хэвийн нойртой хүмүүсийн амигдала тархины ажиллаж байгаа байдлыг шинжилж үзэхэд нойр дутуу хүмүүсийн амигдаланы сэтгэл хөдлөл хэвийн нойртой хүнийхээс илүү стресстэй түвшин зааж байсан байна.Тэгэхээр нойр дутуутай явахад таны тархи сэтгэл гутрал, стресс чигт илүү ажиллах нь байна шүү.
2. Анхаарал төвлөрөл болон сурах чадварт маш хортой.
Би үүнийг яг биеэрээ туулж үзсэн байдаг юм. Их сургуульд дипломын ажлаа бичээд яг 2 хоног нойргүй суучихаад гэртээ харьж явахдаа ямар ч ухамсаргүй өөрөө санахгүй үйлдлүүд хийгээд харьсан байсан. Яаж зам гарснаа, гэртээ ирснээ ч мэдээгүй байсан гээд бод доо. ЗОМБИ. Яг үүнийг биеэр мэдэрснээс хойш аль болох шөнө суух их дургүй болсон байдаг юм. Үүний нэгэн адилаар нойргүй явах нь анхаарал төвлөрөл, сурах чадварт маш хортой нөлөөлнө шүү. Энэ бүр бат. Зүгээр л архи уусны маргааш ажилтай бол ажилдаа төвлөрөхгүй гараас юм гарахгүй нэг тийм үлгэн салган байгаад байдаг чинь ч үүнтэй холбоотой. Алкохол хэрэглэх үед хүний тархи амарч нойр авдаггүйтэй юм билээ. Мөн би өмнөх бичлэгт хэлж байснаар хүний тархи унтаж амрахдаа өдрийн турш цуглуулсан үзсэн харсан, таарсан, ярьсан бүх мэдээллүүдээ шинжлээд авахыг нь авч хаяхыг нь хаях шүүлтүүрийн процессоо явуулдаг. Энэ процессоо хийж чадахгүй байгаагаас тархи ядарч дахин шинэ мэдээлэл хүлээн авах чадвар нь алдагдаж, анхаарал нь төвлөрөхөө байдаг байна. Энэ байдал удаан хугацаанд үргэлжлэх нь Alzheimer’s disease-д ч хүргэх хөнөөлтэй. Эрт зөнөж эргүү мал болно гэсэн үг. Ер нь дээрх линкээр орж үзвэл энэ өвчний үүсвэрийн багагүй хувь нойртой шууд холбоотой юм билээ шүү.
3. Жингийн илүүдэлтэй болох эрсдэлтэй.
Учир нь хэвийн буюу 7–8 цагийн нойроо авахгүй байснаар endocannabinoid (eCB) system -г идэрхжүүлдэг байна. Энэ систем идэвхижхээр хүн эрүүл бус давс, сахар агуулсан хортой хүнсэнд дуртай болдог. Шөнө оройн цагаар өлөв дөлөв хийгээд хортой хэрэггүй snack ихээр эргүүлж чихрийн хэрэглээ өндөрсөхөөр чинь мэдээж таргална! Дуусаа. Энэ систем яагаад идэвхжээд байгаа гэхээр, хүн нойрондоо маш олон гормоноо зохицуулж тэнцвэрийг нь хадгалдаг гэж байсан даа. Тэр процесс алдагдахаар хүн биеэ эрүүл байлгах гээд хүчээр зохицуулах гэж оролдож эхлэдэг нь энэ системийн гажуудал болой. Intern кинонд ч гардаг даа “Хэвийн нойроо авдаггүй хүний таргалах магадлал 11 хувиар ихэсдэг ба буцаж хэвийн жиндээ очих, жингээ барих магадлал ч мөн хэмжээгээр эрүүл хүнээс доогуур байдаг” гэж. Гэтэл нойргүй хонодог нарийн бичиг хүүхэн “Юу вэ? Би үхтлээ ажиллачихаад бүр дээр нь таргалах хэрэг үү?” гэж ирээд л уйлдаг.
Ийм л байна. Аа бас нойр дутуу хүмүүс хэвийн нойртой хүмүүсээс дасгал хөдөлгөөн тууштай хийх энергийн болоод тархины чадамж дутмаг байдаг гэсэн шүү. Мөн хүний булчингууд нойронд бүрэн амарч авдаг тул дасгал хөдөлгөөн хийчихээд хэвийн нойроо авахгүй бол булчингууд амрахгүй илүү хөндүүр орж гүйцэд нөхөн төлжихгүй. Булчинд хэрэгцээт бодисоо биеэс хангалттай татаж авч чадахгүй бас л сульдах шалтгаан болно. Өнөө биеийн эсэргүүцэл сулрахтай л адил гэсэн үг. Биеийн эсэргүүцэл суларч дархлааны систем гаждагийг бүгд мэдэх тул энд дурдалгүй өнгөрөөе.
4. Зүрхний шигдээсээр нас барах магадлалыг өсгөдөг.
Энэ нь цусны эргэлттэй холбоотой. Мөн л өмнөх бичлэгт хэлсэнчлэн хүн унтахдаа биеийн температураа бууруулж, цусны эргэлт даралтуудаа бууруулж унтдаг гэсэн шүү дээ. Гэтэл унтахгүй байхаар энэ процэсс алдагдаж цусны эргэлт даралтын зохицуулалт хоногийн 24 цаг сэрүүн байх үеийнхтай адил ажиллаад эхлэхээр зүрх ачааллаж эхэлнэ. Удаан ийм их ачаалалтай яваад байхаар бууж өгнө. Ердөө л ийм энгийн.
5. Гэнэтийн осолд өртөх болон осол гаргах магадлал ихэсдэг.
Дээрх миний зам яаж гарснаа ч мэдэхгүй харьчихсан байсныг санаж байна уу. Би дараа нь “Яаж нэг юм үхчихэлгүй, машин тэргэнд дайруулчихалгүй харьсан юм бэ?”гэж дотроо их айж байсан. Амьнаас үнэтэй нойргүй шөнө, эрүүл мэндээс үнэтэй дипломын ажил ч гэж юу байхав. Зам тээврийн хөдөлгөөнд ч согтуу жолооч, нойр алдсан жолооч хочрын эрсдлийг адилтган авч үздэг нь ийм учиртай. 2018 оны судалгаагаар хоногт 4 цагаас бага нойр авсан жолооч хөдөлгөөнд оролцохдоо хэвийн нойртой жолоочоос 15,1 дахин илүү осол гаргах магадлалтай байсан байгаа юм. Мөн уул уурхай, эрсдэл өндөртэй салбарууд энэ амралт нойрны менежмэнтээр бүр салбар гаргаж хөгжүүлдэг ч учир бий. Нойр дутуутай ажилчин осол гаргах магадлал 70% байдаг гэнэ шүү. Ийм л осолтой.
6. Эрсдэл үүрэх дуртай болдог.
Нойр дутуу байхаар дээр болон өмнөх бичлэгт хэлсэнчлэн тархи бие хэвийн ажиллаж чадахгүй. Шүүн тунгааж, дүгнэж, хүлээж авч, мэдээллийг боловсруулах чадваргүй болсон тархи эрсдлийг ямар ч шүүлтүүр цензургүй хүлээн авах, бодохгүй үйлдэл хийх хандлагатай болдог байна. 7 хэмжихгүйгээр шууд хэмжээд л огтолдог болох нь. Энэ байдал нь цаашлаад хууран мэхлэх, худлаа ярих үйлдлүүд ч хэвийн хүнээс илүү хийлгэдэг байна. Судалгаагаар 22 минут дутуу нойртой явсан хүн сугалааны тасалбар авахын тулд хууран мэхлэх ханлага өндөртэй байгааг гаргачихсан байна билээ.
Унтах, сайн амрах, нойрсох гэдэг чинь бидний яг л амьдрахын тулд юм идэж уудаг шиг л хэрэгцээ гэдгийг ойлгох хэрэгтэй та минь ээ. Усгүйгээр хүн хэд ч хонож чадахгүй, чадна гэдэг шиг л зүйл. ХЭРЭГЦЭЭ. Хэрэгцээ чинь яг л эд зүйл шиг шдээ. Ихэдвэл лай, дутвал бас лай. Яг л таарчихсан тухтай бол тухтай. Тэгээд л болоо.
Үргэлжлэл бий.
Дараагийн нийтлэлд хэрхэн сайхан нойрсох аргууд хуваалцья. Энд бичих гэтэл их урт болчихлоо. Sorry.
Bunny,