Happiness from The Alchemist by Paulo Coelho

expert.bunny
2 min readMay 12, 2020

--

Нэгэн худалдаачин хүүгээ аз жаргалын нууцын тухай олж мэдээд ир хэмээн гүн ухаантан руу явуулжээ. Хүү 40 өдрийн турш цөлөөр тэнүүчилсний эцэст нэгэн уулын оройд сүндэрлэх гүн ухаантны амьдардаг гэх харшид хүрэв.

Харшид ороод гэгээнтнийг хайнгаа эргэн тойрноо ажваас, үүдний өрөө нь эгээ л харш мэт том уудам талбайтай агаад энд тэндгүй хүмүүс орж гарч холхилдоно. Үүдний өрөөнд зассан томоо ширээн дээр дэлхийн бүх л амттан, хоол унд өрөөстэй. Хүмүүс хоорондоо элдвийг ярилцах нь чимээ шуугиантай агаад нэг буланд зөөлөн аязаар сифони хүртэл тоглож харагдана. Энд цугларсан бүх л хүмүүс гүн ухаант гэгээнтэнтэй асуудлаа зөвлөлдөж зөвлөгөө авахаар иржээ. Хүү өөрийн ээлжийг хүлээн бараг 2 цаг дараалалд зогссоны эцэст гэгээнтэнтэй уулзаж ямар учир шалтгаанаар түүнийг зорин эрснээ тайлбарлаж аз жаргалын нууцыг мэдэх хүсэлтэйгээ дуулгахад гэгээнтэн “ Учир явдлыг ойлголоо, гэхдээ үүнийг тайлбарлах нь урт түүх болох тул түүнд одоогоор тийм зав хомс” байгааг учирлан дараалалд цуварсан олныг зааж, түүх хуваалцах хугацаатай болох хүртэл хүүг ордноор зочлон сонирхоод 2 цагийн дараа эргэн ирэхийг санал болголоо. Гэхдээ гэгээнтэн хүүд жижиг амны халбага дээр 2 дусал тос дусаагаад гарт нь бариулж, ордноор сонирхон явж байхдаа халбаган дээрх тосыг асгалгүй авчрахыг хүсчээ.

Хүү гүн ухаантны өгсөн тостой халбагыг нямбайлан барьж нүдээ ч салгалгүй сүрлэг том ордны олон олон шат, олон олон хонгилоор тойрч 2 цаг явсны дараа эргэн ирэхэд, гэгээнтэн:

-За та тавтай зочлов уу? Хоолны өрөөний хананд өлгөөтэй байсан Перс гар урлалын хивс, мастер цэцэрлэгч 10 жилийн турш арчилж ургуулсан цэцэрлэгийг нь, номын санг чимэглэсэн ганган илгэн бүрхүүлийг нь ажиглаж амжсаныг асуухад, хүү ийм сайхан зүйлсийг нь анзаараагүйдээ бага зэрэг гэмшингүйгээр:

-Таны өгсөн тостой халбаганд хамаг анхаарлаа төвлөрүүлж, тосоо асгахгүйг хичээн явсаар энэ бүгдийг анзаарсангүй гэхэд,

-За тэгвэл одоо дахин манай ордноор зочилж энэ гайхалтай бүхнийг минь таалан болгооно уу, гэртэй нь ч гүйцэд талицаагүй хүний үгэнд итгэхэд хэцүү шүү дээ гэлээ.

Буруугаа залруулах боломж гарсанд баярлаж хүү тостой халбагаа барьсаар дахин нэг ордноор тойрлоо. Энэ удаа хүү, өнөө гайхалтай 10 жил ургуулсан цэцэрлэгийг биширч, цэцэгсийн гоо үзэсгэлэнг бахдаж, эргэн тойрон хүрээлсэн уул ус моддын гайхалтайг анзаарч, ордонгийн өнцөг булан бүрийг нарийн сонгож чамин тохижуулсныг анзаарч алмайрсаар гэгээнтэн дээр эргэн ирлээ. Хүү хана таазны нарийн сйилбэр, урлагийн бүтээлүүд, хаалганы хээ, өнөө Перс хивс гээд үзэж харж бахдсан болгоныхоо тухай тайлагнахад, гэгээнтэн:

-Халбаган дээрх тос чинь хаана байна? гэх нь тэр.

Хүү халбагаа хартал 2 дусал тос нь оргүй алга болжээ. Гүн ухаантан:

-За тэгэхээр, би чиний асуусан асуултад ганц л зөвлөгөө өгье.

‘The secret of happiness is to see all the marvels of the world, and never to forget the drops of oil on the spoon.’

“Ертөнцийн өнгө будганд нүд унагаж бахдаж явахдаа тостой халбага барьж яваагаа мартахгүй байх чинь л аз жаргалын нууц юм шүү.”

Алхимич.

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet