ILY
Бүх насны амьдралдаа таараад л баймааар, бүр хамт амьдраад, ойрхон л байхыг хүсдэг хүн та нарт байдаг уу?
Надад бол зөндөө байдаг аа… Би аль ч төрөл насандаа яг одоогийн энэ гэр бүлдээ төрөхийг хүсдэг. Яг энэ сайхан ээж аавынхаа хүүхэд болоод, ахынхаа дүү болоод, дүүгийнхээ эгч болон амьдрахыг хүсдэг. Бас хайртай эмээ шигээ эмээтэй болоод уйдахаараа эмээгээ цаашлуулж өхөөрдөн суухыг хүсдэг. Найзууд шигээ найзтай байхыг, хүү шигээ нинжин сэтгэлтэй эрэгтэй хүүхдүүдтэй болохыг, 5-р сургуулийн физикийн багш шигээ багштай болохыг, үргэлж өөдрөг зүйл ярьж сэтгэл сэргээдэг хайр татам найз шигээ охинтой болохыг, үсчин эгч шигээ найзтай болохыг, тэр эгчийн охин шиг олон охидтой болохыг, намуухан яриатай даруухан хүн бүртэй үг сольж үзэхийг, нас бол зүгээр л тоо гээд сэмбэлздэг намбалаг эгч бүрийг тэвэрч үнсэхийг, наснаасаа хэрсүү догь загнах нялх хүүхэд бүрийг эрхлүүлж мэдрүүлэхийг гээд ер нь энэ насандаа уулзахад л сэтгэлд гэгээ татуулдаг бүх хүмүүстэй нэг гудманд ч болтугай таараад эелдэгхэн инээмсэглэн өнгөрөхийг мөрөөддөг. Насны бөгсөнд хурааж хумслаад шидийг нь үзээгүй цаас харж гаслахгүй, навтайж бөгтийгөөд таарахаа байсан cucci, dior, valentino-гоо тэвэрч шүүрс алдахгүй, намрын намраар цэг тавьж архивласан дурсамжаа санан санан гансрахгүйг зорьдог. Сайхан хүүхэн байгаад, сайн эр байгаад, баян тарган байгаад, билиг төгс төрөөд, эрүүл энхэд шимтээд шидийг нь үзээгүй харуусал тээхийг хүсдэггүй. Уулзаж чадахаараа олонтой уулзаж, учирч болохоороо олонтой учирч, хүний сайхан сэтгэлтэй өөрийн үнэт дурсамжаа хуваалцахыг л мөрөөддөг. Эсвэл бүр Хачико болж төрөөд хайртай та нарыгаа хайж олохоор замд гарна аа…
Ингэж л би энэ насны үйлээ цэнэж, ирэх төрлийнхөө зам мөрийг зурагладаг юм.
Би ХҮН таньд ямар их хайртай гээч.
bunny,