expert.bunny
2 min readNov 23, 2020

EYES IN WINDOW

Ойрд юу байна? Цонхны амьдрал л байв уу? Хэн янгүй ээ. Цонхоор л амьдрал тольдож байх шив. Өнөөдөр ч хүйтэн байхшиг байна даа гудмаар хүмүүс бээвийж яваад байна. Өчигдөр ч хүйтэн хонож дээ, урд талын орцныхон машинаа халаагаад байна… гээд л.

Эмээ маань жоохон байхад биднийг харж өсгөсөн юм л даа. Эмээгийн чих хатуу. Өрөөсөн чихэндээ аппарат зүүнэ, хөөрхий. Гэхдээ л муудуу сонсоно. Ер нь бол сонсмоор үгээ шивнэсэн ч сонсоно, сонсмооргүй үгээ хашгирсан ч сонсохгүй. Хэхэ. Эмээ гэрт биднийг харж, хооллож ундлахаас өөр ажилгүй тул биднийг нараас нь гараад хичээл номонд явдаг болохын цагт гэртээ ганцаараа их хаягдана өө. Тэгээд эмээ өдөржин цонхоор юм уу, тагтан дээр хүмүүс харж өнждөгсөн. Тэр үед манай сум бүр л хүн багатай байсан байлгүй. Юу харагддаг байсан бол? Одооных шиг олон сувагтай зурагт, интернэт ч байсангүй. Эмээ бид нарыг байсан ч цонхон дээр л өнжинө. Хүмүүс хараад л… заримдаа бүр гагцаараа ярьж, инээж харагддагсан.

Эмээгийнхээ жаргалыг туулах юм гэж хэн санах билээ дээ? Хэхэ

https://youtu.be/k1vCrsZ80M4

Энэ оскарын шагналт богино хэмжээний киног санал болгох гээд.

Яг л бид нар шиг санагдаад…

Хүмүүс өөрсдийнхөө амьдралыг кино шиг үздэг үү? Мэдээж үгүй. Бид өөрсдийнхөө амьдралыг кино шиг харж чаддаггүй болохоороо бусдын амьдралыг харж, өөрийнхтэйгээ харьцуулж, өөрсдийн төсөөллийн киноны амьдралаа үздэг байх.

Гэтэл, явж явж, хүн бүр л кино шиг амьдралтай тэгэх үү? Хүн бүрд л зохиол бичиж, кино хийх ч багадахаар баян амьдрал бий.

Тэгж байхад хэдүүлэнд нь хүний л юм гоё харагддаг айлын бага дүүгийн шунал байсаар л байна. Яалтай ч билээ. Хэхэ

Энэ кинонд 3 хүүхэдтэй хос санамсаргүй эсрэг талын цонхны залуу хосын нууц ажлаа хийж байхад нь харснаар эхэлдэг юм. 3 хүүхэдтэй тогтсон амьдралтай хосуудад мэдээж шинэ залуу эрх дураараа наргиж цэнгэдэг хосуудын амьдрал сонирхолтой санагдаж, цонхоороо тагнаж эхэлнэ.

Гэтэл шинэ залуу, хүүхэдгүй эрх дураараа хосуудын эрэгтэй нь нэг орой өвчнөөр өөд болчихдог юм. Яг тэр мөчид цонхоор харсаар байсан нөгөө айлын эхнэр тэсэлгүй гарч очин гашуудаж буй эмэнтэйг түшихэд, тэр эмэнтэй түүнийг таниад зогсохгүй түүний хөөрхөн хүүхдүүдтэй амьдралд нь атаархаж цонхоор хардаг байснаа хэлдэг юм даа.

Ай амьдрал, гэж.

Тэгээд л би хэлээд байдаг юм шүү дээ. “ Байгаа юмандаа талархаж сур аа” гэж. Тэр чинь л бурхан багшийн бүх сургаалийн мөн чанар шүү дээ. Ум ма ни бадми хум.

Cheer,

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet