GEN Z vs…
Би өөрийгөө ойлгохгүй байна. Надад, миний дотор яг юу болохгүй байгаа юм бол? Өнөөдөр яг л өчигдрийнх шигээ өөртөө дургүй хүрч, эргэн тойрны намайг гэсэн хүн бүхэнд дургүй хүрсэн хэвээрээ… Гэхдээ ямар ч хариу үйлдэлгүй. Яг л шинэ жилээр Сүхбаатарын талбайд жил бүр засдаг мөсөн баримлууд шиг. Гэхдээ энэ хөлдүү сэтгэл минь тэдгээр баримлууд шиг урсан замхрах болов уу? Өчигдөр найз охидуудтайгаа сууж байтал миний crush дээд ангийн ах бид нарыг их удаан ширтсэн. Би ахад үнэхээр, үнэхээр сэтгэл алдраад удаж байна. Байдаг л нэг дүрэм зөрчих дуртай ахлах ангийн хөвгүүн боловч түүнийг харах тоолонд энэ зүрх гээч нь цээжнээсээ үсэрч гарчих гээд байх юм. Гэхдээ найз охидуудтайгаа байхдаа энэ байдлаа мэдэгдэхийг хүссэнгүй. Жирийн л нэг явдал. Ахыг сонирхдог тухайгаа хуваалцчихвал “тэд нар шоолох болов уу, холбоод салахгүй гай болох болов уу, хүн ичээх үйлдлүүд гаргаад баригдчих болов уу” гэсээр яг энэ үнэнийг ингээд тэвчээд л өнгөрье гэж шийдсээн. Зүрх хэтэрхий чанга цохилж байгааг минь эд нар мэдчих вий дээ.
Би өөрийгөө ойлгохгүй байна. Надад, миний дотор яг юу болохгүй байгаа юм бол? Өнөөдөр яг л өчигдрийнх шигээ өөртөө дургүй хүрч, эргэн тойрны намайг гэсэн хүн бүхэнд дургүй хүрсэн хэвээрээ… Эмээ үргэлж л өмсөж зүүж байгааг минь дургүйлхэж харах юм. Яг л хамгийн дургүй хүнээ би ингэж хардаг байх даа гэж бодмоор. Яг юу нь тэгтлээ таалагдахгүй байгаа юм бол? Би чинь энэ хувцсаа өөрийнхөөрөө ингэж өмсөх гэж юу боллоо доо? Өөдөөс нь энэ чинь хувцас биш БИ ШҮҮ ДЭЭ гээд орилчихмоор. Гэхдээ чимээгүй л өнгөрлөө. Хүлээж авахгүй байгаа минь эмээгийн дургүйг улам хүргэж, үл тоож байгаа байдал минь улам л уурыг нь хүргэж байгааг мэдэж байгаа ч, яг эмээд тайлбар тавибал үүнээс долоон дор зүйл болно гэж би мэдээд байна… Ингэж бодсоор эцэстээ энэ эмээгийн дургүйлхэх нь дан ганц хувцасны асуудал биш “ЭМээ надад үнэхээр дургүй” юм байна даа л болж дуусч байх шив дээ. Хайрладаг л байх даа?
Би өөрийгөө ойлгохгүй байна. Надад, миний дотор яг юу болохгүй байгаа юм бол? Өнөөдөр яг л өчигдрийнх шигээ өөртөө дургүй хүрч, эргэн тойрны намайг гэсэн хүн бүхэнд дургүй хүрсэн хэвээрээ… Ээж гэр цэвэрлэж байхдаа миний шүтээн болсон BTS-н зурагтай утасны case-г хаячихаж… Ёооё, би үнэхээр, үнэхээр багтарч үхэх нь. Тэр case хагарчихсан байсан ч гэсэн би өдий болтол хаяагүй байгаа шалтгааны тухай бодож үзээгүй юм байх даа? Ер нь яагаад хүний юмыг хамаагүй онгичиж, зөвшөөрөл авалгүй хаячихаж байгаа юм бэ? Би тэрийг авах гэж найзуудтайгаа наймаалцах гэж юу боллоо доо, бурхан минь. Ээж BTS-с минь л хол байгаасай билээ. Багтарч үхтлээ уур хүрээд уйлчихсан чинь, барааг нь ч харж үзээгүй хүний зурагны төлөө уйллаа гээд загнаж гарлаа. Та юу хийснээ мэдэхгүй л байна даа. Ээж ээ.
Би өөрийгөө ойлгохгүй байна. Надад, миний дотор яг юу болохгүй байгаа юм бол? Өнөөдөр яг л өчигдрийнх шигээ өөртөө дургүй хүрч, эргэн тойрны намайг гэсэн хүн бүхэнд дургүй хүрсэн хэвээрээ…Манай химийн багш өнөөдөр мэйлээр нь явуулсан бие даалтын ажлыг маань үзээ ч үгүй байж муу дүн тавьсан байлаа. Яагаад? Заавал А4 цаасан дээр гараараа бичээд хураалгах ёстой байсан юм гэнэ. Тэгж байж өөрөө хийсэн үгүйг нь мэддэг юм байх. Бүхэл бүтэн техник технологи хөгжчихөөд байхад мэйлээр яагаад авчихаж болохгүй байгааг нь гайхаад барсангүй. Ядаж ингэж болохгүй гэдгээ эртхэн хэлсэн бол бичээд л өгчихнө шүү дээ. Ер нь яагаад юм бүхэн иймээс тийм БАЙХ ЁСТОЙ юм бол? Залхмаар юм аа.
Би өөрийгөө ойлгохгүй байна. Надад, миний дотор яг юу болохгүй байгаа юм бол? Өнөөдөр яг л өчигдрийнх шигээ өөртөө дургүй хүрч, эргэн тойрны намайг гэсэн хүн бүхэнд дургүй хүрсэн хэвээрээ…Инстаграмм дагагчиын тоо маань өсөлтгүйгээр уруудсаар яг 3 жил боллоо. Ер нь яагаад би эсмен ангийн Уянга шиг хөөрхөн төрөөгүй юм бол оо? Өчигдөр танилцсан бандид инстаграмаа хаягаа хэлчихвэл дагагчийн тоог маань хараад юу гэж бодох бол? Дахиж харьцахгүй бол яана аа?
Z үеийнхэн яагаад өөр байгаад, юу нь өөр болоод тэд нар сэтгэл зүйн ийм их өвчлөлтэй яваад байгааг хэдүүлээ жаахан анхаарах гэж хичээх цаг болжээ. Тиймээс дээрх бяцхан миний төсөөллийн жишээнээс харвал энэ үеийн хүүхдүүд цахим сүлжээ өргөн хөгжсөн үед өсч байгаа учраас бусдын санаа бодолд маш их анхаардаг нь тод ажиглагдана. Намайг юу гэж бодох бол, тэгчихвэл тэгээд бодчих юм болов уу, ингэчихвэл болохгүй болов уу? гээд л… Гэтэл яг ийм шилжилтийн насан дээрээ хамгийн өндөр сэтгэл хөдлөлүүдтэй байдаг. Ямар сайндаа л хүний анхны хайр гээч энэ насанд нь ирдэг дээ. Энэ чинь мааш өндөр сэтгэл хөдлөлийн үетэй нь давхцдагтай холбоотой. Гэтэл энэ сэтгэл хөдлөлүүдээ манай хүүхдүүд дарсаар байна. Дарсаар байгаад нэг мэдэхэд маш их сэтгэл зүйн өвчтэй болж байна. Бусдад муу хүн болохоос айж, бусдыг өвтгөхөөсөө эмээж бүгдий нь өөртөө хураасаар нэг л мэдэхэд тэд өөрөө учрыг нь олохгүй замбараагүй бодлуудаар дүүрч өөрсдийнхөө саруул ухааныг хордуулж байна. Яг энэ л үед гар орныхон эцэг эхтэйгээ ярьж ойлголцох хэрэгтэй байтал үеийн ялгаа, насны ялгаа, сонирхлын ялгаа, ялгааг нь ойлгохгүй байгаа ялгаанаас үүдэн олон тайлбар тавьж өөрийгөө ойлгуулж чадахгүй хураасаар байна. Томчууд нь шүүхээсээ өмнө, заахаасаа өмнө тэд нар юу үзээд, яагаад BTS шүтээд, юунд нь дурлаад, яагаад найз охидтойгоо нийлэхээ болиод, яагаад өрөөндөө ганцаараа сух болсныг нь сонирхох завгүй бас ухаангүй болсон байна.
Уг нь хүүхдээрээ л байгаа нялх амьтад шүү дээ. Зам өөрөө гарч, сургуульдаа хүргүүлэхээ больж, утас ухаж хэвтдэг болсноос л биш хүүхэд хэвээрээ л байгаа. Нялхаараа. Нөгөө л шийдвэр гаргаж чаддаггүй, хамгаалуулах хүсэлтэй, шаардлагатай, хайрлуулах эрхтэй хэвээрээ. Үүрэг үүрэхгүй эрх л эдэлдэг насан дээрээ байгаа. Гэтэл зүгээр л бие даах гэж хичээж байхад нь хаяснаас болж, том хүн болсон мэт харьцсанаас болж, том болгох гэж яарснаас болж, эсвэл төлөвших гэж ядаж байхад нь хэтэрхий хүүхэд шиг харьцсанаас болж зөрчлүүд бий болсоор…
Уг нь бүх зүйл маааш жижиг зүйлээс эхэлдэг. “Еврэй хүмүүжлийн нууц” номонд гардаг шиг айл бүр утсаа ухалгүй, зурагтаа гөлрөлгүй бөөнөөрөө ширээ тойрч суугаад хооллонгоо дурсамжуудаа, хүүхдийнхээ багын хөгтэй явдлуудыг, өөрсдийнхөө багын явдлыг, гэр бүлээрээ аялсан дурсамжуудаа ярилцахаас бүх зүйл эхэлмээр байна. Хэрвээ чи тэдний сонсч байгааг сонсч гүйцэж чадахгүй байгаа бол ядаж өөрийнхөө өөр цаг үед амьдарч өссөн өөр хүн гэдгээ ойлгуулах хэрэгтэй байна. Тэгэхгүйгээр бие биенийхээ өөр гэдгийг хүлээн зөвшөөрөхгүйгээр нэг гэрт байтугай дэлхийд ч багтахгүйг хүүхдүүд нь ч томчууд нь ч ухаарах хэрэгцээ байгаад байна аа…
Нэг цаг үед амьдарч байгаа та нартаа хайртай шүү,
Cheers,