GODDESS
Миний ээж салхи болчихсон. Хорвоогийн хамгийн сайхан эмэгтэй байсан учраас ийм эрт тэнгэр буцаагаад авчихсан байх гэж харууслаа дэвтээдэг юм. Гэхдээ юу гээч, ээж маань яг л алдартай гоо үзэсгэлэнгийн охь тэнгэр болсон эмэгтэйчүүд шиг “ХӨГШРӨХ”-г үзэн яддаг байсан юм. Яг л Мэрилин Монро шиг… Хөгширч болох ч, газраар нэг болоод таяг, тэргэндээ тулаад, үс зүсгүй, шүдгүй, хүнгүй л бол хөдөлж дийлэхгүй болтлоо нас дарахыг л үзэхгүй юмсан гэдэг байж билээ. Ээжийн маань хүсэл биелсээн. Ээж маань өнөө л сайхан, хөвсргөр үстэй, хайрын нүдтэй, цайруу шүдтэй ганганаас ганган, эрхмээс эрхэм, хүндэлмээр биширмээр, цэх шулуун явдалтайгаараа хүмүүст дурсагдсаар одсон.
Хүн хэрхэн амьдрахаа байтугай, хэрхэн явахаа ч ингэж төлөвлөж болдог гэж үү?
Тэгээд та нарт ч хэрэг болж юуны магад гээд ээжийн маань үлгэрлэн сургасан гайхалтай зөвлөгөөнүүдийг хуваалцахаар шийдлээ.
- Хайр
Ээж маань нүүрэн дээрээ наалинхайтаж инээчихээд буруу харж мартдаг хүн байгаагүй л дээ. Ер нь бол ЭМЧ гээд Сэлэнгийн ихэнх хүн айж хүндэлнэ. Бас хүн болгон руу уурлаж хашгичаад ч байдаггүй. Гэхдээ л ээжийн эрс шийдэмгий, шулуун шударга үгнээс бүгд цэрвэж, айх гэхээсээ илүү хүндэлж харьцана. “Ээжийн үгийг сөрөх зоригтой хүнийг хаан ширээнд залсугай” шүү дээ. Хэдий гаднаасаа ингэж харагдах ч ээжийн тусыг үзээгүй архичин ч Сэлэнгэд байхгүй дээ. Бүгдэд нь л ямар нэг байдлаар тусалсан байдаг юм. Ядарсныг нь бичиг баримтжуулж элдэв тэтгэжмүүдэд хамруулж, зутарсныг нь ажилтай болгож, зүдэрснийг нь эмчилж өгсөн гээд л… “Хал нь гаднаа хайр нь дотроо” хүн байж. Ээжийг танихгүй гудамжны нохой ч байхгүй байсныг бодоход их л олонтой олны хүндлэл, хайр хүлээсэн эмэгтэй байсан юм. Ээжээсээ зөвхөн эмэгтэй хүн гэлтгүй хүн ер нь үнэн зангаа ил байлгаад үйтэн хайраараа дотроо буцлах ёстой юм аа гэдгийг харж өсжээ.
2. Үгүй
Ээжээс сурсан дараагийн маш чухал зүйл бол хэмжээгээ мэдэх. Чадахгүй, мэдэхгүй зүйлдээ үгүй гэж хэлж сурах. Чаддаг зүйлээ зааж зааварчилж өгөх. Ээж маань ажил мэргэжлийн хувьд яг ийм хатуу зарчимтай байсан болохоор ээжийн шулуун үгнээс цэрвэдэг нь олон байлаа. Ээж хэдий аман дээрээ “ингэхээр тэгж бай” гэж заагаагүй ч ээжээс сурсан хамгийн чухал эрдэм маань энэ. Хэмжээгээ мэдэх, араандаа яйжгинах, хэрэггүй дургүй хүмүүсээсээ цаг алдалгүй ангижрах, гэхдээ дотроо эхийн сэтгэлээр бүх дэлхийг хайлан урсах…
3. Сурвал сурсан шиг сур.
Ээж маань бага байхын л толгой сайтай хүүхэд байсан болохоор хоолгүй хонох нь хоолтойгоосоо цөөхөн байдаг ядарсан айлын охин байж Анагаах төгссөн байдаг юм. Хүнд хэцүү гэрийнхнээ степендний мөнгөөрөө тэжээдэг байсан тухайгаа ээж маань хуучилдаг байсан. Тийм амьдралыг үзсэн болохоор, тэндээс эрдэм номын ачаар энэ зэрэгт хүрсэн болохоор ээж нэг л зүйлийг байнга захьдаг байсан. “Сайн сур. Сурвал сурсан шиг сур.” гэж. Ээж сүүлд хэзээ хойно 50 гарсан хойноо ажлын шаардлагаар хувийн их сургуулийн нягтлан бодох бүртгэлийг оройн ангиар сурч төгссөн юм. Тэр ангид нь дүүрэн залуучууд. Ээж маань хамгийн хөгшин нь. Гэтэл ээж ангийнхнаасаа хамгийн лаг нь. Ээжээс хуулна, ээжийн материалыг ашиглана. Ээж ямар ч зүйлийг чинээнд нь тултал хийнэ. Бие даалтаа цагт нь хийнэ, даалгавруудаа алсахгүй, цагаа ягштал барина. Нэг тийм социализмийн хүмүүжил ч юм шиг… Гэхдээ энэ бүхэлдээ хувь хүний зохион байгуулалт. Ээж маань тэр их ажлын хажуугаар ангийнхаа гоц сурагч байж хоёр дахь сургуулиа зах зээлийн нийгэмд төгсжээ. Ээж “Энэ залуучууд арчаагүй ээ. Толгой муутай” гэж үглэдэгсэн. Ээжид гологдохгүй амьдрах гэдэг чинь амьдралын хамгийн том шалгуур шүү дээ. Ээжээрээ бахархаад ханашгүй юм даа. “Сурсан шиг сурах” гэдэг чинь миний ээж.
4. Алхам тутамдаа сур.
Ээж маань дандаа хэлдэг. Хорвоогийн адгийн муу хүнээс ч сурах зүйл байдаг юм шүү гэж. Бас огт таалагдахгүй, муухай зүйлсээсээ ганцхан таалагддаг зүйлээ олоод харчихад тийм ч ой гутмаар санагдахаа больчихдог юм гэж. Ээж үргэлж суралцдаг байсан байх гэж би боддог юм. Бидний өсвөр нас, ид нас бүгд ээжтэй л нягт холбоотой. Бид нарт хэзээ ч ээжээсээ холдох, хоорондоо таарамжгүй болох гэх мэт үе таараагүй. Энэ бол ээж ямар агуу ээж гэдгийн жишээ. Дүү бид хоёрын яриан дундах сүүлийн үеийн загвар, инфлюенсэр, дуу хөгжим, урлаг гээд ээж мэдэхгүй зүйл огт байхгүй. Бүгдийг нь мэдэж байна. Мэдэхгүй зүйл байвал олоод л мэдчихсэн байна. Ээжид маань үргэлж хөтөлж байсан охид нь том боллоо гээд хоцрох хүсэл байгаагүй. Ер нь алхам тутамдаа сурдаг хүн, хүүхдээсээ хүртэл сурч байдаг хүн л хэзээ ч хөшгирдөггүй, цаг үетэйгээ үргэлж хөл нийлж байдаг юм билээ. Ээжийн цаг үетэй ямар ганган хөл нийлүүлж алхдаг байсныг захын хүн хэлнэ.
Хүн хөгшрөхтэйгээ тэмцэж чадахгүй, гэхдээ хөгшрөхгүй байх сонголт бол бий. -энэ яг ээжийн маань үг.
5. Цэвэр цэмцгэр байдал
Ээж бохир завааныг тэвчдэггүй. Үргэлж л угааж арчиж явна. Дээр үед угаалгын машингүй байхад юм угаана гэдэг зүгээр л бяр шаарддаг байхад хүртэл манайх 7-с илүү хоног цагаан хэрэглэлээ солихгүй байж үзээгүй. Манай гэрийн гар нүүрийн алчуур хэзээ ч, бүр хэзээ ч муухай үнэртэй бохир байж үзээгүй. Ээж маань иймэрхүү зүйлд туйлын ач холбогдол өгч ямар ч их ажилтай, жижүүртэй, хүнд өвчтөн захиж, ядарч байсан хамаагүй угааж арчих, цэвэрлэх эзэгтэйн ажлаа хойш тавьж байгаагүйг би тод санадаг юм. Хүн нэг зүйлээ маш сайнаараа хийгээд л байхаар төгөлдөршдөг гэж үнэн. Ээж угаах дуртай, байнга угаадаг байсан болохоор ч юм уу яаж ч өнгөө алдсан муухай болсон зүйлийг ганц угаагаад л буцаад хэвэнд нь оруулчихдагсан. Бас ээж байнга л дүү бид хоёрт эмэгтэй хүн “Үргэлж цэвэрхэн дотуур хувцастай л явах ёстой. Хэрэв эмэгтэй хүн хөрөнгө оруулах ёстой бол, шинэ хувцас авах бол тэр нь дотуур хувцас л байх ёстой” гэж сургасан. Жоохон байхаасаа л төрөл бүрийн торгон, силкэн сарафан өмсөж өслөө шүү дээ. Ийм сайхан дотуур хувцас эмэгтэй хүний эмэгтэйлэг мэдрэмжийг нэмэгдүүлдэг юм шиг санагддаг шүү. Үүний тухай зөвлөгөөг эндээс.
6. Үс
Ээж маань гоё сайхан харагдах, гоо сайханд маш их ач холбогдол өгдөг байсан юм. “Хүн юунд их ач холбогдол өгч цаг зарцуулна. Түүнийхээ үр шимийг амсана.” гэж ээж хэлнэ. Ээж маань ямар ч их завгүй байсан оройд нүүрэндээ маск тавихгүй, будгаа арилгахгүй, нүүр амаа арчлахгүй унтана гэж байхгүй. Хөдөө гадаа, хээр майхан савтай хоноглохдоо ч ээж бүрэн арчилгаагаа хийж байж л унтана. Миний бүх зөвлөдөг гоо сайхны зөвлөгөө бүхэлдээ миний ээжийн зааж сургасан зүйлс шүү. Хэхэ Миний ээжийг бүх хүн “үргэлж сайхан үстэй” -гээр нь илүү сайн санана. Ээж маань төрөлхийн сайхан өтгөн хар үстэй болохоор илүү дутуу арчилгаа үсэндээ хийдэггүй ч өтгөн хөвсгөр үсээ өглөө бүр бигуди ороож хэв оруулдагсан. Ээж хэдхэн минут бигуди зүүгээд л үс нь үсчинд янзлуулчихсан юм шиг хөвсгөр болчихдог байж билээ. Ээж маань өөрт байгаа өгөгдсөн сайхан зүйлээ хэрхэн ашиглахыг ингэж сургасан. Хүн бүхэнд ямар нэг бусдаас арай илүү сайхан давуутай зүйлс заяасан байдаг. Түүнийгээ өөрийнхөө брэнд болгоно гэдэг чинь энэ!
7. Гар
Ээж хуурай арьстай болохоор нүүрээ яг л над шиг маш их арчилна. Би ээж шиг ч юм уу? Хэхэ Нүүр, хүзүүнээсээ илүү гараа арчлах гэдгийг би ээжээсээ л сурсан. Ээж хүний хүзүү, гар л яг нас илэрхийлдэг гээд гараа мөн ч их арчилдагсан. Бас гоё гартай хүн л сайхан сэтгэлтэй хүн байдаг юм шиг сэтгэлийг ээжээсээ л олж авсан байх. Ээж маань өөрөө их сайхан гартай. Харин өтөлж үрчийгээд ирэхээр гар хүртэл муухай болчих юм гээд үнэт эдлэлээр чимж эхэлсээн. Үнэт эдлэлийг, булган шуба, бусад бүх үнэтэй алт алмаазыг хүн настай болоод ирэхээрээ л Софи Лорен ээж хоёр шиг минь эдэлж нас дарсан гоо үзэсгэлэнгээ чимэх ёстой юм шиг санагддаг юм. Түүнээс бусад үед бол хүн залуу насаараа л сайхан гоёх хэрэгтэй. Булган шуба, амьтны үс зэргийг аль хэдийн буян үйлээ хийгээд үүдний салхинд өвдөг нь сийгдэг болсон хойноо үүрэх ёстой болохоос үрж чадаж байгаагаа харуулах гэж өмсөх хэрэггүй гэж боддог юм. Ээж л үүнийг үлгэрлэсэн.
8. Үлгэрлэх
Хүний хүн байх, хүн шиг хүн болох гэдэг хүмүүжил хаанаас эхэлдгийг ээж минь тодоос тод үзүүлсэн хүн дээ. Энэ бол үлгэрлэх. Манай ээж аав хэзээ ч “Чи ингэх ёстой, тэгэх ёстой, тэгж болохгүй” гэж үглэж байгаагүй. Тэрийг болно, болохгүй гэж ягштал зааж байгаагүй. Манай гэрийн хүмүүжил бүхэлдээ өөрөөрөө үлгэрлэх байсан гэдгийг та нар энэ бичлэгээс минь ч харж байгаа байх. “Хүн бусдыг ямар байлгахыг хүснэ, өөрөө тийм л байх хэрэгтэй” гэдэг бол ээжийн маань дүр зураг. Охидуудаа гоё байгаасай гэж хүсч байгаа бол өөрөө л эхлээд гоё байчих. Ажилчдаа ёс дэгтэй байлгая л гэж байгаа бол өөрөө дэг жаяг сайтай байчих гэх мэт…
9. Шинийг эрэлхийл.
Ээж “өтлөх, хөгшрөх” гэх мэт үгэнд дургүй. Тийм болохоор үргэлж л шинийг эрж хайна. Сонин содон юмс туршиж үзнэ. Таалагдсанаа бидэнд заана. Хөдөлгөөн нь багадаж эхэлвэл оройд дүү бид нартай ууланд алхана. Хоолоо хэзээ ч сойхгүй бас хэзээ ч ихдүүлэхгүй. Хүн ходоодныхоо хэмжээг мэднэ гэдэг өөрийгөө мэдэж байгаатай адил гэж үздэг. Хөгширлөө гээд зохиолын дуу сонсч, ертөнцөөс тасарч, компьютэрт бууж өгөхгүй. Бүхнийг чадна. Ээжийн насан дээр хүмүүс ийм зүйлс чаддаггүйг би хэзээ хойно л мэдсэн. Зүгээр л миний ээж болохоор л чадаж байсан юм билээ. Хайр шүү дээ. Залуус юу үзэж, сонсч, юуг даган дуурайж байгааг аль хэдийн олоод мэдчихсэн байна. Ээжид байхгүй эм, олдохгүй тан, түрхдэг тос, халдаг малгай, гарын маск, хөлийн маск, нохойн битүү туурай, ногоон хурганы арьс бүгд л байж байдаг. Хэхэ
10. Хувцас
Ээж маань Сэлэнгийн хамгийн ганган хүн байсныг хүмүүс гэрчилнэ. Мааш мэдрэмжтэй. Ээжийн хувцаслалт гэдэг бол бүхэлдээ хичээл байлаа. Ээж нас ахилаа гээд хар бараан хувцсаар шүүгээгээ дүүргэхийг яг л амиа хорлолт гэж үздэг. Хүн нас ахих тусмаа хэзээ ч, бүр хэзээ ч дан хар бараан хувцас өмсөж болохгүй гэж үздэг. Заавал ямар нэг өнгөлөг зүйлээр өнгө оруулах ёстой. Ер нь нас ахих тусмаа аль болох сонирхолтой өнгөлөг хувцаснууд өмсөх хэрэгтэй гэж үздэг. Нас ахихад ч мэдрэмжтэй байх хэрэгтэй гэдэг бол миний ээж. Хүзүү үрчлээтээд ирвэл төрөл бүрийн ганган торгон хүзүүний зүүлт алчуур хэрэглэж сурах хэрэгтэй. Гар чинь өөрт чинь таалагдахгүй болоод ирвэл олигтойхон үнэт эдлэл аваад зүүчих чадвартай бах хэрэгтэй. Гадуур хувцсандаа чанар, мөнгө үл хайрлах… гэх мэт ээжийн ганган мэдрэмжүүдийг бүтэн харж өслөө.
Ээж бол загварын, мэдрэмжийн, гоо сайхны, амьдралын, хайрын, энэрлийн ер нь хүн байхын эхлэл юм. Энэ бүхнээс гадна гэр бүл эвтэй найртай байхын тулд ширээнд сууж ширээ тойрч хооллохоос аваад өчнөөн зүйл бий. Ээжийн заагаагүй үлгэрлэсэн сая сая хичээлээр хүмүүжсэн нь, ээжийнхээ охин болж төрсөн нь л миний хүн болсны ид шид байж гэж боддог юм.
Үүрдийн хайраа зөвхөн ээждээ. Хайртай шүү ээж ээ, гээд дэлхийг дүүртэл зарламаар байна аа, ээж ээ.
“Ээж” гэдэг үг нь хүртэл үрээ аюулаас хамгаалдаг тарни гэх юм билээ. Ээжийгээ хайрлаж яваарай.
& Happy mother’s day
Bunny