CHINGU

expert.bunny
2 min readDec 6, 2021

--

Хүмүүсийн харилцаанаас найзын харилцаа хамгийн сонирхолтой нь санагдаад байдаг юм. Хамт амьдрахгүй, нэг гэрт төрж өсөөгүй, хайр дурлалгүй тэгсэн хэрнээ хамгийн тав тухтай, өөрийнхөөрөө байж болдог харилцаа. Туйлын сонирхолтой. Цусан төрлийн холбоогүй, ав адилхан биш, бас тэс өөр биш…

Ээж аав, ахан дүүс, гэр бүл бол яахав, нэг дор өсөж төрсөн, яс сахны холбоотой хүмүүс болохоор тэрийгээ дуурайсан тийм, ийм гэх чиг шугамтай. Нэг дор төрж өссөн болохоор гэр орны хүмүүжил, сонсож, харж, үлгэрлэж өссөн нь адилхан болохоор нэг брэндийн өөр өөр өмсгөлүүд адил. Яг ялгаж, салгаж, тусад нь хэрэглэж ид шидийг нь үзэх боломжгүй. Харин хамтдаа илүү амжилттай харагддаг нэг брэндийн эдлэл шиг, нэг тийм ижил юмгүй хэрнээ ижилхэн хүмүүс. Тиймдээ ч гэр бүлийнхээ хүрээнд “хүн” хамгийн хүчирхэг, хайрлагдсан, дутуугүй мэдрэмжүүд авдаг нь аргагүй байх.

Хайртай хүн бол бас яахав, нэг гэрт төрж өсөөгүй ч нэг дор урт удаан хамт амьдарч маш их “одоо”-г хамт туулж, хайр сэтгэл гэж юмаар холбогдоод нүдээ сохолчихдог болохоор бас ойлгож болохоор харилцаа байгаа юм. Ямар нэг “тийм учраас” гээд иш татах үндэслэл ихтэй харилцаа.

Харин энэ найз нөхдийн харилцаа л их сонин. Тээглэж яваад бүдрээд нийлсэн гэхэд, хоорондоо төстэй. Тийм сонин тохиол хэдэн арван мянгад тохиолдох боломжоор нь яривал бараг л боломжгүй. Гэтэл болохоор барах уу, таарсан таар шуудайнууд. Хэхэ. Тэмээ, тэвэн алинаар нь ч тусал эдр гэж шаардаагүй байхад тээж тэтгэх сэтгэлээрээ холбогдочихсон. Сонирхол нь нэг ч бай, үгүй ч бай хамаагүй найз л бол найз. Хоорондоо адилхан ч бай, өөр ч бай хамаагүй найз. Уулзалгүй удаж ярианы сэдэвгүй болсон ч, уухаараа л залгаж амьдралаа гомдоллодог байсан ч, учрах тавилант заяаны хань шиг нь өмөг түшигт нэгэн байсан ч, байгаагүй ч хамаагүй найз л бол найз. Нэг тийм туйлын ойлгомжгүй, үндэслэлгүй, яг л нисч ирээд суучихсан эрвээхий шиг харилцаа. Түүнгүйгээр амьдарч чадахгүй биш, бас түүнтэй амьдрахад тухтай нь үнэн. “Би” -г нь дардаг, бас өөрийг нь өөрт нь ойлгуулдаг толь шиг, биелсэн мөрөөдлүүдийнх нь ихэнхийг хамт хуваалцсан дотно нэгэн. Хэтэрхий их дурсамжаа хуваалцдагтаа, хуваасандаа дээдэлдэг ч шиг…

Тээглэж яваад бүдрээд нийлсэн гэхэд, хоорондоо дэндүү төстэй. Тийм сонин тохиол хэдэн арван мянгад тохиолдох боломжоор нь яривал бараг л боломжгүй. Үнэхээр ойлгомжгүй хэрнээ хачин тухтай сонин харилцаа.

Нохойныхоо боддог шиг л хүн байчихвал болоо доо, гэдэг шиг, найзынхаа л найз байчихвал бас болоо доо.

Cheers,

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet