I am dreaming

expert.bunny
2 min readJun 18, 2020

--

Жоохон байхад зуны амралт дуусаад хичээл орох болгонд “Зуны амралт” “Миний мөрөөдөл” гэх мэт зохион бичлэгүүд заавал хийлгэдэг тэ? Жил бүр адил. Бараг өөрөө зохиож бичдэг болсон цагаас эхлээд төгсөх хүртэл л. Хэхэ

Би тэр үед дандаа л нэг зүйлийг давтан давтан бичдэг байсан. Намайг … гэдэг. Би …-дүгээр ангийн сурагч. Хөдөөний буйдхан сургуулийн жирийн л нэг сурагч. Бусдаас илүүрхээд, түрүүлээд шагшигдаад сүйд болсон зүйлгүй. Муу сурч ээж аавынхаа чихийг халууцуулахгүйг хичээдэг энгийн л нэг охин. Гэхдээ надад бусдад гайхуулмаар, зарламаар нэг зүйл байдаг юм. Манай гэр бүл. Би яг хэзээнээс ийм бодолтой болсноо мэдэхгүй ч ээж аавынхаа хүүхэд болж төрсөндөө хязгааргүй баярладаг. Энэ гэртээ, эмээгээрээ өсгүүлж, дүүгийнхээ эгч, ахынхаа дүү байгаа яг энэ гэр бүлдээ маш их хайртай. Тэдэнгүйгээр би байхгүй байсан гэж төсөөлөх тусам хайртай. Тийм болохоор би нэг л зүйлийг хүсч мөрөөддөг юм. Гэр бүлийнхэндээ хамаг сайн нь байж, тэднийг хамаг чадлаараа хайрлахсан гэж. Ялангуяа ээж аавынхаа ачийг хариулчих юмсан гэж. Учиргүй ачлаад сүйд болдоггүй юм аа гэхэд том болж байгаад ээж аавыгаа аваад дэлхийгээр аялахсан гэж мөрөөддөг юм. Манай ээж аав гангалах дуртайг хэлэх үү, хамаг гоё дээл хувцсаа өмсөөд гадаад орнуудаар аялаад, сайхан хоёрыгоо хөтлөөд алхахад дэлхийн хүмүүс эргэж харах байх даа? гэж мөрөөдөх дуртай. Саяхан тэдэнд мөрөөдлөө хэлтэл ээж нүдэнд нь баярын нулимс дүүрч ирээд “Миний охины ингэж мөрөөдөж байгаа нь л хангалттай. Ээж аав нь аялсан юм шиг л болчихлоо” гээд учиргүй баярлаж билээ. Тэгэхээр би хамгийн хайртай хүмүүсээ сонсоод баярлахаар ганган мөрөөдөлтэй юм билээ.

гэж ирээд бичдэг байлаа. Давтагдаад л бичээд байдагсан. Гэтэл би амжаагүй ээ. Байр сав, өр зээлнээсээ давж гарч амжихгүй явсаар алдчихсан.

Ямар их харуусал гээч? Гэхдээ нэг удаа ажил төрөл хийж байгаа гэсэндээ тэдэндээ Баатарванд амрах эрхийн бичиг авч өгсөн юм. Тэгэхэд яаж баярлаж байсныг та нар харсан ч болоосой. Би амьдралдаа баярын нулимс ямар байдгийг тэгэхэд л зүрхэндээ амталж билээ. Хайртай хүмүүсийн маань баяр хөөр гэдэг л хорвоогийн хамгийн жаргалтай хором юм билээ.

Энэ агуу том мөрөөдлийнхөө хажуугаар надад зөндөө их мөрөөдөл бий. Өөрийн гэсэн өдөр тутмын хувцасны брэндтэй болохсон. Хүүхэд асрамжийн газар байгуулж өгөхсөн. Өсч төрсөн Сэлэнгэдээ тэшүүрийн талбай бариж өгөх ч юм уу, ямар нэг утга учиртай бусдад хэрэгтэй зүйл хийхсэн, ногоочдод нь зориулж зооринууд барьж өгөхсөн, гоё байгальд нь зориулж дэлхийд гайхалтай амралтын газар байгуулахсан гээд л…

Та нар бас нэгэнтээ надтай мөрөөдлөө хуваалцсан болохоор би ч бас ийнхүү хуваалцлаа.

Та нар өдөр бүр мөрөөдлөө өөртөө сануулж байхыг хичээгээрэй. Бид хэтэрхий завгүй, хэтэрхий их ажилд нухлуулж, өр төлбөртөө төвлөрч яваад яг л дээрх “ээж аавыгаа аялуулах” мөрөөдлөө алддаг шиг зүйлтэй учирчихдаг юм билээ шүү.

Та нарын бүгдийнх нь мөрөөдөл биелнэ ээ.

Cheers,

Bunny

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

Responses (1)